“Өвсөнд боосон ч үхэр тоож идэхгүй, өөхөнд боогоод хаясан ч нохой тоож шиншихгүй” гэдэг шиг өтөл намайг хэн тоох вэ гэж гомдсон үедээ үр хүүхдэдээ хатуу үг чулуудах буурал цөөнгүй. Бие нь чилээрхэж сандаргахгүй л бол үнэндээ насан өндөр ээж, аавыгаа мартаж орхидог гэмтэй улс, бид. Монголчууд эцэг, эхдээ ачлалтай гэж ярьдаг ч төрийн зүгээс ахмад настнуудаа анхаарч, халамжилж, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг нь бодлогоор дэмжихдээ тун хойрго. Тиймээс манай ахмадууд асран тойлуулж, хэвтэн эмчлүүлэх эмнэлэггүй сууна. Дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг дэх ахмадын кабинетаас өөр тэднийг халамжлах газар улсын хэмжээнд алга. Өтөл буурлуудаа асран тэтгэх эмнэлэг, төвүүдийг манай улсаас бусад нь олноор байгуулдаг юм билээ.
Харин бид энүүхэндээ гэхэд асран тойлж буй нэрээр хүүхдээ харуулж, үе тэнгийнхэнтэй нь ч уулзуулалгүй гэрийн хорионд байлгадаг. Ахмад настнуудад ч хүүхдийн адил асаргаа, сувилгаа, хараа хяналт хэрэгтэй. Манай улсын хэмжээнд 2001 онд 162 721 ахмад байсан бол тавхан жилийн дараа энэ тоо 257 451-т хүрчээ. Харин 2020 онд 320 471 болж өсөх бол үүнээс 20 жилийн дараа 705 450-д болно гэсэн статистик бий.
Амьдралын жам ёсоор бүгд л өвөө, эмээ болохоос цааш ирээдүйгээ харсан бодлого, үйл ажиллагаа манай улсад зайлшгүй шаардлагатайг мэргэжлийн хүмүүс нь хэлдэг. Дэлхий даяар хүн амын дундаж наслалт 10 жил тутамд гурван жилээр нэмэгдэж байна. Монголчуудын ч дундаж нас нэмэгдэж буй энэ үед төр, засгаас ирээдүйгээ харсан бодлого боловсруулж чадвал иргэд нас ахихдаа санаа зоволгүй, үр хүүхдэдээ садаа болохгүй амьдрахад дөхөм болох болов уу. Үүний тулд тэдэнд зориулсан асран халамжлах төвүүд төдийгүй эмнэлэг ус, агаар шиг хэрэгтэй байна.
Хуучин барилгын нэгдүгээр давхрын арав гаруй өрөөнд Геронтологийн үндэсний төв үйл ажиллагаа явуулж байна
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Геронтологийн үндэсний төв манай улсад бий. Харамсалтай нь, тус төв Эрүүл мэндийн хоёрдугаар төвийн хуучин барилгын нэгдүгээр давхрын 10 гаруйхан өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байна. Ариун цэврийн өрөө шиг жижигхэн зайнд 3-4 эмч суух юм билээ. “Арьс, харшил, ЭХО-ны эмч нар нэг өрөөнд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд суух жишээтэй. Энд тэнд нь загтнаад байгаагаа өвчтөн өөр хүний дэргэд илэн далангуй ярьж чадахгүй шүү дээ” гэж тус эмнэлгийн ерөнхий захирал Р.Хишигжаргал хэлсэн. Балгас мэт болсон энэ байранд шинэ барилгаа хүлээн суугаа тэдний найдвар нь Хан-Уул дүүрэгт долоон жил гацсан Геронтологийн төв.
