ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасгийн их эмч Б.Чинзоригтой ярилцлаа.
-Энэ асуултыг танаас олон хүн асуудаг байх л даа. Яагаад эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил сонгосон юм бэ?
-Би айлын ганц хүүхэд хэдий ч миний эргэн тойронд эмэгтэй хүн олон байв. Нийслэлийн 18 дугаар дунд сургуульд Г.Баярмаа багштай, химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурсан юм. Манай анги долоон эрэгтэй хүүхэдтэй байлаа. Аравдугаар ангид ороход хөвгүүдийн тоо бүр цөөрсөн.
Г.Баярмаа багш минь эмч болох хүсэл эрмэлзлийг анх төрүүлсэн дээ. Их сургуульд ч ялгаагүй таван эрэгтэй оюутантай анги төгссөн. Энэ бүхэн нөлөөлсөн болов уу. Эмэгтэй хүнд тусалдаг мэргэжил эзэмшье гэж шийдсэн. Ингээд АШУҮИС-д зургаа, нарийн мэргэжил эзэмших гэж 1.5 жил сураад эх барих, эмэгтэйчүүдийн эмч болсон. 2011 оноос ЭХЭМҮТ-д ажиллаж байна.
-Та аль тасгаас ажлын гараагаа эхэлсэн бэ?
-Тухайн үед нарийн мэргэшил эзэмшээд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр хоёр сар ажилласан. Харин нэг өдөр одоогийн Эх ургийн анагаах ухааны төвийн тэргүүн, Гавьяат эмч С.Хишгээ утасдаад “Ирж уулз” гэв. Яваад очтол “ЭХЭМҮТ-д ажилд орох уу” гэж асуулаа. Би ч баярлаад шууд зөвшөөрсөн. С.Хишгээ багш минь намайг Төрөх тасагт Ж.Энхтуяа эмчийн удирдлага доор хуваарилсан даа. Энэ төрөх тасагтаа дөрвөн жил гаруй ажиллан, их зүйл сурч мэдэж, дурсамж дүүрэн үеийг өнгөрүүлжээ.
-Анх хүүхэд эх барьж авахад ямар мэдрэмж төрж байсан бэ. Сандарсан уу?
-Резидент эмч буюу нарийн мэргэжил эзэмшиж байхдаа, жижүүрт хонож, эх барихад их тусалдаг байлаа. Анх эх барьж авсан хүүхдийн болон ээжийнх нь нэрийг бичиж тэмдэглэж авсан ч сайн санадаггүй юм. Эхийн хоёрдугаар тасагт дадлагажиж байхдаа нэг хүүг эх барьж авсан минь сэтгэлд хамгийн тод үлдсэн юм. Тэгэхэд Оюунаа эмч хэрхэн эх барьж авах талаар зааж, олон асуулт тавьж байсан болохоор тухайн үеийн явдал санаанаас ер гардаггүй. Эхэн үедээ их сандардаг байлаа. Одоо арай л багассан уу гэхээс, сандрахгүй байна гэж үгүй. Эх эсэн мэнд амаржтал сэтгэл байнга зовнидог доо.
-Их сургуульд үзсэн онолын хичээл, ажлын талбар дээр гарахад зөрдөг шүү дээ. Ийм асуудал тулгарч байв уу?
-Онол, практик зөрдөг гэдэг ч бидний мэргэжил илүү тодорхой байхыг шаарддаг. Дагаж мөрдөж буй стандарт, удирдамж нь дэлхийд батлагдсан учраас тэр л зарчмаар явдаг. Тиймээс онолоос зөрөх тохиолдол бараг үгүй. Гол нь тухайн удирдамжийг хэрхэн, яаж ашиглаж байгаагаас ялгаа гарах байх.
-Та мэргэжлээрээ долоон жил ажиллаж байна. Энэ мэргэжлийг хэрэггүй сонголоо гэж харамсах, шантрах үе байсан уу?
-Байлгүй яах вэ. Эмчилж буй хүний бие муудах, цус алдах, хянаж байсан эхийн ураг гэнэт амьгүй болоход үнэхээр хэцүү. Ийм мэдээг тухайн ээжид хэлнэ гэдэг маш түвэгтэй. Хүүхэд нь эрүүл саруул төрчихөөд байхад ээж нь цус алдаад, амь нас нь дээсэн дөрөөн дээр очиход шантармаар санагдана шүү. Олон чадварлаг эмч, ахмад үеийнхэн минь зааж зөвлөж, дэмждэг тул би өдий зэрэгтэй байна. Надад зааж сургаж байсан бүхий л ахмад эмч нартаа энэ дашрамд баярлаж талархаж явдгаа хэлье.
