Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын клиникийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн зочин эмч, тус тасгийг 2004 онд Ж.Чинбүрэн эмчийн хамт үүсгэн байгуулсан Франц улсын иргэн, профессор Мишель Жилетэй ярилцсан юм.
“Франц улсад хоёр, Швейцарьт нэг эмнэлэгт ажиллаж байсан. Монгол Улстай хувь заяагаа холбосондоо сэтгэл хангалуун байдаг. Өөр газарт очихыг хүсэхгүй байна” хэмээн ярих түүний сэтгэлийн чанадад Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил гэсэн ганцхан ухагдахуун байх шиг.
Өөрийн гараар бэлтгэсэн монгол мэс засалчдынхаа мэргэжлийн ур чадвараар бахархах өвгөн профессорын яриа амттай байлаа.
-Та “Алтан гадас” одонгоор шагнуулжээ. Манай улсын мэс заслын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж олгосон байна лээ. Та хэзээнээс, ямар ерөөлөөр учирч, монголчуудтай хамтарч ажиллах болсон бэ?
-Би Францад төрсөн, тэндээ их сургууль дүүргэсэн. Улсынхаа томоохон хоёр эмнэлэгт мэс заслын тасгийн эрхлэгчээр ажилласан, професоор цолтой болсон. 1991 онд Швейцарийн Лозанны их сургуулийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгчээр уригдаж, 2006 он хүртэл ажилласан. Тэр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлсэн юм.
Монгол Улстай яаж холбогдсон бэ. 2003 оноос Швейцарийн мэс заслын эмч нарын баг буюу SST Монгол Улсад ажиллах болсон л доо. Тус улс энэ төслийнхөө хүрээнд Монголд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн. Монгол Улс цаашид өөрийгөө аваад явах чадамжтай боллоо гэж үзээд Швейцарийн тал хөтөлбөрөө зогсоосон юм билээ. Үүнийг одоо Африкт эхлүүлээд байгаа.
Тэр баг 2003 онд надад Монголд ажиллах санал тавьсан юм. Эхлээд “Үгүй” гэж байсан ч, сүүлдээ “Ер нь яагаад болохгүй гэж” гээд зөвшөөрсөн. Ингээд л Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвд ажиллах болсон. Мэс заслын клиникийн захирал Эрдэнэ-Очир, одоогийн энэ тасгийг үүсгэн байгуулагч, эдүгээ клиникийн захирлаар ажиллаж байгаа Ж.Чинбүрэн эмч нар намайг элэгсэг хүлээж авсан тэр өдрөөс хойш би эндхийн хүн болсон юм.
-Та зөвхөн элэг, цөс, нойр булчирхайн тасгийн өвчтөнүүдэд л мэс засал хийдэг юм байна, тийм үү?
-Ерөнхий мэс заслын хагалгаанд ордог ч харьцангуй цөөн. Тэр тасагт Швейцарийн бусад эмч голчилж ажилладаг байлаа. 2004 онд элэг, цөс, нойр булчирхайн тасгийг анхны монгол шавь Ж.Чинбүрэн эмчтэй хамтарч үүсгэн байгуулах үүрэг ногдсон.
Түүний баг хамт олонтой энэ тасгийн өвчтөнүүдэд илүүтэй мэс засал хийсээр өнөөг хүрлээ. Монголд анх ирэхэд Хавдар судлалын үндэсний төвд элэгний том хэмжээний мэс засал огт хийдэггүй байсан юм.
Жижиг хоргүй үүсгэврүүд болон элэгний бага хэмжээний, эмтэлж авах зэрэг хагалгаа л хийдэг байлаа. Одоо бол элэг шилжүүлэн суулгаж байна.
-Энэ амжилтыг таны ач гавьяа гэж шавь нар тань хэлж байна.
-Багийн ажлын үр дүн юм. Энэ тасгийг байгуулаад, би зургаан шавь бэлдсэн. Маш өвөрмөц арга барилаар бэлтгэсэн гэх үү дээ. Европын аль ч эмнэлэгт элэг, цөс, нойр булчирхайн хагалгаа хийдэг зургаан мэс засалч нэг дор ажилладаг тасаг байхгүй. Том төвүүдэд энэ төрлийн мэс заслыг 1-2 эмч л хийдэг.
Тэгэхээр Монголын энэ тасагт зургаан мэс засалч цуг ажиллаж, бүгд мэс засал хийж байгаа нь дэлхийд маш ховор үзүүлэлт юм. Мөн бас нэг өвөрмөц юм бий. Энэ тасаг бол залуу боловсон хүчнээр баян.
Европт ч, Америкт ч 40-өөс дээш насны эмч нар элэг, цөс, нойр булчирхайн хагалгаа хийдэг. Гэтэл энд 30 нас хүрээгүй залуучууд миний шавь болж ирээд, суралцаад, одоо ажиллаж байна. Тэд Европ, Америкийнхантай адил хагалгаа хийж байна.
