АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн Бичил амь, дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор С.Цогтсайхантай ярилцлаа.
-Энгийн асуултаар ярилцлагаа эхэлье. Хүн бүр дархлаа гэж ярьдаг ч төдийлөн мэддэггүй. Дархлаа, дархлааны эс гэж ер нь юу юм бэ?
-Монгол Улсад нийтийн эрүүл мэндийн боловсрол олгох тогтолцоо огт байхгүй гэхэд буруудахгүй. Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох тогтолцоо, тодорхой бодлого, төлөвлөлт, шийдвэрлэх арга байхгүйгээс иргэдийн дунд шинжлэх ухааны бус мэдээлэл тархсан. Нийгмийн сүлжээ болон ам дамжсан байдлаар буруу ташаа, хэт нэг талыг барьсан, шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл түгэж байна. Ялангуяа дархлааны тухай ярьдаггүй, мэддэггүй хүнгүй болсон.
Дархлаа гэдэг нь бидний бие махбодийн нэг л эрхтэн тогтолцоо. Бие махбодийн дотоод орчны тэнцвэртэй байдлыг хангах үүрэгтэй. Том хэмжээний молекулууд байгалиас заяасан уургууд бидний биед оршин байдаг. Дархлааны тогтолцоо нь гадаад орчноос орж ирсэн, харь шинжтэй уургийн бодисыг биеэс гадагшлуулах, устгах үүрэгтэй. Үүнийг дархлааны урвалж гэж нэрлэдэг механизм хангана. Арай өргөн утгаар авч үзвэл дархлааны урвал бол дасан зохицох механизм. Өөрөөр хэлбэл, бидний оршихуйн гол үндэс юм. Дархлааны хариу урвал олон түвшинд өрнөдөг, олон хэлбэртэй, олон төрлийн эс, молекул оролцдог өндөр зохион байгуулалттай.
-Хүний биед дархлааны хэчнээн эс байдаг бол?
-Хэдэн тэрбум эс байдаг. Дархлааны чадамжтай буюу хамгийн нарийн урвалыг хариуцдаг эс ба туслах чанарын эс гэж бий. Төрөлхийн болон олдмол гэсэн хоёр төрлийн урвал байна. 30-40 төрлийн эс, 200-300 төрлийн молекул дархлааны хариу урвалд оролцдог.
-Хүн бүр харилцан адилгүй дархлааны эстэй гэсэн үг үү?
-Үндэс угсаа, амьдрах орчин, хоол хүнс, зан байдал ялгаатай учир хүн бүрийн дархлаа онцлог байхын зэрэгцээ харилцан адилгүй. Тиймээс эсийн лавлагаа хэмжээний тухай ярьдаг. Цусанд тодорхойлогдож буй эсийн хэмжээ ихсэж, багассанаар тухайн хүний дархлааг тодорхойлно гэсэн үг. Хүний биед 30-40 төрлийн эс дархлааны хариу урвалд оролцдог. Тэдгээр нь бүгд өөр өөрийн үүрэг гүйцэтгэнэ. Үүнийг шинжлэх ухаан гүйцэд таниагүй байна.
Компьютерийн программыг хүмүүс их нарийн гэдэг ч энэ чиглэлээр сургууль төгссөн захын хүүхэд үүнийг ойлгоод мэдчихдэг. Харин дархлааны урвал маш нарийн. Гэхдээ бидний хуримтлуулсан туршлага арвин учраас хүн яагаад өвддөг, эсвэл өвддөггүй, өвчин нь ямар учраас хүндэрдэг, эдгэрдэг, яагаад нас бардаг тухай мэдлэг бий болсон. Эдгээрийг судалдаг шинжлэх ухаан бол дархлаа судлал юм.
-Монгол хүний дархлааны онцлог гэж бий юү. Бусад үндэстнээс ялгаатай юу?
