Эмнэлэг барихад баярлах хэрэггүй. Ингэж хэлэхээр та гайхаж магадгүй. Манай улсад эмнэлэг ус, агаар мэт хэрэгтэй нь үнэн. Улаанбаатар хотын хүн ам 500 мянга байхад ажиллаж байсан эмнэлгүүд энэ тоо гурав дахин өсөхөд дагаад нэмэгдэж шалиагүй. Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний хүндийг ЭХЭМҮТ ганцаараа үүрч байгаа бол, төрөлжсөн нарийн мэргэжлийн хэдхэн эмнэлэг мөн л ачаалал ихтэй ажилладаг.
Гэвч хүн төрөлхтний боловсрол, хандлага, техник технологи хувьсан өөрчлөгдөж буй XXI зуунд бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол хамгийн чухал болжээ. Хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй эмнэлгийн суурь тавьж, лам залж, тууз хайчилдаг хуучин уламжлалд баясах бус, дугуйн болон гүйлтийн зам тавих, хүүхэд тоглож, хөгшид нарлах цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барихад алгаа ташъя.
Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд долоон сая гаруй хүн үзлэг хийлгэсний дөнгөж 29.1 хувь нь урьдчилан сэргийлэх, 50.7 хувь нь өвчний улмаас амбулаторид ханджээ. Харин үлдсэн хувь нь гэрийн болон давтан үзлэг хийлгэсэн байна. Монголчууд бид ниргэсэн хойно нь буюу өвчин туссаныхаа дараа л хашхирахаас урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний талаар мэдлэг, ойлголтгүйг дээрх тоо харуулна.
Хэвтэн эмчлүүлэгсэд өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөж, нас барсан хүний тоо ч нэмэгджээ. Хэчнээн олон эмнэлэг барилаа гээд хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулахгүй л бол өвчин эмгэг буурахгүй. Иргэн өөрөө өвчнөөс сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах талаар мэдлэг, ойлголт, хичээл зүтгэл үгүй бол эм тариагаар бөмбөгдүүлээд хэдий урт наслах бол. Дэлхийд хамгийн урт насалдаг япончуудын нууц нь амьдралын хэв маягаа өөрчилж чадсанд оршдог гэдэг.
Тэд эрүүл хоол хүнс хэрэглэж, бага стресстэж, амьдралын идэвх сайтай байдаг аж. Харин бид их идэж, хөдөлгөөн бага хийдэг. Агаар, ус, хөрсний бохирдлоос эхлээд амьдрах орчин таатай бус, байнгын бухимдал дунд, түүнээсээ хэрхэн ангижрахаа ч мэдэхгүй явцгааж буй. Энэ нь бидний өвчлөх үндэс болдог. Хэн нэгнээс халдварладаггүй халдварт бус өвчин ялангуяа, элэг, ходоодны хорт хавдраар нас барж буй хүн олон байгаа нь бид эрүүл мэнддээ анхаарч, бага дээр нь өвчнөө дарж чадахгүй, эцсийн шатанд оруулдгийг бэлхнээ харуулж буй. Умайн хүзүү, хөх, элэгний хавдраас урьчдилан сэргийлэх үзлэгийг эрүүл мэндийн даатгалаар үнэ төл
бөргүй хийж байгаа ч бидний хэд нь хамрагддаг билээ. Хэчнээн нь эрүүл мэнддээ санаа тавьж, халдварт өвчнөөс сэргийлэх төрөл бүрийн вакцин хийлгэдэг вэ. Гараа бохирдсон тохиолдолд угааж хэвших нь эрүүл байхын нэг үндэс гэж эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Энэ нь хэдий ойлгомжтой мэт боловч дадал зуршил болгох нь энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Хүн болгон ингэж дор бүрнээ эрүүл мэнддээ хариуцлагатай хандахаас гадна төр, засгаас
...Хэвтэн эмчлүүлэгсэд өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөж, нас барсан хүний тоо ч нэмэгджээ. Хэчнээн олон эмнэлэг барилаа гээд хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулахгүй л бол өвчин эмгэг буурахгүй...
иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр хангах, наад зах нь гүйлтийн болон дугуйн замыг хангалттай тавих хэрэгтэй байна. Чихрийн шижин, зүрх, судасны эмгэг, таргалалтын үндэс нь хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маяг байдаг гэдэг. Хэвлэл мэдээлэл ялангуяа телевизээр архи, согтууруулах, ундаа, элдэв эм, тариа хэрэглэхийг уриалсан сурталчилгааны оронд залуусыг фитнесст явах, ууланд алхах, агаарт гарах, гүйх, эрүүл, зөв хооллох, бэлгийн замын болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх мэдээллийг төрийн, төрийн бус байгууллагууд түгээхэд анхаарах цаг болжээ.
Биеийн тамир, спортын тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн даатгалаар 50 хувийн хөнгөлөлттэй үнээр фитнесст явах боломжтой болсон талаар нэг хэсэг шуугисан. Уг хууль өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж буй ч бялдаржуулах клубүүд дээрх үйлчилгээг үзүүлж байгаа, эсэх нь тодорхойгүй. Хэд хэдэн газар руу утас цохисон ч нааштай хариу өгөөгүй юм. Тухайлбал, Golden Gym, Olympus клуб нь “Хөнгөлөлттэй үнээр үйлчлэхгүй байгаа” гэсэн хариу өгөв.
Харин “Iron bulls” клуб эрүүл мэндийн даатгалтай, эсэхээс үл шалтгаалан төлбөрөөсөө 50 хувь хөнгөлж байгаа гэв.
Нийтийн эрүүл мэнд, өвчин эмгэгээс сэргийлэхэд анхаарч ажиллах ёстой НЭМҮТ энэ чиглэлийн мэдээлэл, сурталчилгаанд зарцуулах ганц ч төгрөгийн төсөвгүй юм билээ. Тус төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга О.Нандин-Эрдэнэ “Дэлхий нийтээр тэмдэглэдэг эрүүл мэндийн өдрүүд болон Үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажлыг мэдээлж, сурталчилдаг.
Иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор дуу бичлэгийн студи болон хэвлэлийн цех байгуулсан. Ингэснээр мэдээлэл, сурталчилгааны ажил эрчимжинэ. Олон нийтэд чиглэсэн ийм ажил хийхэд төсөв шаардлагатай. Гэвч манай байгууллагад хэвлэл, сурталчилгаанд зориулсан ямар ч төсөв байдаггүй. Мэдээлэл, сурталчилгааны ажлыг дан ганц манай байгууллага хариуцна гэвэл өрөөсгөл. Эрүүл мэндийг дэмжих гэдэг маш том ойлголт. Тамхи татах нь эрүүл мэндэд хортой гэдгийг мэддэг байлаа ч эргэн тойронд нь тамхи борлуулах цэг байвал энэ нь дэмжлэг болж чадахгүй.
Дасгал хөдөлгөөн хийх ёстой, дугуйгаар ажил, сургуульдаа явъя гэхэд зам нь байхгүй бол энэ нь мөн эрүүл мэндийн дэмжлэг биш болж байгаа юм. Тиймээс бид нөлөөллийн уулзалтыг бодлого гаргагчдын түвшинд зохион байгуулдаг. Манай төв хүн амын эрсдэлт зан үйл, хүчин зүйлд чиглэсэн урьчилан сэргийлэх судалгаа бүрдүүлж, шийдвэр гаргагчдад танилцуулдаг. Судалгаа бүрийн цаана зөвлөмж гаргадаг учраас бодлого тодорхойлохдоо ашиглаасай.
