-Ургийн зүрхний төрөлхийн гажигийг эрт илрүүлэн, эмчилдэг болно-
Монголд эмчлэгдэх боломжгүй өвчнүүд цөөрсөөр. Зүрхний нээлттэй мэс засал олон улсын түвшинд хүрлээ, судсан дотуур хийдэг мэс заслыг монгол эмч нар нутагшуулж чаджээ гэсэн сайн, сайхан мэдээнүүд цахим ертөнцөд тархах болсон нь үүний нэгэн илрэл юм. Тэгвэл үүний төлөө бие сэтгэлээ зориулж буй хүмүүс бол Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн. П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлгийн Зүрх судас, мэс засал, эрчимт эмчилгээ гээд аль ч тасгаар орсон орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, эмч сувилагчдын харилцаа хандлага сайжирсан, сэтгэлд нийцтэй орчин угтаж байв.
Тус эмнэлэг хот, хөдөөгийнхөнд харьяалал харгалзахгүй үйлчилдэг. Нийт 700 гаруй эмч, ажилчидтай. Жилдээ 18 мянган хүнд амбулаторийн үйлчилгээ үзүүлдэг, том эмнэлэг. Тиймээс тус эмнэлгийнхэн иргэдийнхээ тав тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс өнгө төрх болоод эмчилгээ үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэлээд сайжруулжээ. Тасгуудаар явж байхад Монголд зүрх судасны өвчлөл залуужиж байгааг хараад сэтгэл зовнив. Мөн сүүлийн жилүүдэд зүрхний хэм алдагдах өвчин нэмэгдэх хандлагатай байгаа аж. Харин азаар монгол эмч нар маань энэ өвчнийг эрт оношилдог, эмчилж чаддаг болжээ. Иймээс Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Даваацэрэнтэй зүрхний хагалгаа, зүрх судлалын өвчний тухай ярилцлаа. Тэрбээр зүрхний 2350 хагалгаа гардан хийж, 1115 мэс засалд туслахаар оролцож байжээ.
-2020 он гэхэд гадаадад зүрхний гажигтай өвчтөн явуулалгүй, дотооддоо бүх мэс заслаа хийх боломжтой болно-
-Манай улсад зүрхний мэс засал хөгжөөд хэр удаж байгаа вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье.
-2019 онд зүрх судасны мэс засал хөгжөөд 50 дахь жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна.
-Улсын гуравдугаар төв эмнэлэг нь зүрхний мэс заслын чиглэлээр Монгол Улсын хэмжээнд лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлдэг цорын ганц улсын эмнэлэг гэсэн. Жилд нийт хэчнээн хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Зүрх судасны мэс заслын тасаг жилд 650-800 төрлийн хагалгаа хийдэг. Мөн цусны зохиомол эргэлтийн аппараттай болж, сүүлийн хоёр жилийн хугацаанд зөвхөн энэ төрлийн 210-220 мэс засал хийсэн. Дэлхийн жишигт гурван сая хүн амд зүрх судасны мэс заслын нэг тасаг ногдох ёстой гэсэн байдаг. Үүний дагуу бид олон улсын стандартад нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлээд явж байгаа юм. Үүнээс ч илүү гарах боломж бий. Цусны зохиомол эргэлтийн аппараттай нөхцөлд жилд 300-400 хагалгаа хийх ёстой ч хараахан тэгэж чадахгүй байна. Энэ нь биднээс бус бусад хүчин зүйлээс хамаарч байгаа юм.
-Ерөнхийдөө зүрхний мэс засал багийн нэг л эмч байхгүй бол хагалгаа хийх боломжгүй байх. Дээрээс нь танай эмнэлгийн аппарат, тоног төхөөрөмжийн хувьд хэр сайн бэ?
-Зүрхний хагалгаа хоёр, судасныхыг гурав, дөрөв гээд өдөртөө таваас зургаан мэс засалтай байдаг. Өдөр бүр шүү дээ. Зүрхний мэс засал хийх нь нэг хүний ажил биш. Мэс заслын болон нойрсуулагч эмч, цусанд зохиомол эргэлтийн төхөөрөмжийг удирдан ажиллуулах эмч, кардиологийн эмч гээд бүтэн багаараа нэг хагалгаанд хамтардаг юм.
Харин аппарат, тоног төхөөрөмжийн хувьд эмнэлгийн захиргааны зүгээс асар их анхаарч ажилладаг. Сүүлд гэхэд Люксембургийн зүрх судасны тасгийнхантай хамтарч ажилласнаар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Мөн хагалгааны орчин нөхцөлтэй ярих зүйл байхгүй, маш сайн.
