Монгол Улсын эмнэлгүүдэд бөөр, элэг, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгадаг бөгөөд ойрын зорилго нь зүрх шилжүүлэх юм. Үүнд хүрэхийн тулд Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн хамт олон чамгүй ажил хийсний нэг нь АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу энэ сарын 21-25-нд УНТЭ-т цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлага солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээх мэс засал хийсэн аж.
Цаашид зүрх шилжүүлэх хагалгаа хийх зорилготой байв. Харамсалтай нь дээрх хугацаанд тус эмнэлэгт зүрхний гол судасны хавхлага суулгах мэс засал хийлгүүлсэн 64 настай Д, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх хагалгаанд орсон 30 настай З нар нас баржээ. Энэ талаар Гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжав мэдээлэл өгсөн. Дараа нь УНТЭ-ийн хамт олон байр сууриа илэрхийлсэн юм.
Л.ЖАМБАЛЖАВ: ЮУН ДЭЭР АЛДАВ ГЭДГИЙГ ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Зүрхний мэс заслыг 1960-аад онд академич Т.Шагдарсүрэн, түүний шавь, хамтран зүтгэгчид Монголд нэвтрүүлснээс хойш Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) энэ хагалгааг хийж байна. Хөдөлмөрийн баатар Ж.Хайрулла багшийн удирдлагаар тархи, П.Долгор, Б.Гоош шавь нарынхаа хамт элэг, цөсний мэс заслыг тус тус нэвтрүүлсэн. Монголын анагаах ухааны түүхэнд эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээний аргыг 1990-ээд оноос судалж, 1996, 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон.
Үүний үндсэн дээр УНТЭ-ийн эмч нар элэг шилжүүлэн суулган, 50 дахь мэс заслаа амжилттай хийгээд байна. Тус эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах тасгийн хамт олон цусны үүдэл эс шилжүүлэх эмчилгээг нэвтрүүлсэн. Цаашид эд, эрхтэн шилжүүлэх мэс засал хөгжих нь дамжиггүй. Гэвч “УНТЭ-т зүрх шилжүүлэн суулгах мэс засал амжилттай, амжилтгүй боллоо” гэсэн мэдээлэл тархах боллоо. Болсон үйл явдлыг нийтэд илчлэх ёстой.
Тиймээс би өөрийн байр сууриа илэрхийлэхээр та бүхэнд хандсан юм. Улс төрийн ямар нэг зорилго агуулаагүй. Эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил ажилласны хувьд үүнийг хэлж байна. 2018 оны тавдугаар сарын 21-23-нд УНТЭ-т 64 настай Д гэдэг эмэгтэйд гол судасны хавхлага суулгах, 30 настай З-д зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх мэс засал хийжээ. Хагалгааны явцад Д-д венийн судсаар зүрхэнд нэмэлт судас залгах мэс засал хийж. Хиймлээр зогсоосон зүрх сэргэхгүй байсаар өвчтөн мэс заслын ширээн дээр амьсгал хураасан байна. З-гийн зүрхний тосгуурын таславчийн цоорхойд нөхөөс хийх хагалгааны дараа өвчтөний биеийн байдал хүндэрч, зүрх нь зогсчээ.
Эдгээр нь УГТЭ-ийн эмч, миний шавь нар өдөр тутам хийдэг ердийн хагалгаа юм. Хагалгааны өмнө, дараа нь ч өвчтөн нас барах тохиолдол бий. Гэхдээ дээрх хоёр тохиолдлыг эмч, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж болохоор байна. Мэс заслын дараа нас барсан хүний үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр тогтоодог. Харамсалтай нь, ар гэрийнхэн нь хүсээгүй гэдэг шалтгаанаар задлан шинжилгээ хийгээгүй нь хууль зөрчсөн, алдаа дутагдлаа санаатай нуун дарагдуулсан гэж үзэхээр байна. Хамгийн ноцтой нь УГТЭ болон УНТЭ-ийн удирдлага, эмч нар зүрх шилжүүлнэ гэж мэдээлсэн нь ийм хагалгаа хийсэн мэт төөрөгдөл бий болголоо.