Нийгмийн эрүүл мэнд хувь хүнээс эхэлнэ. Хүн өөрийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Үүнийг багаас нь зааж сургах хэрэгтэй. Шүдээ зөв угаах, давс багатай хоол идэх зэрэг энгийн зөв зуршилтай болох нь эрүүл мэндээ хамгаалах нэг алхам юм. Мөн салбар хоорондын уялдаа холбоо чухал. Эрүүл мэнд, боловсролын салбар хамтран ажилласнаар нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлнэ” гэлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улс төдийгүй дэлхий нийтээр нийгмийн эрүүл мэндийг энэ салбарын тэргүүлэх чиглэл гэж үздэг. Өвчлөхгүй байх нь урьдчилан сэргийлэхтэй салшгүй холбоотой. Өвдөхгүй эрүүл байхын 80 хувь нь тухайн хүний дадал хэвшил, нийгэм, эдийн засгийн байдлаас, үлдсэн нь эрүүл мэндийн салбараас шалтгаалдаг. Өвчлөсний дараа гаргах зардал нь урьдчилан сэргийлэхэд зарцуулснаас хамаагүй бага.
Уушгины хатгалга тусаад эмнэлэгт хэвтэхэд 600-800 мянган төгрөгийн эмчилгээ хийлгэх бол энэ өвчнөөс сэргийлэх гурван тун вакцин нь 30 мянган төгрөг. Энэ бол сэргийлж болох зүйл. Сэргийлж болох өвчнөөр хүнийг өвчлүүлэхгүй байх нь чухал. Засгийн газар, Эрүүл мэндийн яам бодлогодоо нийгмийн эрүүл мэндийн асуудлыг илүү тусгадаг ч санхүүжилт тун бага. Эрүүл мэндийн салбарын зардлын 80 орчим хувийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулдаг.
Өвчин хэлж биш, хийсэж ирдэг гэдэг үг одоо үед эсрэгээрээ болсон. Ямар нэг шинж тэмдэг, зовиур илэрснийг тоохгүй явсаар өвчнөө хүндрүүлж байна. Элдэв аминдэм уухаас илүү амьдралын зөв хэвшилтэй болбол дархлаа сайжирдаг. Номхон далайн баруун бүсийн орнуудад манай улс хамаардаг учраас тэдний нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог багагүй судалсан.
Засгийн газраас нь зарцуулах хөрөнгө өндөр, архи, тамхины татвар их, иргэдээ чийрэгжүүлэх, эрүүл аж төрөхөд сурталчилсан мэдээлэл түлхүү өгдөг юм билээ. Урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр өвчлөхгүй байх мэдээлэл олгох, үүнийгээ мэдлэг, дадал болгоход нь шат дараатайгаар удаан хугацаанд явуулдаг юм билээ. Мөн хүрээлэн буй орчныг ээлтэй болгох, иргэдийнхээ сэтгэл зүйд голчлон анхаардаг. Манай улсын 5-14 насны дөрвөн хүүхдийн нэг нь амиа хорлох тухай бодож байсан гэсэн судалгаа байдаг. Энэ нь иргэдийн сэтгэл зүйд анхаарч ажиллах цаг болсныг харуулж байна” гэсэн юм.
Манай улс нийгмийн эрүүл мэндийг салбарынхаа тэргүүлэх чиглэл хэмээн 1960-аад оноос хүлээн зөвшөөрсөн ч нийтийн сайн сайхан, эрүүл мэндэд зориулсан дорвитой ажил хийсэн нь тун цөөн. Эрүүл мэндийн боловсролгүйгээс иргэд өвчнөө хүндрүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байна гэх боловч энэ чиглэлийн мэдээлэл олгох хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан түүхтэй.
Харин ирэх есдүгээр сарын 1-нээс тавдугаар ангийн сурагчдад заахаар сургалтын хөтөлбөрт тусгасан гэнэ. Мөн бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, бэлгийн ариун цэвэр сахих, нөхөн үржихүйн буюу гэр бүл төлөвлөлт, хэдэн насандаа хүүхэд төрүүлэх нь хамгийн зөв болохыг бүх нийтэд таниулж, эрүүл мэндийн боловсрол олгох аж.
Энэ онд шинээр 28 эмнэлэг, ашиглалтад долоон барилга оруулахаар төлөвлөжээ. Тэдгээрийн ихэнх нь орон нутагт баригдах юм байна. Эмнэлэг барих нь мэдээж зөв. Гэхдээ иргэдийн хандлага, дасгал хөдөлгөөн хийх таатай, эрүүл орчин бүрдүүлсний дараа эмнэлгээ шинэчилбэл ямар вэ.