-Залуу хүмүүст өөрийн мэдлэг, чадварыг өвлүүлэх нь нэг талаар эрсдэл байв уу. Нөгөө талаар Монголын нөхцөлд яах аргагүй тулгамдсан асуудал байсан тул дайраад орсон байх даа.
-Эрсдэл юу байх вэ. Нэг жишээ хэлье. Европт их сургуулиудын эмнэлэг гэж байдаг. Өндөр түвшний эмнэлэг гэсэн үг. Тэнд нэг төвд нь л гэхэд жилд элэг, цөс, нойр булчирхайн 100 орчим мэс засал хийдэг. Гэтэл Монголын Хавдар судлалын үндэсний төвд энэ төрлийн хагалгааг жилд 400 гаруйг хийж байна.
Дөрөв дахин олон байгаа биз. Тэгэхээр энэ төвд дөрөв дахин олон эмч, сувилагч, ор хэрэгтэй болж байгаа юм. Мөн энэ эмч нар зөвхөн Монголдоо, надтай хамт байгаад байгаагүй. Бүгд гадаадад суралцсан. Нэг эмч нь гэхэд хоёроос, гурван гадаад хэлээр ярьдаг мундаг залуус. Тэд эх орондоо ажиллахын зэрэгцээ Америк, БНСУ, БНХАУ, Европын орнуудад ч олуул очиж суралцаж байлаа. Тэгэхээр тэднийг дэлхийн хэмжээний эмч нарын адил мэдлэг, чадвартай гэж хэлж болно.
Үнэнийг хэлэхэд, энэ тасаг анх мундаг байгаагүй. Намайг ирсэн жил зах дээрээс гутал оёдог утас авч, спиртэд ариутгаад мэс засалдаа ашиглаж байсан. Том хагалгаануудыг Швейцарь, Америк, Японы тусламжаар ирсэн утас болон тоног төхөөрөмж, багажуудыг хадгалж байгаад, ээлж дараалан гаргаж хэрэглэдэг байлаа.
Мэс засалчдын тийм байдалд дүгнэлт хийсэн Монголын Засгийн газар ч, гадаадын байгууллагууд ч эрчимтэй ажилласнаар өнөөдөр ямар ч хагалгаанд орчин үеийн, өндөр өртөгтэй тоног төхөөрөмж, багаж, утас хэрэглэж байна. Тэгэхээр бид өнөөдөр цаг үетэйгээ, дэлхий нийттэй алхаа нийлүүлэн ажиллаж байна. Тоног төхөөрөмж сайн байгаагийн ачаар залуу эмч нар олон төрлийн хагалгааг олноор нь хийж байна.
-Мэс засалчдын сургалтын талаар олонтаа ярилаа. Энэ нь онцгой, цаг хугацаа шаардсан ажил байдаг байх даа.
-Мэс заслын эмчийн сургалт гэдэг нь ажлын байран дахь сургалт байдаг. Түүнээс гадна өндөр хөгжилтэй оронд суралцаж юм үзэж, нүд тайлах хэрэгтэй. Гэхдээ миний хувьд мэс заслын эмчийн хамгийн сайн сургалт бол тохиолдол хамгийн олон байгаа газарт оношилгоо, эмчилгээг өөрөө гардан хийж сурах нь хамгийн үр дүнтэй гэж боддог. Яг үүнчлэн элэгний хавдрын өвчлөл хамгийн их, дэлхийн дунджаас найм дахин их Монгол Улсад хагалгаа хийнгээ сурсан эмч нар хамгийн чадварлаг болж хөгжинө.
Мэс засал гэдэг бол багийн ажил байдаг. Унтуулга, лаборатори, сэхээн амьдруулах зэрэг салбарын эмч, мэргэжилтнүүдийн хамтын хөдөлмөр шингэсэн амжилтыг би мэдэрч байна. Ер нь Монгол Улсад эрүүл мэндийн салбар сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжлөө. Үүний хүчээр өнөөдөр том хагалгааг, саадгүй хийж байна.
-Сайн тоног төхөөрөмж худалдаж авахад таны оролцоо байв уу?
-Дэлхийн эрүүл мэндийн технологи талд өнөөдөр Америк, Япон хоёр толгой цохиж байна. Монголын хавдрын эмч нар тэдгээр улсын үйлдвэрлэгчидтэй олон улсын хурлуудын үеэр харилцаа тогтоож, шинэ бүтээгдэхүүний талаар байнга мэдээлэл авдаг. Тоног төхөөрөмж худалдаж авах тухайд төр, засаг төсөвтөө мөнгө суулгаж байна.
Эмнэлгийн талаас ч хандив цуглуулах, сан байгуулах зэргээр хөрөнгө босгон худалдаж авч ирсэн. Би Европыг мэднэ. Мөн Монголыг ч мэднэ. Монголын Хавдар судлалын эмнэлгийн элэг, цөс, нойр булчирхайн тасгийг дэлхийн энэ чиглэлийн мэс заслынхантай харьцуулбал дутуу юм байхгүй. Магадгүй орчин нөхцөлийн зарим үзүүлэлтээр дутах байх.