2011 онд Хан-Уул дүүрэгт Геронтологийн төв буюу ахмадын 60 ортой эмнэлэг барихаар болж, гэрээ байгуулжээ. Ахмадын эмнэлгийн барилгын зураг төслийг “Лайт капитал хаус” компанийнхан боловсруулсан байна. 2013 оны арванхоёрдугаар сарын 25-нд барилгыг хүлээлгэн өгөх гэрээтэй байсан ч энэ нь цаасан дээр л үлдэж. Ашиглалтад оруулах хугацаа өнгөрөөд таван жил болж байхад барилгын явц дөнгөж 50 хувьтай байгаа аж. Эхэндээ ахицтай явж байсан барилга угсралтын ажил яагаад таг зогсов.
2011-2012 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүрэгт барьж байгаа Геронтологийн төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилгын зураг төсөв экспертизээр баталгаажин, хяналтын төсөвт өртөг нь 4.7 тэрбум төгрөг болжээ. 2011 онд улсын төсөвт 3.5 тэрбумыг суулгаж, гүйцэтгэгчийн тендерийг зарлахдаа А блокийн барилга угсралтын ажлын 1.2 тэрбум төгрөгийг хассан гэнэ. Ингээд “Арвис интернэйшнл” ХХК 2.995.162.425 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр шалгарч, ЭМЯ-тай гэрээ байгуулсан байна. Гүйцэтгэгч компани 2011 оны арваннэг болон 2012 оны дөрөвдүгээр сард тус бүр 500, есдүгээр сард 998, 2013 оны гуравдугаар сард 724 сая төгрөг хүлээн авчээ.
2013 онд ашиглалтад оруулах ёстой байсан Геронтологийн үндэсний төв 2018.05.15
Гэрээнд дурдсан мөнгөнөөс 260 сая төгрөг л үлдээд байж. Гэтэл барилга угсралтыг эхлэхдээ захиалагчийн зөвшөөрөлгүй котлован (суурийн нүх)-ыг хүйтний улиралд ухсанаас шаварлаг хөрс овойн хөлдөж, дулааны улиралд суулт өгөх, барилгын үндсэн хийцэд нөлөөлж, гажих магадлалтай нөхцөл үүссэн гээд үйл ажиллагааг түр зогсоожээ. “Лайт капитал хаус” ХХК инженер-геологийн судалгаа хийж, хөлдөлтийн гүнийг тодорхойлсон дүгнэлт гаргасан аж. Дүгнэлтэд үндэслэн барилга угсралтыг цааш үргэлжлүүлэх шийдвэр гарсан байна. Гэвч үүнээс хойш барилгын ажил нэг эхэлж, зогссоор өдий хүрчээ.
2013 онд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаар ахлуулсан баг “Арвис интернэйшнл” ХХК-ийн захиралтай уулзаж цаашид барилгын ажлыг хурдасгах, хөрөнгө оруулалтын талаар ярилцаж байж. Авсан хөрөнгө оруулалтынхаа 50 хувьтай тэнцэх ажил хийсэн нь тун хангалтгүй үзүүлэлт гэж дүгнэн, шаардлагатай тохиолдолд Аудитын үнэлгээ хийлгэхээ мэдэгдсэн гэнэ. ЭМЯ-ны Барилга захиалагчийн албанаас “Геронтологийн үндэсний төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 50 хувьтай байгаа бөгөөд гүйцэтгэгч “Арвис интернэйшнл” ХХК 2013 оны долдугаар сарын 20-ны өдрөөс тодорхой шалтгаангүйгээр ажлаа зогсоосон, гэрээний үүргээ хангалтгүй биелүүлж байна” гэсэн хариу өгчээ. Харин тус компанийн удирдлага дэд бүтцийг шийдэж өгөөгүйгээс ажил зогссон гэж тайлбарладаг аж.
Олон жил үргэлжилж буй ч ашиглалтад ордоггүй, хугацаа алдах хэрээр өртөг нь өсөж байгаа барилгуудыг царцаасан юм. Тэдгээр барилгын нэг нь Геронтологийн үндэсний төв. Харин энэ жилийн төсөвт тус барилгын ажилд зарцуулахаар нэг тэрбум төгрөг тусгажээ. 4-5 жилийн хугацаанд цас, бороонд элэгдсэн уг барилгыг гүйцээж барихаар Засгийн газраас шийдвэрлэсэн нь сайшаалтай.
