Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүний тангараг өргөөд жил болж байна. Ард түмнээс сонгогддог албан тушаалтнуудын хувьд “томилолт”-ын хугацааныхаа эхний биш, сүүлийн хагаст ихэвчлэн амжуулдаг, эргэх холбоотой байж, иргэдийнхээ дуу хоолойг сонсох ажлыг тэр энэ нэг жилийн хугацаанд хийжээ. Ямар сайндаа л “Манай Ерөнхийлөгч 30 гэр бүл, “60 тэрбум”-ын гэх хэрэг, оффшор данстануудын талаар ярьсаар л явна” гэж хошигнох хүмүүс ч байв. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэдэг. Тангараг өргөхдөө “Иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна” хэмээн амласнаа Төрийн тэргүүн 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж, иргэдтэй биечлэн уулзаж, биелүүлж явна. Ард түмний хэлж, ярьсныг сонсвол зохих хүмүүст нь хүргэх ажлаа ч чамлахааргүй хийжээ.
Аяны дөрөө мулталж, түр амсхийх бүртээ иргэдийн санал, бодлыг түшээдэд уламжилж явсныг нь олзуурхууштай. Тэрбээр УИХ-ын ээлжит чуулганы нээлт, хаалт болон хаалттай хуралдаанд таван удаа оролцож, тухайлсан асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган зохион байгуулсан. Улмаар онц байдал зарлан агаарын бохирдолтой тэмцэх талаар УИХ-д хандсан бөгөөд утааг мэдэгдэхүйц бууруулж чадахгүй бол Цагаан сарын дараа парламентыг тараахын төлөө санаачилгатай ажиллахаа мэдэгдэж, эрх баригчдад ташуур өгч байв. Цаашлаад бөхчүүдийн маргаан, эмч, багш нарын ажил хаялт, Богдын музейн газрын маргаан гэх мэт олон нийтийн анхаарал татсан асуудлуудаар холбогдох хүмүүстэй нь уулзаж, ард түмэнтэйгээ ойр яваа Ерөнхийлөгч.
ГАДААД ХАРИЛЦАА:
“ГАВИХГҮЙ” ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮ
Тамгаа гардаж, талархлын мэндчилгээнд даруулж суухдаа Ерөнхийлөгчийн барьж авсан эхний ажил нь Элчин сайд нарын томилгоотой холбоотой. Өнөөдөр ч Элчин сайд нарын томилгоо тойрсон үл ойлгогдох зүйлс түүнээс шалтгаалан үргэлжилсээр. Төрийн тэргүүний санаачилгаар Элчин сайд С.Баяр ажлаа өгч, М.Энхсайханыг эгүүлэн татсан ч өмнөх Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилохыг нь дэмжсэн нэр бүхий хүмүүсийг Төрийн тэргүүн нээнтэглэсээр буй. АНУ-д суух Элчин сайдад арайхийн гарын үсгээ хайрлаж, илгээсэн ч эрх баригч намын залуу боловсон хүчний төлөөлөл Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарт Ерөнхийлөгч нүүр өгөхгүй нь бололтой. Тэдний анх томилогдсон улсыг нь өөрчилж, өөр газар суулгахаар санал болгосон ч тусыг эс олов.
Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн, Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг парламенттай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах эрх гагцхүү Ерөнхийлөгчид бий. Төрийн тэргүүний хувиар тэрбээр хэнтэй ч хуваалцахгүйгээр хэрэгжүүлэх эл бүрэн эрхээ хууль ёсны дагуу эдэлж байна уу гэхээс илүүтэй хэт хувийн, явцуу эрх ашгийн үүднээс хандаж байна гэж шүүмжлэгсэд харин бий. УИХ-ын дэмжсэн хүмүүсийг хүлээн авагч улс нь ч хүлээн зөвшөөрчихөөд байхад илгээхгүй байгааг нь Монгол Улсын гадаад харилцаа, бусад улстай тогтоосон дипломат хамтын ажиллагааны түүхэн дэх бүдүүлэг үйлдэл гэж дүгнэх хүмүүс ч гарсан юм.
Жүдогийн ДАШТ-ийг Унгарт очиж, үзэж сонирхсон Ерөнхийлөгч нь дэлхийн улсуудын удирдагчид жилдээ нэг чуулдаг, НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганаас хойш суухыг харсан хүмүүс “Монгол Улсын гадаад харилцаа хэрхэх бол” гэсэн асуулт тавьж байсан нь нууц биш. Одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хөршид зохион байгуулсан уулзалт, чуулганаар далимдуулан ОХУ, БНХАУ-ын аль алинд нь хөл тавиад байна. Ингэхдээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх хүсэлтээ эрс, шулуухан илэрхийлсэн нь дотоодод ч, гадаадад ч анхаарал татсан. Үр дагавар нь ямар байхыг ирэх өдрүүд харуулах биз ээ.
