Бидний дийлэнх нь амралтын өдрүүдээр л хангалттай нойроо авч чаддаг. Энэ нь бидний цагийн хуваарьтаа зөв зохицуулалт хийгээгүйтэй холбоотой. Хэрэв бүтэн нойртой хонож чадахгүй бол элдэв өвчин тусах магадлал 10 хувиар нэмэгддэг болохыг АНУ-ын эрдэмтэд нотолжээ. Тухайлбал,
- Мэдрэлийн ядаргаа
- Сэтгэл гутрал
- Гормоны өөрчлөлт
- Зүрх судасны эмгэг
- Хараа муудах
- Чихрийн шижин зэрэг өвчнийг тусах магадлалтай юм.
Дээрээс нь нойр дутуу хонох нь гоо сайханд ч сөрөг нөлөө үзүүлдэг. Эцэст нь жин нэмж, нүдний доогуур хөх зураас татах, цонхигор царай, царай зүс гандаж эхэлнэ.
Иймд АНУ-ын Үндэсний нойр судлалын хүрээлэнгээс хүн хоногт хэчнээн цаг унтвал зохих талаар удирдамж гаргажээ.
- 0-3 сартай хүүхэд 14-17 цаг
- 4-11 сартай хүүхэд 12-15 цаг
- 1-2 настай хүүхэд 11-14 цаг
- 3-5 настай хүүхэд 10-13 цаг
- 6-13 настай хүүхэд 9-11 цаг
- 14-17 настай хүүхэд 8-10 цаг
- 18-25 настай залуус 7-9 цаг
- 26-64 настай дунд насныхан 7-9 цаг
- 65-аас дээш насныхан 7-8 цаг унтах ёстой гэнэ.
0-3 сартай хүүхдүүд хамгийн их унтдаг. Мөн 18-аас доош насныхан хоногт 8-аас илүү цаг унтах ёстой.
Иймд тайван, бүтэн нойртой хонохын тулд дараах зөвлөмжийг дагаарай.
- Өдөр, шөнийг ялгаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өдөр сэрүүн байж, шөнө нь унтах ёстой гэдгийг мартаж болохгүй. Зарим хүн шөнөжингөө интернэтээр аялж, кино жүжиг үзчихээд, өдөр нь нойроо авдаг тохиолдол бий. Энэ нь таны бие физиологид асар их өөрчлөлтийг авчрах болно.
- Өдөр бүр нэг цагт унтаж, нэг цагт сэрдэг болох хэрэгтэй.
- Унтахын өмнө хүч тамир оруулах ундаа уух хэрэггүй.
- Мөн шөнийн цагаар хэт их идэх хэрэггүй.
Харин:
- Унтлагын өрөөндөө тав тухтай уур амьсгал бүрдүүл.
- Мөн ор, дэр хоёроо зөв сонгох хэрэгтэй.
- Унтахын өмнөх цэвэр агаар таныг бөх нойрсоход тань тусална.
- Орондоо орохын өмнө утас, компьютер зэрэг цахилгаан хэрэгслийг унтааж байх хэрэгтэй.