Та яагаад өглөө орноосоо босдогоо мэдэх үү? Үүнд хариулж чадвал өөрийн “икигай”-г олжээ. Энэ нь аз жаргал, урт удаан амьдрал, эрүүл мэндийн нууцыг агуулсан байх магадлалтай япон ойлголт. “Икигай бий учраас та амьдарч байна. Өглөө босож байгаагийн шалтгаан энэ” гэж Японы мэдрэл судлаач, “Икигай: япон маягийн амьдралын утга учир” номын зохиогч Кен Моги ярьж байна.
Эртний энэ япон ойлголтын тогтсон орчуулга бараг байхгүй ч Могигийн тайлбар маш оновчтой. Энэ үзэл баримтлал Японы өмнөд нутгийн бүлэг арал болох, 100 давсан настай хүмүүсийн эзлэх хувь өндөр Окинавад бий болжээ. Тэдний олонх нь өндөр насалсан нууцаа икигайд бий хэмээн үздэг.
Тус улсын бусад хэсэгт ч ийм ойлголт түгээмэл байдгийг Могигийн жишээнээс харж болох юм. Икигай Японд төдийгүй дэлхийн даяар тархаад эхэлжээ. Өөрт таалагддаг, таашаал өгдөг ажил, үйлийг олох нь маш чухал бөгөөд ингэснээр амьдрал утга учиртай болж, танд амьдралаас юу хэрэгтэйг ойлгоход тус болдог гэж Моги үзэж байна.
Икигай мөн таны амьдралын эрч хүчтэй нягт холбоотой. “Икигай бол танд хийх зүйл хэзээд байдагт утга учир нь орших аз жаргал юм” гэж Гектор Гарсиятай хамтран “Икигай: урт удаан, аз жаргалтай амьдрах нууц” номыг бичсэн Франсеск Миралес ярив. “Амьдралыг утга учиртай болгодог зүйлийг олбол энэ нь таныг урагш хөдөлгөж, үргэлжлүүлэх эрч хүч өгөх болно” гэж Ф.Миралес хэллээ.
ИКИГАЙГ ХААНААС ОЛОХ ВЭ
Икигай зарчмаар амьдарч эхлэх тун хялбар учир Япон төдийгүй өөр орны олон хүн сонирхох болжээ. Энэ сэдвээр олон ном гарч байгаа. “Ерөнхийд нь яривал хүн амжилтын тухай байнга бодож, өмнөө том зорилго тавьсны улмаас амьдрал зүрхшээмээр болдог. Гэхдээ икигайтай багаас эхэлж болох юм. Хэн ч байсан хамгийн энгийн, хүртээмжтэйгээс эхлээд, дараа нь илүү том зорилгод аажмаар шилжих баяр баясал хийгээд давуу талыг мэдэрч болно” хэмээн Моги өгүүлэв.
ТАНД ЮУ ТААШААЛ ӨГДӨГ БОЛ
“Үүнийг бие даан хийх хэрэгтэй. Тэгээс эхлээд толинд хар. Хүний хувьд өөрийгөө ямар болно хэмээн төсөөлж байна вэ? Янз бүрийн нөхцөл байдалд өөрийгөө байна гэж төсөөлөхийг оролд. Ингээд танд юу баяр баясал төрүүлж, таашаал өгч буйг бодоорой. Энэ нь тааврын тайлал болох юм. Мэдрэл судлаачийн хувиар танд юу таашаал өгч буйг, таны мөн чанарын тусгал юу болохыг би мэднэ” гэж тэрбээр тэмдэглэлээ.
Икигайгийн дараагийн шатанд шилжихэд тийм ч амар биш. Харин тус болох хэд хэдэн санаа Миралест бий. “Хэрэв та амьдралаас юу хүсэж байгаагаа сайн олгохгүй бол эхлээд хэрэггүй зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай. Ямар нөхцөлд танд таагүй, эсвэл гунигтай байдаг. Ямар үйлдлээс болон ажил хэргээс зайлсхийхийг хүсдэгээ бичээд үз” гэж тэрбээр зөвлөж байна.