ХОЛ ЯВДАГГҮЙ ХОРИГ
Тэр “60 тэрбум”-ын гэх хэргийг ярьж гарч ирсэн, ялсан. Авлига авч хөрөнгөжөөгүй л юм бол орлогоо оффшор дансанд нуух шаардлагагүйг анхааруулж, шахаж ирсэн. Хөрөнгөлөг шүүгч нарыг ч орлогоо тайлагнахыг анхааруулсан удаатай. Тангараг өргөөд л ярьж эхэлсэн эл сэдвийг өнөөдөр ч хөндсөөр байгаа нь буруу биш. Гэхдээ Монголын нийгэмд дээр, дооргүй бугшсан авлигатай тэмцэх үйл ажиллагаанд бид ямар ахиц гаргав. Энэ үйл хэрэгт Төрийн тэргүүний оролцоо, идэвх санаачилга хэр бодитой байж чадав.
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийг шинэчлэхээс эхлүүлсэн түүний үйл хэрэг “АТГ огт хөдлөхгүй байна” гэх гомдлоор үргэлжилсэн. 2018 оныг “Авлигыг илчлэх, гэрч, мэдээлэгч, шүгэл үлээгч, хохирогчийг хамгаалах жил” болгон зарласны дараа Монгол авлигын индексээр даруй 16 байр ухарсан дүн ил болсон нь АТГ-ыг цаашид байлгах, эсэх талаар Төрийн тэргүүн ам нээхэд хүргэв. Харин үүнийг нь олон улсын байгууллагууд шүүмжлээд амжсан.
Тэрбээр “60 тэрбум”-ын гэх хэргийг хянасан талаар ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан нь ч талаар болсон. Адаг сүүлд нь ард түмний санал болгосон хүмүүсийг АТГ-ын даргаар солих оролдлого хийсэн нь бүтэлгүйтэв. Түүний санал болгосон хүмүүсийг УИХ хэлэлцэхээс татгалзсан юм. “Юм болгон дээр ард түмний нэрийг барьж, хууль зөрчлөө” гэх шүүмжлэлд өртсөн (Бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтэнд цаазын ялыг сэргээн ногдуулах тухай санаачилгыг нь ч ийм шүүмжлэл дагаж байв). Харин тэрбээр сая УИХ-ын хаврын чуулганы хаалтад үг хэлэхдээ “60 тэрбум”-ын гэх хэргийн талаар нээлттэй сонсгол явуулах нь зүйтэй гэх байр суурь илэрхийлсэн
нь эрх баригчдын хагаралтай холбоотойгоор нэлээд анхаарал татсан. Ерөнхийлөгч Х.Баттулга үнэмлэхүй олонх бүхий УИХ, Засгийн газартай гэхээс илүү У.Хүрэлсүх гэх улстөрчтэй гар нийлж байна гэж харах сэжим болсон. Ойрын үед “60 тэрбум”-ын гэх хэрэгтэй холбоотой ямар нэг шийдвэр гарлаа гэхэд тэр нь эрх мэдлийн төлөө яахаас ч буцахаа байсан Ардын намынхны “гавьяа” байх болов уу. Ирэх оны эхээр авлигын индексийг дахин зарлана. Тэр үед Төрийн тэргүүний хүчин чармайлтыг бодитой үнэлэх боломж нэмэгдэх буй за.
Үнэмлэхүй олонхын бүрдүүлсэн УИХ, Засгийн газартай өөр намаас сонгогдсон Ерөнхийлөгч хамтарч ажиллах амаргүй. Тэрбээр Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилох, төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох, 2018 оны төсвийн зарлагыг бууруулах, УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зэрэгтэй холбоотойгоор холбогдох хууль, тогтоолд хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьсан ч УИХ шийдвэрээ төдийлөн өөрчлөөгүй юм.
Хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох болон Валютын зохицуулалтын хуульд нэмэлт оруулах тухай төслийг нь ч УИХ дэмжсэнгүй. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой тогтоолуудад тавьсан түүнийг хоригийг УИХ хүлээж авсныг эс тооцвол бусад хориг хийгээд санаачилсан хуулийн төсөл нь хол яваагүй гэсэн үг. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгон томилуулсан хүмүүсийнх нь талаар төдийлөн өөдтэй үг сонсогдохгүй байна.
Юутай ч Ерөнхийлөгч маань эх орноо бүтэн тойрч, иргэдийнхээ үгийг сонслоо. Хамтран ажиллах багаа бүрдүүлж, шаардлагатай томилгоонуудыг ч хийв. Танилцах албан уулзалтууд ч өндөрлөлөө. Томилох, чөлөөлөхөд нь шууд болон шууд бусаар оролцдог албан тушаалтнуудтай уулзаж, ярилцлаа. Иргэдийнхээ өрийг дарахаас авхуулаад их олон амлалт шийдлээ хүлээж байна. Одоо “Танилцах дадлага”-аа дуусга, Ерөнхийлөгч өө.
Бэлтгэсэн: Б.Номин