-Тэгвэл боловсон хүчний хувьд хэр түвшинд байгаа вэ?
-Маш сайн. Хоёр мэргэжлийг л эс тооцвол бүрэн хангагдсан гэсэн үг. Дэлхийн жишигт хүрсэн том том хагалгааг хийж байна. Улсын гуравдугаар эмнэлэг нь АНУ, Люксембург, БНСУ, Тайван зэрэг улсуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан, боловсон хүчнээ сургаж, гадаадын орнуудаас эмч нар авчирч сургалт явуулдаг. Үүнээс гадна манай тасгийн эмч нар бүгд нас залуу, цус шингэн хүмүүс. Дор хаяж 20-30 жил ажиллах чадвартай. Нэг эмч гэхэд Тайландад мэргэжлээрээ 2-3 жил сурч, мэргэшсэн.
-Ямар мэргэжил дутагдалтай байгаа вэ?
-Сэхээн амьдруулах тасагт мэргэшсэн эмч нарын орон тоо дутагдалтай байгаа.
-Одоогоор хэчнээн төрлийн зүрхний мэс засал хийгдэж байгаа вэ?
-Одоогийн байдлаар төрөлхийн гажигаас хоёр, гол судасны гажигийг засах, гол судасны хавхлагын дутагдал гэсэн үндсэн дөрвөн төрлийн хагалгааг л Монголд хийх боломжгүй байгаа юм. Бусдыг нь эх орондоо 100 хувь эмчлэх боломжтой. Гурван хоногийн өмнө гэхэд л Люксембургийн зүрх судасны тасгийн баг ирж, сургалт явуулж, хамтарч хагалгаа хийсэн. Ер нь гадаадын эмч нарыг эх орондоо авчрах нь илүү ашигтай. Учир нь хамтарч мэс засал хийх боломжтой. Харин манай эмч нар гадагшаа явж суралцахад тэдэнд хагалгаа хийлгэх боломж олгодоггүй. Харах, хийх хоёр чинь асар их зөрүүтэй шүү дээ.
-Зүрхний бүх төрлийн гажигийг Монголдоо эмчилдэг болохын тулд яах ёстой вэ?
-Төрөлхийн гажигуудаас судасны буруу гаралт, фаллогийн гурвалсан болон дөрвөлсөн гажиг, олдмолоос гол судасны хоёр, гурван хавтаст хавхлагын гажиг зэргийг Монголд эмчлэхэд түвэгтэй байсан. Эдгээрийг бид эмчилдэг болж чадсан.
2015 онд Сөүлийн их сургуулийн зүрхний төрөлхийн гажигийн эмчтэй хамтарч бага насны найман хүүхдэд, Люксембургийн эмч нартай мөн тооны багачуудад хавсарсан хүнд гажигийн хагалгаа хийсэн.
Манайх төрөлхийн гажигуудад мэс засал хийдэггүй байснаа ховдол хоорондын таславчийн цоорхой, тосгуур хоорондын таславчийн цоорхой болон артерийн битүүрээгүй цоргыг ховдол хоорондын таславчийн цоорхойтой хавсарсан гажигт хагалгаа хийж байна.
2020 он гэхэд гадаадад зүрхний гажигтай өвчтөн явуулалгүй дотооддоо бүх мэс заслаа хийх боломжтой болно гэж бодож байна.
-Нярай болон бага насны хүүхдийн хагалгааг хийх суурийг тавьж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Нярай болон бага насны хүүхдэд хагалгаа хийхэд зориулсан тоног төхөөрөмжийг Люксембургийн төслийн хүрээнд захиалж авчруулсан. Бид 4 сартайгаас 16 хүртэлх насныхны мэс заслын эмчилгээг хийж байгаа. Харин үүнээс бага насныхныг хийх гэхээр дандаа ЭХЭМҮТ-ийг зориод байхаар бидэнд боломж гарч ирэхгүй байгаа хэрэг. Уг нь хоорондоо харилцан холбоотой ажиллаж чадвал заавал гадагшаа явж эмчлүүлэх шаардлага гарахгүй шүү дээ.
-Зүрхийг зогсоож байж хагалгаа хийдэг гэж байсан. Хэдэн цагаар зогсоож байж хагалгаа хийх вэ?