-Дөнгөж төрсөн хүүхдийн уйлах дууг сонсох, хөхөө амлаж буй нярайг харах хамгийн сайхан гэж эмэгтэй эмч нар ярьдаг юм билээ. Ажлын тань юу нь хамгийн сайхан бэ?
-Төрсний дараа хүүхэд уйлаад, ээж нь инээж байгаа нь л хамгийн гоё. Үүнээс өмнөх үе бол хэцүү шүү дээ. Эмэгтэй хүнд тус болох гэж ийм мэргэжил эзэмшсэн ч төрөхийн өмнөх өвдөлт нь физиологийн үйл явц болохоор яах ч аргагүй. Өвдөж буй эмэгтэйчүүдийн шаналах дууг сонсох амаргүй шүү.
-Эх барьж авсан хүүхдээ тоолж байв уу?
-Эхний таван жилд нэртэй нь дэлгэрэнгүй бичиж тэмдэглэдэг байлаа. Одоо төрөх тасагт ажиллахгүй болохоор нарийн тоо хэлж мэдэхгүй юм. Тайлан мэдээнээс харахад өнгөрсөн онд 7136 эхийн төрөх үйл явцад оролцжээ. Манай тасагт төлөвлөгөөт кесарево хагалгаа олон хийдэг тул ихэвчлэн ийм мэс засалд оролцож байна. Эх барих эмч гэхээр хүмүүс хамгийн гол үүрэгтэй гэж ойлгодог. Багийн тусламж учраас хүн бүр үүрэгтэй оролцдог. Эмч төрөх явцыг удирддаг бол эх баригч хүүхдийг тосон авч, хүйг нь хөндөнө, нярайн эмч анхны тусламж үзүүлэх жишээтэй.
-Эрсдэлтэй жирэмсний тасагт голдуу ямар шалтгаантай эмэгтэйчүүд эмчлүүлдэг вэ?
-Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бүх л хүн энд ирдэг. Манай эмнэлэг 1988 онд байгуулагдсан. 30 жилийн ойгоо энэ намар тэмдэглэнэ. Эрдэм шинжилгээний хурал, баримтат кино бүтээх гээд ажил ундраад л байна. ЭХЭМҮТ нь Зүрх, судасны эмгэгтэй, дутуу төрдөг эрсдэлтэй, сөрөг цустай тэр нь хүндэрсэн, үр шилжүүлэн суулгасан, ураг нь төрөөд нярайн мэс заслын тусламж шаардлагатай ээжүүдэд бүх л төрлийн тусламж үзүүлдэг улсын хэмжээний цорын ганц гурав дахь шатлалын эмнэлэг. Харьяаллын болон нийслэлийн амаржих газрууд, орон нутагт төрөх боломжгүй хүндэрсэн ээжүүдийг бүгдийг нь хүлээн авч, тусламж үзүүлдэг.
-Улсын хэмжээнд ганц эмнэлэг учир ачаалал их байдаг уу?
-Ачаалал ихтэй. Хаврын улиралд хүний дархлаа суларсантай холбоотой жирэмсэн эхчүүдийн хүндрэл нэмэгддэг юм. Тэр үед манай тасгийн коридорт 4-5 ээж хонох тохиолдол бий.
-Эмэгтэйчүүдийн дунд өвчлөл их байна гэх юм. Ямар өвчин зонхилж байна вэ?
-Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэж улсаас олон арга хэмжээ авч, хэрэгжүүлж буй ч өвчлөл, эндэгдэл тоон мэдээнээс харахад төдийлөн буурахгүй байна. Хүн амын нягтрал ихтэй учраас элдэв өвчин газар авсаар байгаа юм. Намайг сурагч байхад л “Бэлгийн ариун цэврийн талаарх мэдлэг иргэдэд дутмаг байна. Энэ нь эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин нэмэгдэхэд нөлөөлдөг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл мэндийн хичээл заая” гэж ярьдаг байсан.
