Эмч мэргэжилтнүүдийн дунд бэлгийн цөөнх буюу ЛГБТ хүмүүс, хөгжлийн бэрхшээл, үндэс угсааны цөөнхийн талаар үнэн зөв, шинжлэх ухаанч мэдлэг, ойлголтыг сайжруулах, ЛГБТ болон бусад цөөнх хүмүүсийн онцлог хэрэгцээнд тулгуурласан эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой чуулган өнөөдөр болох гэж байна. Тодруулбал, Монгол дахь Австралийн Элчин сайдын яам болон Эрүүл мэндийн яамын хамтарсан “Эрхэд суурилсан эрүүл мэнд” цөөнхийн эрүүл мэнд, эрхийн чуулган Чингис зочид буудалд нээлтээ хийнэ.
Чуулганд цөөнх бүлгүүдийн эрүүл мэндийн үйлчилгээг хүний эрхийн нүдээр харж эрүүл мэндийн эрх, олон нийтийн хөгжлийн асуудлаар ажилладаг эмч, мэргэжилтнүүд, судлаач, багш нар, ЛГБТ хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ТББ-ууд болон бие даасан мэргэжилтнүүд хамрагдах юм. Тэд:
- Ази номхон далайн бүсийн ЛГБТ олон нийт, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийг хүндлэх нь тэдний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх хүчин зүйлс болох тухай;
- Бэлгийн мөн чанар, хүйсийн баримжаа болон хөгжлийн бэрхшээл гэх мэт ялгаварлан гадуурхагдсан асуудлуудыг шийдвэрлэх гарцыг хайх, хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг хэлэлцэх, төрд хүргүүлэх;
- НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын “хэнийг ч орхигдуулахгүй” зарчмыг Ази номхон далайн бүсийн дунд болон дундаас доогуур орлоготой орнуудын хувьд хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ.