Ааш муутай өвгөнийг өдөр бүр уурлуулан, амь дүйн хашаа руу нь орж, өл залгуулдаг зэрлэг амьтдын тухай өгүүлдэг “Петер туулай” гэдэг кино бий. Эрх дураараа амьдардаг байсан газраас нь хүмүүс таллан хашаалж, хоолыг нь өөрсдийн өмч болгосон учраас тэд өлсөж үхэхгүйн тулд тийнхүү өдөр бүр “дайралт” хийдэг юм. Петер хэдэр өвгөнд алуулахын даваан дээр амийг нь аварсан эмэгтэй “Бид тэдний газраас авч, явах талбай, идэх хоолгүй болгосон. Ядаж хашааныхаа хаалгыг түгжилгүй тэдэнд чөлөөтэй харайх боломж өгөх хэрэгтэй” гэдэг. Харамсалтай нь, өнөөх өвгөн “Энэ миний газар” гэж гөжүүдлээд, ихээхэн уршиг тарьдаг.
Энэ кинонд гардаг шиг хачин явдал Улаанбаатар дахь эмнэлгүүдэд тулгараад байна. Эмнэлгүүдийг зэрлэг амьтадтай жишиж болохоор. Тэд газраа булаалгаж, гарцаа таглуулсан учраас тэр.
ГССҮТ-ийн гарц
- Орж, гарах ганцхан гарцтайн уршгаар хүний амь эрсдэх зэрэг аюул учрахад ойрхон болжээ -
2013 онд нийслэлийн холбогдох албаныхан хийсэн судалгаанаас харахад газар нь нөлөөлөлд өртөөгүй эмнэлэг үлдээгүй байв. Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхны хэлснээр, эл нөхцөл байдал одоо ч сайжраагүй аж. Дүүргүүдийн эмнэлгээс авахуулаад ихэнх нь газраа алдаж, барилгаар хүрээлүүлсэн гэнэ. Тухайлбал, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн долдугаар төв хашаагаар хүрээлэгдсэний улмаас ганцхан гарцтай болсон. Баянзүрх дүүргийнх нь үүнээс нэг их дээрдэхгүй.
Үүний уршгаар эмнэлгүүд бараг л “хөл хорионд” орчихож. Ялангуяа ачаалал ихтэй, гуравдугаар шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлж буй хүмүүс орж, гарах ганц гарцан дээр нь түгжирсээр. Эмнэлэгт шуурхай хүргэх ёстой өвчтөн авч яваа яаралтай тусламжийн машинууд нь ч хол зай туулж байна.
Эмнэлэг улсын онцгой объектод тооцогддог. Тийм ч учраас гадаадын улсууд эмнэлгүүдийнхээ ойр тойронд барилга бариулдаггүй, түргэний машин нь баруун, зүүн гээд аль ч талаас нь орох боломж бүрдүүлдэг жишигтэй. Мөн өвчтөнүүддээ зориулан цэцэрлэг байгуулдаг. Гэтэл манайд эсрэгээрээ, ганц сүүдрэвч хийх нь битгий хэл эмнэлгийн газраас “хумсалж”, барилга бариулаад, орц гарцыг нь таглаж байна.
Осолд орсон, амь нь хормоор хэмжигдэж буй хүмүүсийг хүлээн авдаг улсын ганц эмнэлэг нь ГССҮТ. Тус эмнэлэг өдгөө хоёр гарцтай, үүгээрээ бусдаасаа арай дөнгүүр. Гэвч сул зогсоол хайж, гэлдрэх хүмүүс гарцанд нь хүртэл түгжрэл үүсгэдэг аж. Угаасаа тухайн орчмын замын хөдөлгөөний ачаалал гойд их байдаг тул түргэний машинууд ороход бэрх гэдгийг ажилтнууд нь хэлдэг. Уг нь хэдэн жилийн өмнө уг эмнэлэг рүү дөрвөн талаас орж болдог байж. Мөн хэдэн машин ч зогсоож болохоор талбайтай байжээ. “Эмнэлгийг тойруулан орон сууц, үйлчилгээний барилга барьсны уршгаар өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Барилгын эзэд шууд л хашаагаа хатган, орц, гарцыг хааж орхидог. Хүнд өвчтөн тээвэрлэж явахад эмнэлэг рүү заавал тойрч орох бэрхшээл бий” гэж тус эмнэлгийнхэн ярьсан.
Улсын гуравдугаар төв эмнэлэг автомашин орох ганцхан орц, гарцтай. 2000 оны дунд үеэс эзэмшил газраас нь хэсэгчлэн худалдсаар улмаар явган хүн алхах зайгүй шахам болтлоо барилгуудаар хүрээлэгджээ. Нэг үе тус эмнэлгийнхэн хаалгагүй, бараг л өвчтөнөө авч чадахгүй хэмжээнд хүрч байсан талаар тэнд ажилладаг хүмүүс ярив. Одоогийн ашиглаж буй гарцыг эмнэлгийнхэн өөрсдөө гаргажээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн гаднах байдал
“Хотын үе үеийн удирдлага, эмнэлгийн эрх мэдэлтнүүд эзэмшил газрыг бусдад шилжүүлсний уршгаар өргөтгөл барих боломжгүй болсон. Тэр ч байтугай гарцаа өргөсгөж, зогсоол байгуулах боломж алга. Эмнэлгийн удирдлага барилгын эзэдтэй ярилцаж байж гарцтай болж байлаа. Орон нутгаас ирсэн хүмүүс манай эмнэлгийг олоход бэрх. Урд барьсан том байшингууд манайхыг хаачихсан. Нэмэлт орц, гарц хэрэгтэй байна. Даанч сул газар олдохгүй биз” хэмээн тус эмнэлгийнхэн ярьсан юм.