Бусдаар бол хийж буй мэс заслын тоо, чанарын хувьд Европын зарим эмнэлгээс дээгүүр үү гэхээс лав доор орохгүй. Манай энэ тасгийн эмч нар гадаадын эмнэлэгт мэс засал удирдах эмчээр ажиллахыг ч үгүйсгэхгүй.
-Танд одоо санаа зовж буй зүйл байна уу?
-Зөвхөн энэ тасгийг магтаад байх хэрэггүй юм. Улаанбаатарт ерөнхийдөө мэс заслын тусламж үйлчилгээ маш сайжирсан. Гэтэл нийслэлийн дүүргүүд болон орон нутгийн эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээний чанарыг улсын III шатлалын эмнэлгүүдтэй харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай.
Энэ зөрүүг арилгаж чадахгүй бол Монголын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирсан гэх нь худлаа ярьсан хэрэг болно. Говьд, эсвэл Алтай, Хөвсгөлд байгаа хүмүүс Улаанбаатарт байгаатай адил хэмжээний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаад их харамсдаг.
Орон нутагт хүн хүндээр өвдөхөд, яаралтай тусламж авч чадахгүй байх шиг харамсалтай юм үгүй. Ингэж хэлэхэд миний нулимс дуслах шахаж байна. Монголын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хамгийн том асуудал бол энэ.
-Таныг анх Монголд ирэхэд манай улсын мэс заслын орчин, мэс засалчдын чадамж ямар түвшинд байсан бэ?
-Би 2004 онд ирээд шооконд ороогүй ч нөхцөл байдлыг хараад хамгийн түрүүн “Энэ оронд хийх юм их байна, хаанаас эхэлнэ дээ” гэж бодсон. Эхний ээлжинд би элэгний хагалгаанд өнөөдөр ч хэрэглэж байгаа маш жижгээс авхуулаад том багажнуудыг авчирсан.
Элэг тайрдаг хамгийн энгийн техникүүдийг хүртэл, өөрөөр хэлбэл хүний хэвлийг хэрхэн зүсэж нээх вэ гэдгээс А-Я хүртэл бүгдийг шавь нартаа заасан. Тухайн үед долоо хоногт хоёр, гурван удаа хийдэг байсан том хагалгааг өнөөдөр өдөрт хоёр, гурваар нь амжуулж байна. Тэгэхээр сүүлийн 15 жилд дэлхийд маш ихээр хоцорч байсан Монгол Улсын мэс заслын салбар ямар хурдацтайгаар хөгжсөнийг харж болно.
Бусад орны олон арван жил зарцуулдгаас илүү хурдаар монголчууд энэ талбарт гүйцэж ирлээ. Хийх юм их байсан. Монголчууд богино хугацаанд сурч, хангалттай түвшинд Европын өндөр хөгжилтэй орнуудын мэс засалчдыг гүйцэж ирсэнд баяртай байна.
-Та Монголд бэлтгэсэн зургаан шавиа нэрлэж болох уу?
-Чинбүрэн, Энх-Амгалан, Тайванбаатар, Мөнхбат, Дөлгөөн, Үнэнбат гэсэн эмч нар юм. Тэднийг гарын шавиа гэж байгаа юм. Гэхдээ Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын клиникийн бүх эмч миний шавь. Би илүү юм зааж сургаж чадахгүй. Одоо энэ сайхан залуусын цаг ирж байна.
Шавь нар маань хэдийнэ зарим зүйл дээр надад зааж эхэлсэн. Тэдний араас дадлагажигч, суралцагч эмч нар үргэлж явж байх ёстой. Олон байх ёстой. Харин энэ тасагт хийх мэс заслыг энэ зургаан мэргэжилтэн 20, 30 жилдээ аваад явчихна. Араас нь бэлтгэгдэх эмч нарыг Монгол орны өнцөг булан бүрт адил нөхцөл, хангамжтайгаар илгээх хэрэгтэй.
Ингэж улсдаа мэс заслыг хөгжүүлэх шаардлагатай. Бас нэг хэлэх юм байна. Монголд оношилгоо, эмчилгээ боломжийн түвшинд ирсэн. Одоо шинжлэх ухааны салбарын ажил дутагдаж байна. Судалгаа, шинжилгээ, туршилтын ажилгүйгээр эрүүл мэндийн салбар бие дааж цогцоор хөгжихгүй.
-Монголоос өөр улсад ийм тасаг нээж байсан уу?
-Үгүй. Би түрүүн хэлсэн, Франц, Швейцарь, Монгол гэсэн гурван улсад ажиллаж, энэ гурван орны усыг ууж, ёсыг дагаж амьдарсаар 80 нас хүрлээ.