Ерөнхийлөгч Х.Баттулгын тулгасан хугацаанд УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарласангүй. Ерөнхийлөгчийн илгээсэн Ээлжит бус чуулган зарлах хугацааг тохиролцох тухай албан бичигт дурдсанаар бол энэ сарын 30-нд буюу өчигдөр зарлах ёстой байв. Гэвч ээлжит бус чуулганыг зарлах, эсэх нь ч эргэлзээтэй байна. Үүгээр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболдын ээдрээт харилцаа үргэлжлэх нь.
Ээлжит бус чуулганаар ул суурьтайхан хөндөх гээд буй “60 тэрбум”-ын гэх хэрэг Ерөнхийлөгчийн мөнхөд “мөлжих” сэдэв, Ардын намынхныг “авсалж” мэдэх аюул. Х.Баттулгын ярьж, гарч ирсэн, Ерөнхийлөгч болгож, ялуулсан эл сэдэв зөрчлөөс ангид байна гэж үгүй. “АТГ огт хөдлөхгүй байна” гэх гомдол нь уг байгууллагыг цаашид байлгах, эсэх талаар Төрийн тэргүүн ам нээхэд хүргэж, улмаар “60 тэрбум”-ын гэх хэргийг хянасан талаар ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтээ УИХ-д гаргасан нь ч талаар болсон. Дараа нь ард түмний санал болгосон хүмүүсийг АТГ-ын даргаар солих оролдлого хийсэн нь бүтэлгүйтэв. Түүний санал болгосон хүмүүсийг УИХ хэлэлцэхээс татгалзсан юм.
Тодруулбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн АТГ-ын даргаар Д.Даваа-Очир, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах санал нь хууль зөрчсөн гэж үзэн, хэлэлцэхээс татгалзсан. Эцэст нь ээлжит бус чуулган зарлан хуралдуулах санал тавьж, “60 тэрбум”-ын гэх хэргийн талаар нийтийн сонсгол хийж, УИХ-аар хэлэлцүүлэхийг шаардаж буй гишүүдтэй хүч хавсарсан нь энэ. Арга ядахдаа хугацаа заан тулгасан ч УИХ-ын дарга хөдлөх янз алга.
Үнэмлэхүй олонхын бүрдүүлсэн УИХ, Засгийн газартай өөр намаас сонгогдсон Ерөнхийлөгч хамтарч ажиллах амаргүй. Энэ нь адилхан ард түмнээс сонгогддог УИХ, Ерөнхийлөгч гэсэн хоёр институцийн дунд үеийн үед үүсэж ирсэн ээдрээт харилцааны нийтлэг илрэл үү. Эсвэл М.Энхболд, Х.Баттулга гэх хувь хүмүүсийн хооронд гүнзгий зөрчил байна уу. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд тэд хэрхэн “зөрчилдсөнийг” сануулъя. Тэд нэгэн зүгт харж чадахгүй байгаа нь хуулиар тогтоосон хязгаар, заагаас болов уу, эсвэл хоёр институцийг толгойлж буй хүмүүст нь асуудал бий юү
ЭХНИЙ “ЭВДРЭЛЦЭЛ”
М.Энхсайхан, С.Баяр нарыг Элчин сайдаас эгүүлэн татах талаарх Ерөнхийлөгчийн санал эхний зөрчлийг үүсгэсэн. Тэднийг чухам ямар шалтгаанаар эгүүлэн татах болов гэдгийг тойрч илүү ажил хэрэгч яриа, шүүмж өрнүүлж болох байсан ч уг асуудал албан тушаалтнууд өөр хоорондоо бичиг цаас шидэлцсэн хэрүүл болж хувирсан.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдыг эгүүлэн татах талаар зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлсэн бөгөөд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу албан тоот илгээсэн нь “хэрүүл” дагуулсан юм даг. Үндсэн хуулийн 33.1-д заасанчлан Ерөнхийлөгчийн “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” үндсэн бүрэн эрхийг булаацалдах, үгүйсгэхтэй үнэндээ холбоогүй байсан.
Гагцхүү Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Тамгын газрын дарга нь өөрийн албан тоот дээр УИХ-ын даргад санал хүргүүлсэн нь УИХ, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулсан хэрэг болсон юм. Тиймээс ч эл хэрүүл тэгсгээд намжсан.