ХӨСҮТ-ийнхөн ч эднийхтэй ижил зовлонтой. Хойд хаалгаар нь явган хүн л орох боломжтой. Эмнэлгийн хашаанд барилга барьснаар ийм хэмжээнд тулжээ. Тус эмнэлэг “Нарантуул” худалдааны төвтэй ойр, тухайн хэсэгт байнга ачаалалтай байдаг. Үүний улмаас яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай өвчтөн авчрахад бэрхшээлтэй байдаг гэнэ. Тус эмнэлгийнхэн “Уг нь манайх онцгой бүс. Олон төрлийн нянгийн эмчилгээ хийдэг учраас тэр. Гэтэл хашаан дотор орон сууц барьчихсан. Ер нь эмнэлэгт өвчтөнүүд зөвхөн түргэний машинаар ирдэггүй. Өөр эмнэлгээс, гэрээсээ гээд хаанаас ч ирж болно. Тиймээс ачааллыг нь тооцож, орц, гарцыг шийдэх хэрэгтэй” гэлээ.
Өдгөө хамгийн том бэрхшээлтэй, бараг л хаалгагүй шахам болсон эмнэлэг нь ХСҮТ. Эднийх хавдраар өвчилсөн хүмүүсийг эмчилдэг улсын ганц эмнэлэг бөгөөд байнга цацраг идэвхт үүсгэвэр ажиллуулдаг, химийн хортой эм, бэлдмэл өргөн хэрэглэж, өдөрт хэдэн арван мэс ажилбар хийдэг. Хэрэв тэнд ямар нэгэн осол гарвал ШТС дэлбэрснээс ч илүү уршиг тарьж мэднэ. Гэтэл эднийх ганцхан хаалгатай. Явганаар яваа хүн ч түүгээр нь л орохоос аргагүй.
ХСҮТ үүнээс өөр гарцгүй
Ядаж тэр нь “Нарантуул” явах замтай нийлдэг тул ёстой “алаан” болж байж орж, гардаг юм билээ. Уг нь тус эмнэлэг баруун талдаа заавал хаалгатай байх ёстой аж. Гэтэл “Жигүүр гранд” компанийнхан баруун талд нь орон сууцны хотхон барьжээ. Анх барилгын зурагт ХСҮТ-ийн нөхцөл байдлыг харгалзан гарц хийж өгнө гэсэн аж. Харамсалтай нь, тэд хэлснээсээ буцаж, өдгөө хотхоны СӨХ нь гарц гаргуулахгүй хэмээн эмнэлгийнхэнтэй заргалдаж буй гэнэ. Мөн зүүн талд байх ёстой орц, гарцыг нь “Арина” хэмээх цахилгаан барааны дэлгүүрийнхэн чингэлгээр хаажээ.
Тус эмнэлгийн дэд захирал Л.Баярсайхан энэ талаар “Бид “Шинэ зуун” хотхоны СӨХ-ны дарга, хуулийн зөвлөхтэй нь уулзсан. ХСҮТ хуулиараа баруун талдаа гарцтай байх ёстойг тэд мэдэж байгаа хэрнээ өөрсдийн эрх ашгийг зөрчигдлөө гээд нээлгэдэггүй. Төрийн холбогдох албаныхан ч үүнийг шийдвэрлэж өгөхгүй өдий хүргэлээ. Онцгой байдал үүсэхэд яаралтай нүүлгэн шилжүүлэх нөхцөлгүй болчихсон. Үүний уршгаар яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй боллоо” хэмээн ярив. Өдгөө орон сууцны нийтийн эзэмшлийн газрыг СӨХ-нд нь өмчлүүлэх ажил өрнөж буй. Хэрэв үүнийг мөрдөж эхэлбэл ХСҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасаг хэзээ ч хаалгатай болохгүй нь.
Эмнэлгүүд ийнхүү “хаалттай, хөл хориотой” байна. Эзэмшил газарт нь эзэн суусан хүмүүс тэднийг дээрэлхэж, иргэд эмнэлэгт очихын тулд олон зуун метр газраар тойрч, аргаа барах боллоо. Хэрэв эл нөхцөл байдлаас үүдэн хүний амь эрсэдвэл хариуцлагыг эмч, сувилагч нарт л тохох нь ойлгомжтой. Хэдхэн оршин суугчийн эрх, ашиг нийтийнхээс илүү байх ёсгүй.
Бэлтгэсэн: Г.Цэцэг