-Шууд утгаараа бол монгол хүний дархлаа гадаадынхнаас ялгаатай гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, дархлаа сайн, муу гэдэг харьцангуй ойлголт. Тодорхой халдвар, эмгэгт өртөмтгий, эс өртөмтгий тухай яривал монгол болон бусад үндэстний хооронд тодорхой ялгаа гарч болно. Аль нэг нь супер, илүү дархлаатай гэсэн ойлголт байхгүй. Зарим угсаатны дунд тархсан өвчлөлийн байдлаар нь үүнийг тайлбарлаж болох юм. Монголчууд жилийн дөрвөн улиралтай, хасах 40-өөс нэмэх 40 градусын өөрчлөлтөд амьдардаг, амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ онцлогтой холбоотойгоор зарим эмгэгт бид илүү тэсвэртэй байх боломж бий.
-Дархлаа суларснаа яаж мэдэх вэ?
-Ханиад олон дахин хүрнэ гэдэг нь дархлаа суларсных биш, ажиллаж буйн шинж. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь хүндэрсэн үед дархлаа суларсан талаар ярьж болох юм. Идээт үрэвсэл, аминд аюултай нөхцөл үүссэн үед дархлаа дарангуйлагдсан гэж үздэг. Түүнээс сэрүүний улиралд амьсгалын замын өвчнөөр 3-4 удаа өвчилснийг дархлаа суларсан гэж ойлгох нь өрөөсгөл.
-Гэтэл ханиад ойр ойрхон хүрлээ гээд хүүхдэдээ аминдэм өгдөг шүү дээ.
-Дархлааны тогтолцоо аливааг таньж тогтоогоод хариу урвал үзүүлдэг шинж чанартай. Тухайлбал, бөхчүүд өмнө нь таарч байгаагүй хүнтэйгээ барилдахад эвгүй байдаг гэдэг. Үүн шиг үйл явц өрнөж буй юм. Бага насны хүүхдийн биед таньдаг эмгэг төрөгчид нь их цөөн байдаг учраас насанд хүрсэн хүнийг бодвол олон удаа халдварт өртдөг. Хүүхдүүдийн дархлаа 10 наснаас нь хойш тогтворждог. Сэрүүний улиралд олон удаа ханиад хүрвэл тэдгээр гаднын биеттэй танилцаж байна гэж ойлгоно. Мэдээж өвчин нь хүндэрвэл эмчлүүлнэ. Дархлаа суларсан, эсэхийг нарийн шинжилгээгээр л тогтоодог.
-Ийм шинжилгээг манай улсад хийж байна уу?
-Өнгөрсөн оны есдүгээр сараас нэвтрүүлж, АШУҮИС-д хийж байна. 500-600 мянган төгрөгийн өртөгтэй. Энэ нь Тайваний эмнэлгээс хоёр, БНСУ-ын эмнэлгүүдээс 3-4 дахин хямд үнэ. Ийм шинжилгээг хүссэн хүн бүр хийлгэхгүй. Мэргэжлийн эмч дархлааны өөрчлөлт бий, эсэхийг хянасны дараа шинжилгээ хийдэг. Дархлаа тогтолцооны хямралтай, хорт хавдрын болон эрхтэн шилжүүлэн суулгуулсны дараа ийм шинжилгээ хийлгэх заалттай. Эрхтэн шилжүүлэн суулгасны дараа дархлаа дарангуйлах эмчилгээ хийдэг. Хавдрын үед хавдрын эсийг устган, дархлааны эсийг авч үлдэхийг хичээж эмчлэх зарчимтай.
-Дархлаа сайжруулах энгийн ямар арга байна вэ?
-Эрүүл хүний дархлааны чадамжид нөлөөлж буй гол зүйл нь орчин. Амьдрах орчны таагүй байдал, агаар, хөрсний бохирдол, усны чанар, их хотын стресс нөлөөлж байна. Хүн хүссэн, хүсээгүй өглөө сэрэхээс унтах хүртлээ стресст өртдөг. Энэ нь дасан зохицох чадварт хүнд ачаа болж, дархлааны тогтолцоо доголддог юм. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд дасан зохицох механизмыг дэмжих гэсэн ангилалд ордог учир дархлааны тогтолцоонд шууд утгаараа нөлөөлөхгүй.
