Эрүүл мэндийн даатгалын цахим системийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс орон даяар нэвтрүүлж эхэлсэн билээ. Үүний хүрээнд хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж буй. Эрүүл мэндийн сайдын хэлснээр иргэд сарын турш хөнгөлөлттэй үнээр эм авч чадахгүй байгаа. Энэ салбарын үйлчилгээг бүхэлд нь цахимжуулахын тулд эхлээд хувь, дараа нь улсын эмнэлгийг “ухаалаг” болгох гэнэ.
Рашаан сувиллыг дөрөвдүгээр улиралд багтаан цахим системд холбох юм байна. Үүний хүрээнд ЭМЯ-ны ажлын хэсгийнхэн Дархан-Уул болон Орхон аймагт ажиллажээ. Дархан-Уул аймагт Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр эм олгодог 18 эмийн сан байдаг аж. Ихэнх эмийн санд эмийн нөөц хангалттай ч төрөөс олгож буй санхүүжилт бага учраас иргэдийг хөнгөлөлттэй эмээр сарын турш хангаж чаддаггүй гэнэ.
Түүнчлэн цахим жорын жагсаалтад орсон 811 төрлийн эмнээс шаардлагагүйг нь хасах саналыг эмч нар хэлжээ.