Оюутан байхад ч багш нар энэ тухай ярьдаг байв. Ажил дээр гарсан хойно ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж л байна. Эрүүл мэндийн боловсрол олгох талаар манай улс бодлого баримталж буй ч хэрэгжүүлэх үйл явц нь удаашралтай байх шиг. Дутуу төрөлтийн тоо сайн буурахгүй байгаагийн шалтгаан нь халдварын эрсдэл зонхилсон хэвээр байгаатай холбоотой. Жирэмсний хавсарсан эмгэгийн дунд бөөр, шээсний замын халдвар одоо хүртэл тэргүүлэх байранд хэвээрээ байна.
Манай улс Мянганы хөгжлийн зорилтод тусгасан эхийн эндэгдлийг бууруулах зорилтоо биелүүлж чадсан нь ахмад эмч нарын гавьяа. Энэ зорилтод хүрэхэд ДЭМБ-аас гаргасан жирэмслэлт, хүндрэлийг бууруулах зөвлөмж, удирдамжийг анх Гавьяат эмч С.Хишгээ бусад эмч нарын хамт орчуулж, ижил мэргэжлийн эмч нартаа тараан, дамжуулсны үндсэнд эхийн эндэгдлийг бууруулахад их хувь нэмэр оруулсан гэж боддог. 1990 онд болон одоо гарч буй эхийн эндэгдлийн шалтгаан нь тэс өөр. Эхийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд одоо зүрх судас, бөөр, шээсний зам, элэгний өвчин нөлөөлж байна.
-Жирэмсэн эмэгтэй юунд илүү анхаарах хэрэгтэй юм бол. Аминдэм уух нь зөв үү?
-Манай хүн амын хүнсний сагсан дахь бүтээгдэхүүний нэр, төрөл цөөн учир жирэмсэн эмэгтэйн авах ёстой аминдэм бага байдаг. Энэ утгаар харвал жирэмсэн эмэгтэйчүүдэд аминдэмийн хэрэглээ зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гэхдээ энэ талаар хийсэн томоохон судалгаа манай улсад байхгүй. Жирэмсэн эмэгтэй фолийн хүчил уух хэрэгтэйг дэлхий дахин баталсан. Энэ аминдэм нь ургийн гажиг үүсэх, дутуу төрөх эрсдэлийг бууруулдаг. Фолийн хүчил, төмөр, кальцийн бэлдмэл заавал уух хэрэгтэй гэдгийг ДЭМБ-аас зөвлөсөн.
-Хэд хэдэн улсад очиж мэргэжил дээшлүүлсэн гэж сонссон юм. Манай улсын эх, хүүхдийн тусламж үйлчилгээ ямар шатанд байна гэж харсан бэ?
-Японд эх баригч, БНСУ-д эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын чиглэлээр суралцсан. Энэ жил хоёр сарын хугацаанд ихрээс ихэрт цус юүлэгдэх хам шинжийн үеийн мэс засал эмчилгээний чиглэлээр номын дуу сонсоод ирлээ. Манай улсын эмч нарын тусламж, үйлчилгээ хаана ч гологдохгүй. Ургийн гажиг илрүүлэх шинжилгээг хөгжилтэй аль ч улстай адил түвшинд хийж байна. Мэдээж үнэ өртөг ихтэй шинжилгээ ялгаатай. Тухайлбал, эхийн цуснаас ургийн хромсомыг ялган авч гажиг илрүүлдэг багаж төхөөрөмж алга. Өртөг ихтэй багаж төхөөрөмж нь байхгүй учраас яалт ч үгүй гадаад руу явж эмчлүүлж байна.
-Сурсан зүйлээ хэрэгжүүлж байна уу?
-2015 онд Японд сурч ирээд дарга болон хамт олондоо сурсан зүйлээ сонирхуулж, төрөлт сэдээх аргын тоог нэмэгдүүлэх саналаа танилцуулсан. “Уншиж судлаад манай эмнэлэгт хэрэглэх, боломжтой, эсэхийг үндэслэлийг нь гаргаад ир” гэж удирдлагаас үүрэг өгсөн юм. Төрөлтөд умайн хүзүүг бэлтгэх аргыг урьд нь манайд хэрэглэж байсан юм билээ. Гэхдээ тэр аргыг нь илүү хялбаршуулан, дэлгэрүүлсэн удирдамж гаргасан.