Ихэнх нь сайн судлагдаагүй бүтээгдэхүүнүүд байдаг. Аминдэмийг мэргэжлийн эмчийн хяналтад хэрэглэхгүй бол дутагдахаас илүүдэх нь аюултай. Дархлааны тогтолцоо нь өөрөө эмгэгшдэг. Үүнийг мэргэжлийн эмч нар нарийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр оношилж эмчилдэг. Дархлаа сайжруулах энгийн арга бол эрүүл амьдар. Стрессээс зайлсхий, тайлж сур. Ажлын байраа өөрчилж чадахгүй бол гэртээ амар тайвныг бий болгох хэрэгтэй.
-Бидний дархлааны эс сэргэхгүй байх боломжтой юу?
-Хавдрын үед дархлааны эс устана гэхээс илүү харь биетийг, тухайлбал хавдрын эсийг таньж үйлчлэхээ байчихдаг. Түүнээс биш хүн бүрт амьдралын туршид нь хавдрын эс үүсээд явж байдаг. Дархлаа тогтолцоо өөрчлөгдсөн эсийг таньж, устган дотоод орчноо цэвэрлэж байх ёстой. Таньж устгаж чадахгүй болсон үед хавдараар өвчилдөг. Нөгөө талаас дархлаа хэт эрчимжсэнээс харшлын эмгэг бий болдог. Энэ тогтолцоо нь өөрийн эд, эс рүүгээ довтолж гэмтээснээс аутоиммун өвчин үүсгэдэг. Чонон яр, бөөрний болон дотоод шүүрлийн булчирхайн зарим эмгэг, зарим хэлбэрийн шижин зэрэг нь энэ өвчний жишээ юм.
-Ер нь дархлаа судлалын гол ач тус нь юу юм бэ?
-Хоёр л жишээ хэлье. XX зууны эхэнд дэлхийн хүн ам тэрбум гаруй байснаа төгсгөл хавьд нь зургаан тэрбум гаруй болсон. Энэ зуунд дэлхийн нэг, хоёрдугаар дайн болж, олон сая хүн амь үрэгдсэн. Тэгвэл яагаад хүн ам өсчихөв. Хүн амыг халдварт өвчнөөс сэргийлж чадсанд байгаа юм. Энэ нь дархлаажуулалтын ач тус. Монгол Улсын хүн ам 1918 оны тооллогоор 800 мянга гаруй байсан бол одоо гурван сая хүрсэн. Бидний эмээ, өвөө, элэнц, хуланцын үед 10-20 хүүхэд төрүүлсэн ч хоёр гурав нь л амьд үлдэх тохиолдол бишгүй байж. Төрөлт их байсан ч хүн болдог нь маш цөөн гэсэн үг.
Улаанбурхан, салхинцэцэг, цэцэг зэрэг халдварт өвчин бага насны хүүхдүүдийг үхэлд хүргэдэг байсан. Ийм халдварыг дархлаа судлалын ололт дээр үндэслэн устгаж, бууруулж чадсан. Эрхтэн шилжүүлэн суулган бусдад амьдрал бэлэглэж болно гэдэг арга, донорыг сонгох, эрхтнийг ховхролгүй амьдруулж байгаа зэрэг нь дархлаа судлалын шинжлэх ухааны ололт. Цаашид өгөх үр ашиг нь ч зөндөө бий. Эрүүл хүүхдийг хатган цус авч шинжлэх ёс зүйн зөвшөөрөл олгодоггүй. Тиймээс хүүхдийн дархлааны норм хэмжээ тогтоох судалгааг хийж чадахгүй байна. Харин 500 донорын дархлаа тогтоох судалгааг хийж байгаа.