Барилгын ажлыг үргэлжүүлэхэд 5-6 орчим тэрбум төгрөг шаардлагатай (өөр эх сурвалж 7.3 тэрбум төгрөг зарцуулна) гэж байхад энэ мөнгө аманд ч үгүй, хамарт ч үгүй гэсэн. Гэвч чамлахаар чанга атга гэгчээр Геронтологийн төвийнхөн барилгын ажлаа эхлэх гэж буйд баяртай байцгаана. Хачирхалтай нь, тус компанийнхан одоо ч барилгын ажлыг эхлүүлээгүй байгаа аж. ЭМЯ-наас энэ асуудалд онцгой анхаарч, дарга нартаа үүрэг чиглэл өгч буй гэж тус эмнэлгийнхэн ярьсан.
Гэрээнд тусгасан төсвийн 90 орчим хувийг авчихаад ажлынхаа дөнгөж 50 хувийг хийсэн “Арвис интернэйшнл” ХХК-д дахин итгэх л үлдсэн бололтой. “Шинэ байртай болох юм чинь гээд” тус төвд урсгал засварын мөнгө ч баталдаггүй гэнэ. Эмнэлгийн хамт олон болон 260 гаруй мянган ахмад шинэ эмнэлгээ хүлээсээр байна. Долоон жилийг ардаа хийсэн тэд дахин хүлээх ёстой юу.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Р.ХИШИГЖАРГАЛ: Ахмадуудаа хэвтэн эмчлүүлдэг эмнэлэгтэй л болгочих юм сан
Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Геронтологийн үндэсний төвийн гол үйл ажиллагаа юу вэ. Манай улс ийм төвтэй байх зайлшгүй шаардлагатай юу?
-Геронтологи гэдэг насжилт судлал гэсэн үг. Энэ нь анагаах ухааны том салбар. Насжилт нь биологийн үзэгдэл боловч судалж, шинжлэх зайлшгүй шаардлагатай. Өндөр настай хүн заавал өвчтэй, хэвтэрт байж, ой ухаан нь муудан, зөнөх ёстой юу гэдгийг судалдаг. Орчин үед энэ бүхнийг урьдчилан судалж, эмчилгээний арга технологи нэвтрүүллээ.
Манай улс ч ялгаагүй энэ чиглэл рүү явж байгаа. Анх 1977 онд УГТЭ-т “Өндөр настны кабинет”-ыг байгуулж байсан бол одоо ЭМЯ-ны харьяа 16 төвийн нэг боллоо. Үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд мэргэшсэн боловсон хүчин чухал. Бид ахмад настны буюу гериатр эмч бэлтгэдэг. Хүүхдийн эмч гэж байдаг шиг ахмадын мэргэшсэн эмч энэ үйлчилгээг явуулах ёстой.
Өндөр настнууд бусдаас онцлог. Манай төвийн үндсэн үүрэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, ахмадын сургалт явуулах, гериатр эмч, сувилагчдыг бэлтгэх. Энэ бүхнийг цогцоор нь шийдсэнээр настнуудаа хамгаалах, тэтгэж, эмчилж чадна. Мөн манай улс асаргааны даатгалыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Японд хүн бүр 40 наснаасаа эхлэн ажилтай, эсэхээс үл хамаарч асаргааны даатгал төлдөг юм байна. Өндөр настай болохоор нь асрамжийн газарт өгчихдөг гэж бид ойлгодог ч тэр нь асаргааны төв юм билээ.