Одоо манай эмнэлэгт хэрэглэж байгаа. Харин ургийн дурангийн мэс заслын багаж төхөөрөмж нь байхгүй учраас хараахан нэвтрүүлээгүй байна. Ихрээс ихэрт цус юүлэгдэх хам шинжийн мэс заслын эмчилгээний талаар сурч мэдсэн тайлангаа биччихсэн. Ихэр хүүхдүүд ээжээсээ хоёулаа адил 100 хувь цус авч, өсөх ёстой. Гэтэл нэг нь арай бага цус авах тохиолдол бий. Тухайлбал, нэг хүүхдэд нь 80, нөгөөд 120 хувь цус очих жишээтэй. Ингэж тэжээл байнга дутуу авсаар эцэст нь амьгүй болох аюултай.
Цус хуваарилалтын алдагдал нь ургийг тэжээж буй судаснуудын хооронд эмгэг судасжилт үүсгэн, түүгээр дамжуулан нэгэнд нь илүү цус очиж буй үйл явц юм. Энэ тохиолдолд буруу хуваарилж буй эмгэг судсыг дурангаар түлж, таслах арга суралцаж ирсэн. Энэ нь анагаах ухаанд сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж буй ургийн мэс заслын эмчилгээний дундаас хамгийн өндөр үр дүнтэй арга юм. Манай улс гадаадад эмчлэгддэг өвчний жагсаалтыг жил бүр гаргадаг.
Заавал гадаадад эмчлүүлэх өндөр өртөгтэй өвчний тоонд энэ эмгэг орсон байдаг. Хилийн чанадад эмчлүүлэх өвчний тоог багасган, Монголдоо анагаадаг болох Засгийн газрын зорилтын хүрээнд хоёр эмч сургасны нэг нь би. Багаж, тоног төхөөрөмжтэй болохоор энэ аргыг нэвтрүүлнэ. Өнгөрсөн онд ийм тохиолдол 10 орчим гарсан дүн бий. Эмчилгээ байхгүй учир хянаад л явдаг. Хоёр нь гадаад руу явж эмчлүүлсэн байна лээ. Харамсалтай нь, амьдралын боломж тааруу нь мэдсээр байгаад нэг хүүхдээ алдаж байна.
-Удахгүй тав дахь хүүхдээ өлгийдөх юм билээ. Хүүхдээ эх барьж авч байв уу?
-Үгүй ээ. Ууган хүүхдээ төрөхөд сургуулиа дөнгөж төгсөж байлаа. Удаах хүүхдээ мэндлэх үед резидент эмч байсан. “Өргөө” амаржихад эхнэрээ хүргэж өгчихөөд хоол, цай хийх зуур төрчихсөн. Гурав дахь минь мөн л ажлаа хийж байхад мэндэлсэн. Эхнэрийнхээ дэргэд байя гэж санасан ч эх барьж авъя гэж боддоггүй. Хутга хэдий хурц ч ишиндээ хүрэхгүй гэж боддог. Харин дөрөв дэх хүүхдээ төрөхөд дэргэд нь байсан. Дараагийн хүүхдээ төрөхөд хажууд нь байна гэж бодож байгаа.
-Эхнэртээ хэр зөвлөгөө өгдөг вэ. Мэргэжлийнхээ ашиг тусыг гаргана биз дээ?
-Эмэгтэй хүнд туслах зорилгоор энэ мэргэжлийг сонгосон гэж дээр хэлсэн. Бусад өвчин, эмгэгийн үед ч эмэгтэй хүн ялгаагүй өвдөөд л тусламж авч байгаа. Гэхдээ л эмэгтэйчүүдийн эмч болбол илүү туслах юм байна гэж бодсон. Харин эхнэртээ энэ тал дээр тусалж чаддаг, эсэхээ хэлж мэдэхгүй юм. Загасчны морь усгүй гэдэг шиг эхнэртээ юм хэлэх хэцүү. Мэдээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг болчихдог. Миний хэлэхээс илүү хяналтынхаа эмчийн үгэнд орно шүү дээ. Энэ дашрамд, эмнэлгийнхээ хамт олонд эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Цаг үеийнхээ хамгийн шилдэг эмч нартай хамт ажиллаж, суралцаж буйдаа бахархдаг.