Хэрэггүйгээ дарахаас эхлээд та ямар үйлдлээс таашаал авдгаа тодорхойлж болох юм. “Сурч мэдэх, ногоо тарьж ургуулах, бусдад туслах, асуудал шийдэх, хөгжим, эсвэл худалдаа наймаа хийх, олны өмнө үг хэлэх зэрэг олон зүйлээс баяр баясал мэдэрдэг гэсэн дүгнэлтэд та хүрч мэднэ” хэмээн Ф.Миралес ярилаа.
Тиймээс таалагддаг бүхэн тань танд тохиромжтой. Икигайгаа олон хүн тийм ч амар олдоггүй болохыг тэрбээр хүлээн зөвшөөрчээ. “Багаасаа л амьдралд нь юу хэрэгтэйг мэддэг хүмүүстэй бид бүгд тааралддаг. Гэвч том болоод хэн болохыг хүсэж буйгаа хүмүүн бидний олонх мэддэггүй нь бас үнэн. Үүнд байнгын хичээл зүтгэл нөлөөлдөг. “Бид сургуульд явж, ажил хайдаг. Өдөр тутам хүлээсэн үүрэг гэж бий. Эцэст нь бид байгалийн түлхцээсээ алсарч мэднэ” гэж тэрбээр хэлж байна.
Сонирхдог зүйлээ олж мэдэхийн тулд Ф.Миралес эрдэмтэн Рэнди Паушийн зөвлөгөөг дага гэдэг. Энэ хүн амьдралаараа нотолсон үг хэлдгээрээ алдартай. “Хүүхэд насны мөрөөдлөө санаарай. Хэдэн цаг дараалан зурах дуртай байсан уу? Бүжиглэх үү? Гүйх үү? Өөрийгөө хүүхэд мэт санаж, хийхээ больсон ч таныг баярлахад хүргэдэг зүйлийн талаар бодоорой. Хувь хүний түвшинд л үйлчилдгээрээ икигай гайхалтай. Та хичээхгүй бол бэлэн хоол болохгүй. Өөрийн ой ухааны царааг нухацтай судалж, икигайгаа ургуулах хэрэгтэй” гэнэ.
Нийгэм нь хэт нэгэн жигд Япон мэтийн оронд энэ маш чухал. “Яагаад гэвэл хүн бүрт өөрийн гэсэн икигай бий. Энэ нь хүн бүр дахин давтагдашгүй байхын чухлыг ойлгоход тус болдог” гэж Моги хэллээ.
ОЛОН ИКИГАЙ БАЙЖ БОЛОХ УУ
Амьдрал олон талтай. Энэ нь таны таашаадаг зүйлтэй ч холбоотой. Жижгээс аварга том хүртэл янз бүрийн икигайтай байх нь чухал. “Шашнуудын олонх нь нэг л бурханд итгэж мөргөдөг. Харин япончууд бид найман сая бурхан бий гэж итгэдэг. Магадгүй энэ нь икигайгийн талаарх төсөөлөлд нөлөөлсөн байх. Ганц агуу зүйл байдаг гэж бид боддоггүй. Бас ганц зорилго хөөдөггүй. Танд аз жаргал өгч болох олон мянган хувилбар байх боломжтой” гэж Моги ярилаа. Амьдралд нь икигай ямар үүрэг гүйцэтгэсэн талаар тэрбээр “Өдөр бүр Токиогоор 10 км гүйх нь л миний өчүүхэн икигай. Гэхдээ эрдэмтний хувьд энэ дэлхийд ямар нэг хувь нэмэр оруулах боломж гарах, шинэ санаа төрөх нь их баяр баясал төрүүлдэг. Энэ ч миний хувьд икигай” гэв.
