Хүн төрөлхтөн өөрсдийн ертөнцийг таньж, ойлгож мэдэх арга зам нь харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэхүйн мэдрэхүй дээр тулгуурладаг. Эдгээрээс сонсох мэдрэхүй нь хүмүүст өдөр тутам бусадтайгаа харилцаа холбоо тогтоох, аюулыг анхааруулах, нийгмийн харилцаанд оролцох боломжийг олгодог амьдралыг таньж мэдэх харилцааны үндсэн суурь юм.
Өнөөдөр дэлхий дээр 360 сая хүн сонсголын бэрхшээлтэй амьдарч байгаагаас 32 сая нь хүүхдүүд байна. ДЭМБ эдгээр хүүхдүүдийн 60%-ийг сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Улаанбаатар хотод 2010 оны байдлаар эмнэлэгт хандан сонсголын бэрхшээлтэй гэж оношлогдон, тусламж үйлчилгээ авсан хүүхдийн тоо 5431 байсан бол 2014 онд 7302 болж өссөн байна.
Энэ эмгэгээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, зохих арга хэмжээг авснаар хүүхдийн хэл ярианы хөгжил саатах, суурь боловсрол эзэмшиж чадахгүй байх, нийгмээс гадуурхагдах зэрэг сөрөг үр дагавар үгүй болох юм.