Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд хүүхэд, багачуудын гар зургийн болон захидлын үзэсгэлэн дэлгэгдлээ.
Үзэсгэлэнд тавигдсан хүүхдүүдийн бүтээлүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны хүрээнд цугласан юм.
Энэхүү аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд улс даяарх 180 гаруй ЕБС-д суралцаж байгаа 6-18 насны хүүхдүүдээс 10516 захидал, 1268 гар зураг ирснээс Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр зураг, захидал нийлсэн 100 орчим бүтээлийг дэлгэн танилцуулсан юм.
Аяны хүрээнд нийт 11.784 захидал, гар зураг ирснээс давхардсан утгаараа:
- 5 хувь нь тусламж, дэмжлэг хүссэн
- 20 хувь нь сургууль, орон нутгийнхаа хөгжил, тохижилтын асуудлыг хөндсөн
- 25 хувь нь хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн
- 15 хувь нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн
- 20 хувь нь хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг
- 20 хувь нь улс орны хөгжилд нэмэр болохуйц шинэ санаа, санаачилга дэвшүүлсэн байна.