Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагналаа.
2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эмэгтэй байгаа бөгөөд тэдний төлөөлөл болох зургаан охинтой ээж, гурван удаагийн төрөлтөөр зургаан хүүхэдтэй болсон зэрэг ээжүүдээс гадна энэ жилээс эхлэн “Алдарт эх”-ийн I зэргийн одон хүртэж байгаа бүх ээжүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс одонгоо гардаж авах боломжтой болгосноор тэдний төлөөлөл болох 350 ээжид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд “Алдарт эх”-ийн одонг нь зүүж өгсөн юм.
Одонг зүүж өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд хандан:
“Олон улсын ардчилсан эмэгтэйчүүийн холбооноос анх 1951 онд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхыг уриалжээ. Үүнийг Монгол Улс талархалтайгаар хүлээн авч 1952 оны зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баярын өдөр” хэмээн тэмдэглэж, цаашид тогтмолжуулах, уламжлал болгох шийдвэр гаргасан аж.
Би энэ өдрөөр олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд Алдарт эхийн одон олгодог уламжлалыг хүндэтгэн, дэмждэг. Хүүхэд бол аливаа үндэстний баяр баясгалан, ирээдүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бат бөх холбоос юм. Хүүхэд бол бидний бүх зүйл.
ХХ зууны эхээр 700 мянга хүрэхтэй үгүйтэйд тооцогдож, мөхөж байгаа үндэстний тоонд бичигдэж байсан монголчууд ХХ зууны сүүлч гэхэд 2 сая дахь иргэнээ хүлээн авсан нь монгол төрийн олон зөв бодлогын нэг байсан юм. БНМАУ-ын үеэс Төрөөс олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого явуулж “хүүхдийн мөнгө”-ийг тусгайлан олгох, “хүүхдийн жил”-ийг тусгайлан зарлах зэргээр хүн амаа өсгөх бодлогыг тууштай явуулсны үр дүнд бид өнөөдөр 3 сая гаран иргэдтэй болсон билээ.
Харамсалтай нь, сүүлийн үед хүн амаа өсгөх, баялгийн тэгш хуваарилалт хийх үүднээс олгодог “хүүхдийн мөнгө”-ийг улстөржүүлж, ялгаварлан гадуурхсан хэлбэрээр олгох, халамж хэмээн ташаа ойлгож хүүхдийн мөнгөөр “тансагладаг” ажил хийхийг хүсдэггүй бүхэл бүтэн давхарга, сая гаруй хүн байдаг мэтээр дорд үзэх зэрэг зохисгүй хандлага улс төрчдөд ажиглагдах боллоо. “Хүүхдийн мөнгө” бол халамж биш гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй, алдаагаа засах шаардлагатай. Хүн ам зүйн үүднээс нэг гэр бүл 2 хүүхэд төрүүлж, өсгөвөл нөхөн үржихүйн тэнцвэр хадгалагдаж, 3-аас дээш хүүхэд төрүүлж, өсгөвөл хүн амын тоо өснө гэж үздэг ажээ. Алдарт эхийн одонг дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлж буй эхчүүдэд олгож байгаа нь Монголын төр үеийн үед хадгалж, дэмжиж, бэхжүүлж явах учиртай нандин уламжлал, залгамж бодлого юм. Энэ бол хамгийн шударга шагнал, хамгийн нандин, бахархал төгс одон.
Хүндэт эхчүүд ээ, та бүхэнд хувиасаа болон нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс мэхийн ёслоё. Түүх болж үлдсэн эрт дээр цагаас өнөөдрийг хүртэл эхчүүд та нар минь монгол үндэстний бахархал, баяр баясгалан юм. Та бүхний үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлж байгаа чин сэтгэл, цуцашгүй зүтгэлд талархаж байна.
Монголын үрс маш олон болтугай.
Монголын эхчүүдийн өлзий жаргалан үүрд уртад нэмэх болтугай” гэж ерөөв.