Эрүүл мэндийн сайдын бодлогын зөвлөхөөр ажиллаж буй, УНТЭ-ийн дарга асан Б.Бямбадорж сайдад нөлөөлж, хоёр эмнэлгийн удирдлагыг нэгтгэн уг хагалгааг эхлүүлжээ. Манай улсад зүрх шилжүүлэн суулгаж болно. Ингэж хүний амь хохироож болохгүй. Мэргэшсэн хамт олон байсаар байтал унтуулгын эмчээр ахлуулсан багийнхан дотрын мэс засал хийдэг газарт мэргэшсэн эмчгүй ийм хагалгааг хийх болсон шалтгаан юу вэ.
-УГТЭ-т хийдэг ердийн хагалгааг зүрх шилжүүлэн суулгасан мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн гэснээ тайлбарлахгүй юу?
-Зүрх шилжүүлэхийн тулд бэлтгэлээ бүрэн хангаж, хүмүүсээ мэргэшүүлэх хэрэгтэй. Зүрх нь эцсийн шатандаа ажиллагаагүй болж буй хүнд өөр хүнийхийг шилжүүлдэг. Хоёр эмнэлгийн удирдлага зэрэгцэн сууж байгаад зүрх шилжүүлнэ гэж зарлаад өөр мэс засал хийсэн. Гэтэл тэр хүмүүс нь нас барчихаад байна.
-Үүнд хэн хариуцлага хүлээх бол?
-Мэргэжлийн хяналтын байгууллагынхан дүгнэх ёстой. Мэс засал хийсэн залуу эмч л буруутай гэж дайрахаас илүү юун дээр алдав гэдгийг ил болгох хэрэгтэй. Мэс заслын эмчийн хөдөлмөр багийнх байдаг. Түүнээс биш ганц эмч эм тариагаа цуглуулж, өвчтөнөө сонгохгүй.
-УНТЭ-ийнхний гаршсан элэг шилжүүлэх мэс заслыг ХСҮТ-д хийж байна. Томоохон эмнэлгүүд чадварлаг эмч, эм тариа, багаж хэрэгслээ тарамдаж буй нь иргэдийг хохироож байгаа юм биш үү?
-Үгүй ээ. Хэрэв бүх нөхцөл боломж нь бүрдвэл аль ч эмнэлэгт эдгээр мэс заслыг хийж болно. Бусад улсад орон нутгийн эмнэлэгт хүртэл хийдэг. Бүх өвчтөнийг нэг газарт цуглуулна гэдэг учир дутагдалтай. Иргэд ямар ч сонголтгүй байж болохгүй. Ууган эмнэлэг бөөр шилжүүлэн суулгасан 60 жилийн түүхтэй. Харин зүрх шилжүүлэхэд нөхцөлөө сайн бүрдүүлэх ёстой болохоос аль нэг Засгийн газар нь мундаг ажил хийсэн мэтээр шоудах хэрэггүй. УГТЭ-ээс багаж төхөөрөмж гуйж, яаруу сандруу мэс засал хийсэн нь харамсалтай. Үүнд хэн буруутайг хуулийн байгууллага тогтоох ёстой.
-Ар гэрийнхэн нь тантай уулзсан уу. Ямар байр суурьтай байгаа бол?
-Би энэ хагалгаанд оролцоогүй учраас ар гэрийнхэнтэй нь уулзаагүй. Мэс заслын ширээн дээр амьсгал хураасан бол үхлийн шалтгааныг тодорхойлох хэрэгтэй. Магадгүй задлан шинжилгээ хийсэн бол эмч нарын буруугаас бус, тухайн хоёр өвчтөн өөр хүндрэлээр, тархинд нь цус харвасан байхыг ч үгүйсгэхгүй. Үүнийг тогтоох ёстой байсан.
УНТЭ-ийн хурлын танхимд 15.00 цагт ЭМЯ-ны Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн мэргэжлийн зөвлөлийн дарга, УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүн Л.Ганболд, тус эмнэлгийн Чанар, аюулгүй байдал, эмнэл зүйн албаны дарга Т.Болормаа, Эмнэл зүй, сургалт эрхэлсэн захирал Д.Чулуунбаатар нар мэдээлэл өгөв.
