Төрийн ордонд зохион байгуулагдаж буй "Монголын Эдийн засгийн чуулган 2018" өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгнээс онцло 10 эшлэлийг хүргэж байна.
- Олон улсын санхүү, бизнесийн тэргүүлэх сонин “Файнэншл таймс”-д судлаач, нийтлэлч Люси Хорнби (Lucy Hornby) Монголын эдийн засгийн талаар бичихдээ: “Уг нь Монголын уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын хуулиуд нь дэлхий дээр хамгийн либерал, чөлөөт гэж болохоор юм” гэжээ. Хатагтай Хорнби Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын орчинг дэлхий дээр хамгийн либерал гэж үнэлэхээс гадна Монголын Засгийн газрууд томоохон гэрээ хэлэлцээрүүд хийх бүртээ эрдэс баялгийн хуулиа хөрөнгө оруулагчдын таалалд нийцүүлэн өөрчилж, улам либерал хэлбэртэй болгохоос буцдаггүй хэмээн дүгнэжээ.
- Хөрөнгө оруулалтын хамгийн “таатай” аядуу хуультай гэгдсэн Монгол Улс маань гадаадын Хөрөнгө оруулалтад ээлтэй 80 улсын жагсаалтад багтаагүй байгаа юм. Үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй л бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй.
- Монголын эдийн засаг нь гадаад хүчин зүйлсээс дэндүү хамааралтай, дотоод хүчин зүйлээ бүрэн ашиглаж чаддаггүй үлбэгэр нөхцөлд 28 жил тийчилж байгаагийн мөн чанарыг ойлгохгүйгээр бид цааш явж чадахгүй нь ээ.
- Бүх цаг үед Монголын эдийн засагт бидний өөрсдөө зохицуулж болох дотоод хүчин зүйлсээс илүүтэйгээр биднээс үл хамаарах гадаад хүчин зүйлс нөлөөлж ирсэн, цаашдаа ч нөлөөлөхөөр байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихна гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа. Үл үзэгдэгч гар үндэсний эрх ашгийг хангаж чадахгүй, харин геополитик бодит үйлчлэлтэй оршсоор байна.
- Мөнхийн хоёр хөршийн маань эдийн засаг ойрын 3 жилд 30 их наяд доллар болон тэлэх судалгаа байгаа юм. Бүс ба зам хөтөлбөрт бидний оролцоо ямар байх вэ? Хоёр хөрштэйгээ бодлогоо уялдуулах, үүний зэрэгцээ гурав дахь хөршүүдийн оролцоо, ашиг сонирхлыг хангаж, тэнцвэрийг бий болгох зэрэгт анхаарч төвлөрөхгүйгээр өдий хүртэл урсгалаар явж ирсэн 28 жилийн замнал маань биднийг эдийн засгийн мухар гудамж руу аваачжээ.
- Шийдлийг холоос хайх хэрэггүй юм. 2010 онд УИХ-аар шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлчихэд л маш олон боломж нээгдэнэ.
- Монгол Улс ойрын хугацаанд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг таван улс багтсан Евразийн эдийн засгийн холбооны гаалийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэрэгтэй. Энэ хэлэлцээрийг хийж байгаа тун удахгүй эдгээр таван улсад импортын гаалийн татваргүйгээр худалдаа хийх боломж нээгдэнэ гэж харж байна.
- Евроазийн интеграцид нэгдэн орсноор Монголд үйлдвэрлэсэн 7000 гаруй нэр төрлийн барааг Европын холбоо руу экспортын татваргүй, тооны хязгаар байхгүй гаргах эрхийг бүрэн утгаар нь ашиглах боломж нээгднэ гэдгийг хөрөнгө оруулагчид анхааралдаа авна уу.
- Монгол Улсыг үеийн үед тэжээж тэтгэж ирсэн хөдөө аж ахуй, мал аж ахуйгаас олох орлогоо яавал байгальд ээлтэйгээр өсгөх, тогтвортой байлгах вэ гэдэг дээр сэтгэлээ чилээж, шийдлээ олох юм бол үй олон ажлын байр, үлэмж хэмжээний орлого бэлэн байна. Гэвч өнөөдөр эдгээрийг хийх мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улс төрийн чин эрмэлзэл, зориг дутмаг байна. Дайны нурман дундах Өмнөд Солонгос, далайд өнчирсөн Сингапурыг Азийн тэргүүлэх эдийн засгууд болгосон түүхийг харахад тэдэнд мөнгө, боломж, мэдлэг чадвар байгаагүй. Гагцхүү аугаа тэмүүлэл, чин сэтгэл, эр зориг л байсан байдаг.
- Монголын эдийн засгийн чуулган найман жил зохиогдлоо. Энд жил бүр хэдэн хүн цуглаад ханатлаа цэцэрхэж, ухаалаг дүр эсгэж байгаад тардгаа болимоор байна. Бодит эдийн засаг нь онолын тодорхойлолт, цэцэн цэлмэг дүгнэлт гэхээсээ улс төрийн эр зориг, улс төрийн шийдэмгий байдлаас илүүтэй хамаардгийг энд дахин хэлье. Өнөөдөр Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой шийдэл хийдэг нь хомс болсон цаг.