-“Бичил амь дархлаа судлалын орчин үеийн ололт” олон улсын хурал энэ сарын 14-нд болох юм билээ. Танай сургуулиас зохион байгуулж буй уг хурлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-“Бичил амь, дархлаа судлалын орчин үеийн ололт” нэртэй хурлыг манай улс анх 2008 онд зохион байгуулсан. Энэ хурлыг тэр үед манай тэнхимд багшилж байсан, одоо ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй Н.Сарнай, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар нар санаачилсан юм. Анхдугаар хурал учраас гадаад, Монгол нийлсэн дөрвөн орны судлаач цугларч байлаа.
2009 онд уг хурлыг хоёр жил тутамд хийхээр шийдэж, Монголын дархлаа, бичил амь судлалын нийгэмлэг байгуулсан. 10 жилийн хугацаанд зургаа дахь хурлаа зохион байгуулах гэж байна. Оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, Япон, БНСУ, Тайвань, ОХУ, Франц, Итали, ХБНГУ-ын судлаачид оролцдог болсон. 2014 онд Зимбабве улсын судлаач хүртэл оролцож байлаа. Анхны хурлуудад манай эрдэмтэд өөрсдийн хийсэн судалгааны үр дүнг танилцуулах нь бага байсан.
Гол төлөв гадаадад докторын зэргээ хамгаалсан судлаачид тэнд хийсэн ажлын үр дүнгээ танилцуулж ирсэн. Одоо манай судлаачдын 50-иас илүү хувь нь илтгэл хэлэлцүүлж байна. Гаднаас ирж буй зочдын илтгэлийг тодорхой шалгуураар хэлэлцүүлдэг болсон. Эмч, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухааны шинэ арга, ололтын талаар гадаадын судлаачид хурлын хоёр дахь өдөр сургалт явуулдаг уламжлал тогтлоо. Гадаадын мэргэжилтнүүдтэй харилцаа тогтоосноор манай залуучууд урт болон богино хугацаанд сургалтад хамрагдаж, зэрэг хамгаалан, мэргэжлээ дээшлүүлж байна. Хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж хүртэл гарч ирсэн.
-Энэ удаагийн хуралд хэдэн орны хэчнээн судлаач оролцох вэ?
-БНСУ, ОХУ, Япон, ХБНГУ зэрэг зургаан орны 20 гаруй судлаач оролцохоор болсон. Монголын дархлаа, бичил амь судлалын нийгэмлэг маань санхүүгийн хувьд арай боломжтой болсон учир Австралиас хоёр судлаач урьж, аяллын зардлыг нь даах болсон. Манай сургуулийн болон ХААИС-ийн судлаачид оролцоно. Хүмүүст зөвлөхөд, элдэв эмээс илүү бие махбодийн өөрийн зохицуулах тогтолцоог дэмжих нь чухал. Шинжлэх ухаан нотолж чаддаггүй ч бидний уламжлал дотор их нууц бий. Хүмүүс надаас “Ямар хоол хүнс хэрэглэвэл сайн бэ” гэж их асуудаг. “Эмээ, өвөө, тэдний аав, ээж юу идэж, ууж байсан, ямар технологиор хүнсээ боловсруулж байв энэ л хамгийн найдвартай” гэж хэлдэг.
Монголын хөрсөнд ургасан зүйл наад зах нь хор болохгүй. Дэлхий нийт хорт хавдрын эсийг гарган авч өөрчлөн, цочроож идэвхжүүлэн эргээд хэрэглэх аргыг судалж байна. Манай тэнхимийн багш, Японы нэр хүндтэй “Рикен” хүрээлэнд судлаачаар ажиллаж буй доктор Д.Нямбаяр эсийн эмчилгээний аргын оюуны өмчийн гэрчилгээний хамтран эзэмшигч. Эсийн эмчилгээний шинэ технологийг Улаанбаатар болон Йокогама хотод зэрэг эхлүүлэхээр төлөвлөн бэлтгэлээ хангаж байна.