Гэхдээ Элчин сайд нарын томилгоо тойрсон үл ойлгогдох зүйлс өнөөдөр ч үргэлжилсээр. Элчин сайд С.Баяр ажлаа өгч, М.Энхсайханыг эгүүлэн татсан ч өмнөх Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилохыг нь дэмжсэн нэр бүхий хүмүүсийг Төрийн тэргүүн нээнтэглэсээр буй. УИХ-ын дэмжсэн хүмүүсийг хүлээн авагч улс нь ч хүлээн зөвшөөрчихөөд байхад Ерөнхийлөгч илгээхгүй байгаа.
АНУ-д суух Элчин сайдад арайхийн гарын үсгээ хайрлаж, илгээсэн ч эрх баригч намын залуу боловсон хүчний төлөөлөл Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарт Ерөнхийлөгч нүүр өгөхгүй нь бололтой. Тэдний анх томилогдсон улсыг нь өөрчилж, өөр газар суулгахаар санал болгосон ч тусыг эс олов. Эл асуудлаар эрх баригчид Ерөнхийлөгчтэй ойлголцсон гэж байгаа ч Төрийн тэргүүн тас гүрийсэн хэвээрээ, Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарын нэрийг УИХ-д оруулж ирээгүй л байна.
...Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацаа дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй хамт хэрэгжинэ. Энэ удаагийн УИХ, Ерөнхийлөгч хоёрыг эв, найртай байлгах хөшүүрэг нь хуулийн өөрчлөлт биш болох нь. Магадгүй “60 тэрбум”-ынхантай эхлүүлсэн “дайн” ялалтаар дуусаж, М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас түлхсэн тохиолдолд энэ хоёр институцийн дунд эелдэг харилцаа ноёлж мэднэ...
“ХООСОН” ХОРИГ
Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилох, төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох, 2018 оны төсвийн зарлагыг бууруулах, УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зэрэгтэй холбоотойгоор холбогдох хууль, тогтоолд хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьсан ч УИХ шийдвэрээ төдийлөн өөрчлөөгүй. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой тогтоолуудад тавьсан түүнийг хоригийг УИХ хүлээж авсныг эс тооцвол бусад хориг хийгээд санаачилсан хуулийн төсөл нь хол яваагүй. Хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох болон Валютын зохицуулалтын хуульд нэмэлт оруулах тухай төслийг нь ч УИХ дэмжээгүй.
Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулах агуулгатай нэмэлт оруулахаар тусгасан Валютын зохицуулалтын хуульд нэмэлт оруулах тухай төслийг нь Ерөнхийлөгчийн зөвлөхүүд хэчнээн лоббидсон ч бүдэрчихсэн.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгон томилуулсан хүмүүсийнх нь талаар төдийлөн өөдтэй үг сонсогдохгүй байна. Цэцийн зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан гурвыг нь Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн батлаад буй бөгөөд тэднийг томилохдоо Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн нэр бүхий хуульчид Цэцэд хандчихсан байгаа.
Агаарын бохирдолтой холбогдуулан онц байдал зарлах саналыг Ерөнхийлөгч УИХ-ын даргад өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд албан ёсоор илгээсэн ч ажил хэрэг болоогүй. Ахиц гаргахгүй бол УИХ-ыг тараана гэж сүрдүүлсэн ч сүржигнээд өнгөрсөн мэт болов.
Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч, УИХ-ын хооронд Үндсэн хууль болон бусад хуулиар тогтоосон харилцаанд асуудал бий гэдгийг хуульч, судлаачид хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хүрээнд Ерөнхийлөгчийн эрхийг багагүй хэмжээгээр хязгаарлах замаар парламентаа бэхжүүлэх, эрх, үүргийг нь нэмэгдүүлэх заалт, зохицуулалт оруулахаар ярьж буй.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн хууль, УИХ-ын бусад шийдвэрт хэсэгчлэн хориг тавих, хууль санаачлах, Үндсэн хуулийн цэцээс авхуулаад шүүх, прокурорын байгууллага, АТГ-ын удирдлагыг томилоход оролцох нөлөөллийг нь хумьж, эрхийг нь хассанаар “бэлгэ тэмдэг” төдий нэгэн болгож хувиргах санаа хүчтэй цухалзаж байгаа.
Гэвч эдгээрийг хуульчилсан ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацаа дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй хамт хэрэгжинэ. Энэ удаагийн УИХ, Ерөнхийлөгч хоёрыг эв, найртай байлгах хөшүүрэг нь хуулийн өөрчлөлт биш болох нь. Магадгүй “60 тэрбум”-ынхантай эхлүүлсэн “дайн” ялалтаар дуусаж, М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас түлхсэн тохиолдолд энэ хоёр институцийн дунд эелдэг харилцаа ноёлж мэднэ.