ИКИГАЙ ГЭЖ ҮНЭХЭЭР БАЙДАГ, ЭСЭХИЙН НОТОЛГОО БИЙ ЮҮ
Тохогийн их сургуулиас амьдралын сэтгэл ханамж (икигай), өндөр настны нас баралтын түвшний талаарх судалгааны дүнг Моги нотолгоо болгон эш татжээ. Тодруулбал, сэтгэл ханамжтай аж төрдөг нас дээр гарсан япончуудын хувьд өндөр наслах хийгээд амьдралын утга учир нь хоорондоо уялдаа холбоотой байв. Тэдний дархлааны систем, тухайлбал, цусны цагаан эс олон төрлөөрөө байгаа нь урт удаан эрүүл саруул аж төрөхөд нөлөөлдөг аж.
Мэдрэл судлаач Патриция Бойл АНУ-ын Чикаго хотод Альцгеймерийн өвчнийг эмчлэх төвд судалгаа явуулжээ. Тэрбээр 900 өвчтөнийг долоон жил ажиглахад өмнөө зорилго тавьсан хүмүүс өвчлөх магадлал 50 хувиар бага байна гэсэн дүгнэлт хийсэн гэнэ. “Хүний тархи биеийн үндсэн үйл ажиллагааг хянаж чаддаг. Заримдаа өөрийгөө анагаадаг. Таны амьдрал утга учиртай болох өчүүхэн хором эрүүл мэндээ хамгаалахад тус болдог” гэж П.Бойл өгүүлэв.
ХЭН ХАМГИЙН ӨНДӨРЛӨГТ ХҮРЭВ
Манай гаригийн хамгийн өндөрт настнууд амьдардаг Окинава арлын Огими тосгонд очсон Франсеск Миралес, Гектор Гарсия нар адил дүгнэлтэд хүрсэн байна. 3000 оршин суугчтай Огимиг икигайгийн төв гэдэг. Окинаваг “үхэшгүй мөнхийн газар нутаг” хэмээн хятадууд хэдэн зууны турш нэрлэдэг нь ч учиртай аж. Халуун орны зөөлөн уур амьсгалд аж төрдөг окинавачууд жимс, ногоо элбэг, эрүүл хоолтой, эв найртай аж төрж, бие биенээ сайн мэддэг, амьдралын идэвхтэй хэв маяг баримталдаг.
Ф.Миралес, Г.Гарсия хоёр 100 хүртэл насалсан олон оршин суугчтай тосгоны түүхийг судлахад тэд үргэлж баяр баясалтай, биедээ анхаарал тавьж, өөр хоорондоо их дотно байдгийн учир ердөө “икигай” гэдэг ганц үгэнд байдаг гэв. Жирийн хообийгоос ялгаатай нь икигай хоромхон зуурын сэтгэл ханамж бус, ирээдүй рүү биднийг залж, туулах замд тус болох юм.
УРТ УДААН ТӨДИЙГҮЙ ЭРҮҮЛ АМЬДРАЛ
Окинавагийн 100 настнуудын бас нэг онцлог нь эрүүл мэнд. Олон улсын мэргэжилтнүүдийн баг тэднийг 1975 оноос судалж, мэдээллийн бааз үүсгэжээ. Ингэхэд тэдний дунд өндөр наслахтай холбоотой элдэв архаг өвчнөөр нас барсан үзүүлэлт дэлхийд хамгийн бага байдаг аж. Тэрчлэн тэд дэлхийд хамгийн өндөр насалж, эрүүл аж төрдгөөрөө ялгарчээ.
СЭТГЭЛ ХАНАМЖ
Окинава Японы бусад хэсгээс ялгаатай ч амьдрах зарчим нь ижил хэмээн Ф.Миралес нотолж байна. Амьдралаа икигайтай болгохын тулд нүүж, суух хэрэггүй. “Икигай хүнийг сэтгэл ханамжтай байлгаж, бусдаас дэмжлэг эрэх хэрэггүй болгодог. Үүнийг ойлгож, өдөр тутмын амьдралынхаа салшгүй хэсэг болгох хэрэгтэй” гэж Моги зөвлөж байна. Тиймээс урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүсвэл та өөрөөсөө икигайг хайж болох юм шүү. “Энэ зөвхөн эрүүл амьдрал төдийгүй ирээдүйд итгэх итгэл юм” гэж тэрбээр хэллээ.