Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч байж иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрхтэй болдог. Дэлхийн олон оронд энэхүү зөвшөөрлийн шалгалтыг UBT буюу смарт төхөөрөмжид суурилсан шалгалтын програм хангамж ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран авдаг болоод байна.
Манай орны хувьд ч шалгалт авах үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэн, эмч мэргэжилтнүүдэд чирэгдэлгүй болгох нөхцөл боломжуудыг судлан, нэвтрүүлсээр байгаа билээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын програм хангамж хөгжүүлэгч NSDevil байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд шалгалт авахад зориулан тусгай програм хангамж суулгасан 30 таблетыг дагалдах хэрэгслийн хамт ЭМХТ-д хандивлалаа. Тоног төхөөрөмжүүдийг NSDevil байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болох “Mexim consulting” ХХК-ны захирал Ц.Баяр ЭМХТ-ийн ерөнхий захирал Д.Ганцэцэгт гардуулан өглөө.
Энэ үеэр Д.Ганцэцэг захирал “Эдгээр төхөөрөмжүүдийг туршилтын журмаар үйл ажиллагаандаа ашиглан цаашдаа олон улсын түвшинд хүрсэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн шалгалтыг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авдаг болох нөхцлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллана” хэмээн цохон тэмдэглэлээ.
Уг төхөөрөмжийг БНСУ-ын томоохон анагаах ухааны боловсрол олгодог их, дээд сургуулиуд сургалт, шалгалтандаа ашиглахаас гадна эмч, мэргэжилтнүүдийн Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг авдаг юм байна.
Төхөөрөмж дээр суурилуулсан програм хангамжаар зүрхний цохилт, уушигны чимээ болон ЭХО, MRI зэрэг зураг, дүрсийг харах, өвчний түүх үүсгэн асуулт бэлтгэх зэргээр нэмэлт мэдээлэл, хичээлүүд оруулан ашиглах өргөн боломжтой юм. Тиймээс эдгээр таблетуудыг шалгалт авахад төдийгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх, чадавхижуулах сургалтанд ашиглахад ч үр дүнтэй юм.