Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд төр, засагт хандан цалингаа нэмүүлэхээр тэмцэн, санал, шаардлага хүргүүлж, жагсаал, цуглаан, ажил хаяхын өмнөх суулт хийсэн ч үр дүнд төдийлөн хүрээгүй.
Эрүүл мэндийн яамтай “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны нэмэлт хэлэлцээр” байгуулсан ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг бүртгэхээс татгалсан хариу ирүүлсэн нь тэмцлийг хурцатгахад хүргэсэн аж. Одоогийн байдлаар нийслэлийн 20, орон нутгийн 11 эмнэлгийнхэн ажил хаяхаа мэдэгдсэн гэнэ.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Нэмэлт хэлэлцээрт эмч, сувилагчдын цалин нэмэх, нийгмийн байдлыг сайжруулах талаар заалт бий. Үүнийг С.Чинзориг сайд хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ асуудлыг маргааш (өнөөдөр) Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэсэн. Эерэг хариу гарахгүй бол ирэх долоо хоногийн лхагва гарагаас ажил хаяна” гэв.