-Аль болох богино хугацаанд зүрхийг зогсоох ёстой. Цусны зохиомол эргэлтийн аппаратынхаа хүчин чадлаас хамаарч хугацаа нь янз бүр. Хамгийн хөнгөн хагалгаанд 20 минут зүрхийг зогсоож, хагалгаа хийдэг. Харин хүнддээ 3-4 цаг зогсоох шаардлага ч тулгарна.
-Зүрх зогсоож мэс засал хийж байгаа нь өвчтөн клиникээр “үхсэн” гэсэн үг үү?
-Бараг л тийм. Иймдээ ч цаг хугацаа маш чухал.
-Зүрхний мэс засал өндөр үнэтэй. Энэ төрлийн мэс заслыг төрөөс хэр харж үздэг вэ?
-Манай иргэдийн хувьд л өндөр үнэтэй болохоос биш олон улсын жишгээр тооцвол маш хямд юм. Өндөр хөгжилтэй орнуудад ижил төрлийн мэс засал монгол мөнгөөр 80-90 сая төгрөгийн үнэтэй бол манайд 14-15 сая төгрөг байх жишээний. Үүний 75 хувийг нь төр эрүүл мэндийн даатгалаар хөнгөлчихдөг. Үлдсэн 25 хувийг өвчтөн өөрөө төлдөг.
-Монголдоо хямд өртөгөөр бүрэн эмчлэгдэх боломжтой байхад заавал гадны орнууд руу явж эмчилгээ хийлгэж байгаа нь юуных вэ?
-Нэгдүгээрт, мэдээлэл хомс байгаагийнх. Хоёрдугаарт, санхүүгийн боломжтой хүмүүс нь гадагшаа явж байна. Дийлэнх ядуус нь биднийг зорьдог. Эрүүл мэндийн даатгалаас 75 хувийг хөнгөлчихөөд байхад үлдсэн 25 хувь буюу 2.5-3 сая төгрөгийг нь төлж чадахгүй хүмүүс байна шүү дээ. Үүнээс гадна монголчуудын нэг онцгүй зан бий. Гадныхныг харахаараа л бурхан мэт шүтдэг. Өөрсдийнхөндөө итгэдэггүй зан нь гадагшаа явахад хүргэж байна уу даа гэж бодогддог.
-Иргэдийн хувьд өвчнийг бүр хүндэрсэн үед нь эмнэлэг барааддаг тохиолдол их. Ингэснээр та бүхний ачаалал мөн нэмэгддэг байх.
-Тэгэлгүй яахав. Ялангуяа зүрхний олдмол гажигийг мэдэхгүй явсаар бүр эцсийн шатандаа үзүүлэх гэж ирдэг хүмүүс ч бий. Мөн хоёр жилийн өмнөөс гурван хавтаст хавхлагыг засах мэс заслын эмчилгээг нэг дор хийж байгаа учир ачаалал улам л ихэссэн.
-Хөгжсөн орнуудад генетикийн шинжилгээгээр ургийг өвчтэй, эсэхийг нь тодорхойлж, гажиг илэрвэл бойжилтийг зогсоох боломжтой байдаг юм билээ. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Хөгжсөн орнуудад ганц зүрх ч бус төрөл бүрийн ургийн гажигийг эрт илрүүлдэг болсон. Жишээлбэл, бие эрхтний хөгжил муутай, эрхтэн дутуу зэргийг 4D эхогоор хараад л эхийнх нь хүсэлтээр жирэмслэлтийг зогсоодог. Харин манайд тун удахгүй 2-3 жилийн дараа тийм үйлчилгээ нэвтэрнэ гэдэгт итгэлтэй байна.
-Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн тоо нэмэгдэж буйгийн цаад шалтгаан нь юу вэ?
-Бид өнгөрсөн жил төрөлхийн гажигтай 80 хүүхдэд хагалгаа хийсэн. Ийм төрлийн гажигтай хүүхдийн тоо нэмэгдэж буй нь олон шалтгаантай. Гэхдээ ерөнхийдөө дотоод, гадаад хүчин зүйл гэж ангилна. Гадаад хүчин зүйлд агаар, ус, хөрсний бохирдол, хооллолт, эхийн стресс, ажил амралтаа зөв зохицуулаагүйгээс үүдэлтэй. Харин дотоодод нь удамшил, хоромсом багтдаг.
-Зүрхний төрөлхийн гажиг эхээс үрд заавал удамшдаг уу?
-Яг ч нарийн судлагдаагүй ч олон улсын эрдэмтэд 3-4 дэх үе дээрээ удамшдаг гэж үздэг. Мөн эх нь зүрхний гажигтай төрсөн бол хүүхэд нь ч мөн тийм төрөх тохиолдол бий.
-Ард иргэдийн дунд зүрхний төрөлхийн гажиг хэзээ ч эмчлэгдэхгүй гэсэн ойлголттой байдаг. Энэ хэр өрөөсгөл ойлголт вэ?
-Судаснууд буруу ороогдсон буюу баруун зүрхнээс гарах ёстой судас зүүн зүрхнээс гарах тохиолдолд их түвэгтэй ч хамгийн хэцүү нь зүрхний дөрвөн хөндий хоорондоо холбоотой төрсөн үед засах юм. Энэ хоёр төрлөөс бусад тохиолдолд 100 хувь эмчлэх боломжтой.
Хүн айж, цочиж байвал зүрх “асуудалд” орсны шинж тэмдэг мөн
-Сүүлийн жилүүдэд зүрхний шигдээс залуужиж байх шиг байна. Үүний учир шалтгаан нь юу вэ?
-Шигдээс нь зүрхний судасны гажигт багтдаг. Өөрөөр хэлбэл, зүрхийг тэжээж, тэтгэдэг титэм судсанд өөрчлөлт орсон үед зүрхний шигдээс болдог. Дээр хэлсэнчлэн иргэд эрүүл мэндээ анхаарахгүй, архи, тамхи, өөх тостой хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэснээс энэ төрлийн өвчлөл нэмэгдэж байгаа юм. Харин залуужиж байгаа юу гэвэл залуужих хандлагатай байгаа.
-Зүрхний шигдээсээр гэнэт нас барчихлаа гэж хүмүүс ярьдаг. Ер нь зүрхний өвчнөөс үүдэлтэй гэнэтийн нас баралтын өмнө тухайн хүнд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг үү?
-Илрэлгүй яахав. Цээжээр өвдөх, бие сульдах зэрэг нь эрүүл мэндэд нь асуудал байна л гэсэн үг шүү дээ. Гэтэл манайхан хаа тааралдсан эмийн сангаасаа дуртай эмээ аваад уучихдаг. Тэгээд өвчин нь намдахаар зүгээр болчихлоо гэж боддог. Ингэж явсаар бүр хүнд шатандаа хүрдэг тал бий.
-Зүрхний шигдээс гэж сэжиглэвэл хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хамгийн анхны шинж тэмдэг бол хүн аймхай болдог. Аливаа нэгэн зүйлээс айж, цочоод байвал мэдрэлтэй холбоотой гэж үздэг нь буруу. Зүрхтэй холбоотой юм. Иймд 45-50 наснаас дээш насныхан жилдээ нэг удаа үзлэгт орох ёстой.
-Түргэн тусламж дуудахаас гадна цаг алдахгүй тусламж авахын тулд өөр юуг анхаарах ёстой вэ?
-Хүн яг юунаас болж өвдөж байгаагаа мэдэхгүй болохоор мэргэжлийн эмчид хандахаас өөр аргагүй. Мэдэхгүй байж янз бүрийн эм, тан хэрэглэвэл өвчнийг улам даамжируулах эрсдэлтэй. Харин урьдчилж оношлуулаад, эмчийн бичиж өгсөн зааврын дагуу эмээ биедээ авч явдаг бол хэрэглэж болно.
-Хөхний доод хэсгээр татаж өвдөхөөр зүрх өвдөөд байна гэж ойлгоод эм уучихдаг хүмүүс байдаг шүү дээ.
-Зүрх өвчлөхөд хамгийн түрүүнд илэрдэг зовиур бол өвчүүний ард хорсож өвдөх, багалзуурыг базаж буй мэт өвддөг.
-Зарим хүн цээж рүү нь хатгаж өвдөхгүй л бол зүрх өвдөхгүй байна гэж боддог тал бас бий.
-Хүн бүрт нэгэн шинж тэмдэг илрэхгүй шүү дээ. Зарим хүний цээжээр хатгуулж байхад ямар ч шинж тэмдэг илэрдэггүй хүн ч бий. Иймээс 45 наснаас дээш хүмүүс заавал шинжилгээнд хамрагдаж, цээжний зураг авахуулсан байх ёстой.
-Зүрхний шигдээсээр өвчлөхгүйн тулд яах ёстой вэ?
-Дэглэм сайн барих ёстой. Мөн даралтаа үргэлж шалгуулж байх нь зүйтэй. Гуравдугаарт, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.