Л.Ганболд: -2016 оноос хойш зүрхний мэс заслын эмчилгээг УНТЭ-т нэвтрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Эмч, мэргэжилтнүүдээ дотоод, гадаадад бэлтгэн, амьтанд туршилтын мэс засал хийсэн. Манай мэс заслын эмч нар Ютагийн их сургуулийн зүрхний мэс заслын тасагт зургаан сар ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн эмч нарыг урьж, саяхан УНТЭ, УГТЭ-ийн эмч нартай хамтран зүрхний мэс засал хийлээ. Манай улсад мөрддөг дүрэм журмын дагуу мэс засал хийсэн ч бидний хүссэн үр дүнд хүрээгүйд харамсаж байна.
-Эмч нарын буруугаас болж хоёр хүний амь эрсэдсэн гэж мэдээлсэн. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Энэ бол Л.Жамбалжав эмчийн байр суурь байх. Өвчний онош, эмчилгээний талаар санал зөрөлдөх тохиолдол бидэнд гардаг.
-Гэм буруутайгаа нуун дарагдуулахын тулд талийгаачдыг задлан шинжилгээнд оруулаагүй гэх юм. Яагаад задлан шинжилгээ хийлгээгүй юм бэ?
Т.Болормаа: -Мэс заслын дараа эмгэг судлалын буюу задлан шинжилгээ хийгээгүй. Ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж ийм шийдвэр гаргасан. Үйлчлүүлэгчийн ар гэрийнхний зүгээс ийм шинжилгээ хийлгэхгүй байх санал тавьсан юм. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 55 тоот тушаалаар мэс ажилбар болон мэс засал хийлгэсний дараа эмгэг судлалын шинжилгээнд зайлшгүй орох заалттай. Мөн Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаалд ар гэрийнхний хүсэлтийг харгалзан үзэх тухай заасан байдаг. Ар гэрийнхэн нь шаардан тулгах, эцсийн хүсэлт тавьсан учраас бид эмгэг судлалын шинжилгээнд оруулаагүй. Бид мэс заслын явцад алдаа гараагүй гэдэгт итгэлтэй байсан учраас ийм шинжилгээнд оруулах санал тавьсан ч ар гэрийнхэн нь зөвшөөрөөгүй.
-Задлан шинжилгээ хийгээгүй учраас чухам ямар шалтаанаар амиа алдсаныг нь мэдэх боломжгүй гэсэн үг үү?
-Мэргэжлийн салбар зөвлөлийн эмч нар магадалж байгаа. Эцсийн хариу гараагүй.
-Хоёр өвчтөн мэс заслын үеэр амиа алдсан юм уу?
-Хагалгааны явцад нэгнийх нь бие муудан, зүрхний үйл ажиллагаа нь эргэн сэргэхгүй байсаар хорвоог орхисон. Энэ бол ховор тохиолдол. Хоёр дахь өвчтөн мэс заслын дараа нэг хоноод нас барсан.
-Зүрх шилжүүлэн суулгана гэсэн нэрээр өөр хагалгаа хийсэн гэлээ. Энэ ямар учиртай юм бэ?
Д.Чулуунбаатар: -Хоёр өвчтөн амиа алдсанд манай эмнэлгийн эмч, ажилтнууд харамсаж байна. УНТЭ энэ хагалгааг хийхээс хэд хоногийн өмнө УГТЭ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, зүрхний нээлттэй мэс засал удахгүй хийхээ хэлсэн. Үүнээс хойш манай эмнэлгийн зүгээс ямар ч мэдээлэл өгөөгүй. Гэтэл хэвлэлээр “УНТЭ зүрх шилжүүлэн суулгажээ” гэсэн ташаа мэдээлэл тархсан. Бид зүрх шилжүүлж суулгаагүй, нээлттэй мэс засал хийсэн юм шүү дээ.
-Өмнө нь зүрхний мэс засал хийж байгаагүй, туршлагагүй эмч хагалгаа хийсэн гэсэн. АНУ-ын эмч нар ямар үүрэгтэй оролцсон юм бэ?
-Ютагийн их сургуулийн Цээжний хөндийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, Зүрх шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн дарга гээд чадварлаг эмч, сувилагчийн баг ирсэн. Тэд мэс заслыг ерөнхийд нь удирдаж чиглүүлсэн юм. Мэс засал хийсэн эмч маань цээжний хөндий, зүрхний мэс заслын чиглэлээр суралцаж, олон хагалгаанд оролцож байсан. Туршлагагүй гэж хэлэхгүй байх.