Энгийнээр ахмад настны цэцэрлэг гэж ойлгож болно. Хамгийн гол нь ой санамж, оюун ухааныг нь алдуулахгүйн тулд тоглуулж, зураг зуруулж, тоо бодуулах зэргээр хөгжүүлдэг. Хуваарийн дагуу дуурь, жүжиг үзэж, өөрийн дуртай зүйлээ хийдэг. Ахмадын тоо өсөхөөр улсын эдийн засагт төдий чинээ ачаалал ирдэг. Тиймээс хууль, эрх зүйгээ бэлтгэн, хуримтлал үүсгэхэд анхаарах цаг болжээ.
-Хан-Уул дүүрэгт барьж буй барилга юу болж байна. Та очиж танилцсан уу?
-Хэдэн жил үйл ажиллагааг нь зогсоосон барилгыг эхлүүлэхэд дахиад л төсөв тооцоо хийдэг юм байна. Тухайн үеийн болон одоогийн ханш өөр гээд 5-6 тэрбум төгрөг шаардлагатай гэж байсан. Гүйцэтгэгч компани “Арвис интернэйшнл” ХХК-ийн захиралтай уулзаж ярилцсан.
Энэ асуудлыг хариуцаж байсан мэргэжилтнүүд ч солигджээ. Нэг ноцтой зүйл хэлэхэд уг барилгын зураг төслийг анх гаргасан “Лайт капитал хаус” компани татан буугдсан байна. Зураг төслийг нь өөрчлөх гэтэл гацаанд орчихлоо.
-Анхны зураг төслийн дагуу үргэлжлүүлж болохгүй юм уу?
-Өндөр настнуудад зориулсан байгууламжид тохирохгүй зураг төсөл хийсэн байсан. Нэгдүгээр давхрын хонгилын хамгийн цаад захад ариун цэврийн өрөө байх жишээтэй. Шөнө нойр нь сэрвэлзэж, унтаж чаддаггүй хөгшин хонгилын нөгөө үзүүрт байрласан ариун цэврийн өрөөнд арайхийн орлоо гэхэд эргээд амарч чадах уу. Аль болох бүх үйлчилгээ нь ямар нэг саадгүй, ойр байх шаардлагатай. Хэвтэн эмчлүүлэгчийн өрөөнд ариун цэврийн өрөө байрлуулах санал гаргасан.
Зураг гаргасан хүнтэй нь холбогд гэсэн боловч дээрх компани дампуурчээ. Өрөө, тасалгаагаа шийдээгүй байгаа учраас байршлыг нь өөрчлөхөд мөнгө гарахгүй гэж учирласан ч нэмэр алга. Хан-Уул дүүрэгт барих уг эмнэлэг нь нөхөн сэргээх үйлчилгээнд суурилах юм. Ахмадууд хурц өвчнөөс илүү архаг хууч өвчтэй байдаг. Нэг хүн гэхэд даралт ихсэх, хараа муудах, үе мөч өвдөх зэрэг 2-3 төрлийн архаг өвчтэй.
Нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд ийм хүмүүсийг хэвтүүлж, асарч, эмчлэх боломж байгаа бил үү. Бид энэ үйлчилгээг хийх ёстой. Тэтгэврийн хэдээр амьдарч буй настнууд эмнэлэгт үзүүлэх гэхээр дараалал нь гүйцэгдэхгүй, харьяалал байхгүй, олон бичиг баримт бүрдүүлэх гээд асуудал их. Харин манай төв харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй, дараалал, бичиг баримт шаардахгүйгээр үйлчилдэг.
Хэвлий, зүрхний ЭХО, цахилгаан бичлэг, ясны сийрэгжилт тодорхойлох, тархины цусан хангамж оношлох, нөхөн сэргээх чиглэлээр уламжлалт, хөдөлгөөн засал, бумба тавих зэрэг эмчилгээг өдрийн цагаар хийж байна. Гол нь хэвтүүлэн эмчлэх ор алга. Ахмадаа хэвтүүлэн эмчилдэг эмнэлэгтэй болгохыг л юу юунаас илүү хүсэж байна даа.