ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, зөвлөх эмч Г.Аянгатай ярилцлаа.
-Эрүү, нүүрний өвчлөл, уруул тагнайн төрөлхийн гажиг манай улсад хэр тохиолдож байна вэ?
-Эрүү, нүүрний эмгэгт олон төрлийн өвчин хамаардаг. Манай тасгийнхан 10-аад бүлгийн 44 төрлийн өвчнийг эмчилж байна. Үүнээс зарим нь их ховор тохиолддог. Сүүлийн жилүүдэд манай тасагт хандаж буй өвчтөний тоо эрс нэмэгдсэн. 20 ортой ч 30 өвчтөн хэвтэн эмчлүүлэх нь хэвийн зүйл боллоо.
Өчигдөр 38 хүүхэдтэй өнжлөө. Зарим нь хонгилд хэвтэж байна. Хүүхдийн эмнэлэгт Нярайн тасаг хамгийн ачаалалтай ажилладаг бол манайх удаалдаг. Ор хүрэлцэхгүй, ачаалал их байгаа нь өвчтөнд сөргөөр нөлөөлнө шүү дээ.
Гэхдээ бид өвчнийг хүндрүүлэхгүй байхад онцгой анхаардаг. Яаралтай хагалгаанд орох өвчтөнөө авахын тулд эмчилгээ нь үргэлжлэх ёстой хүүхдийг яалт ч үгүй гаргаж байна.
-Сүүлийн хэдэн жил ийм ачаалалтай байгаа гэлээ. Ор нэмэх арга алга уу?
-Би энэ тасгийг хариуцаж буй хүний хувьд байгууллагын удирдлагадаа ор нэмж өгөх талаар байнга хүсэлт гаргадаг. Бүх л тасаг ачаалалтай учир тийм амар шийдэхгүй байх. Ор нэмдэггүй юм гэхэд, сувилагч нэмэх хэрэгтэй байна. Өчигдөр 38 хүүхдэд ганцхан сувилагч үйлчилсэн.
Тэдний нэгээс бусад нь цагийн тариатай. Уг тариаг хүүхэд бүрт зургаан цагийн зайтай тогтмол хийх ёстой. Нэг хүүхдэд хамгийн багадаа гурван минутад тариа хийлээ гэхэд хоёр цаг зарцуулахаар байна.
Тиймээс тариагаа хэдэн цагаас эхлэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Яг л тухайн цагт нь хийж байж цагийн тарианы үр дүн гарах ёстой.
-Эрүү, нүүрний мэс заслын тасагт эмчилж буй 44 төрлийн өвчнөөс хамгийн түгээмэл тохиолддог нь юу вэ?
-Манай тасагт жилд дунджаар 2000 хүүхэд хэвтэн эмчлүүлж, мэс засал хийлгэдэг. Тэдний 1/3 орчим нь буюу 650-700 нь төлөвлөгөөт хагалгаанд ордог юм. Ийм хагалгаанд орж буй хүүхдүүдийн 60 гаруй хувь нь уруул, тагнайн төрөлхийн гажигтай. Бусад хагалгааг эрүү, нүүр орчмын гэмтэл, хоргүй хавдар, шүдний гажгаас үүссэн эмгэг эзэлж байна.
Харин яаралтай хагалгааны 50 гаруй хувийг шүдний гаралтай эрүү, нүүр орчмын үрэвсэлт өвчин эзэлдэг. Өнгөрсөн онд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд 37 хувь нь шүдний гаралтай үрэвсэлт өвчнөөр өвджээ. Яаралтай хагалгаанд орсон хүүхдүүдийн 55 хувь нь мөн энэ төрлийн өвчтэй байв. Энэ нь хүүхэд, залуусын дунд шүд цоорох өвчин өндөр буйг харууллаа. Шүд цоорох өвчний улмаас эрүү хавдлаа гэж манайхан ярьдаг.
Ганцхан шүд цоорсноос эрүү, нүүр орчмын идээт үрэвсэл болж тэр нь хүндэрдэг. Амиа алдах ч тохиолдол гарч байна. Эрүүгээ хэсэгчлэн болон бүтэн тайруулж, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж байна шүү дээ.
-Шүдний цоорол, өвчнөөс сэргийлэх боломж уг нь бий шүү дээ.
-Тийм. Гэвч манай улсын хүн амын дунд шүд цоорох өвчин газар авсан. Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байна. ЭМЯ-наас “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Ажлын хэсэгт би орсон. 1993 онд сургуулиа төгсөөд энэ тасагт ирэхэд шүдний гаралтай үрэвсэл маш их тохиолддог байлаа.
1998 оноос “Амны хөндийн үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлснээр 2000 онд манай тасагт хандах шүдний гаралтай үрэвсэлт өвчтэй хүүхдийн тоо буурсан. Гэтэл сүүлийн жилд эрс нэмэгдлээ. Дээрх хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл үр дүнгээ өгнө гэж найдаж байна.
-Эрүү, нүүрний төрөлхийн гажгийн тохиолдол 2000 амьд төрөлтөд нэг байсан бол сүүлийн үед 900 амьд төрөлтөд нэг болсон гэх юм. Үүнийг тодруулахгүй юу?
-Нүүр, амны төрөлхийн гаж хөгжил олон хэлбэрээр тохиолддог. Үүн дотор хамгийн элбэг нь уруул тагнайн сэтэрхий. Дэлхий нийтэд энэ эмгэгийн талаар хийсэн олон судалгаа бий. Дунджаар 500-2000 амьд төрөлтөд нэг тохиолддог гэж үздэг. Улс үндэстэн бүрт харилцан адилгүй.
Тухайлбал, өнгөт арьстнуудад 2000 амьд төрөлтөд нэг, цагаан арьстнуудад 1000-1500 амь төрөлтөд нэг, харин ази иргэд болон шар арьстнуудад хамгийн олон буюу 400-800 амьд төрөлтөд нэг тохиолддог гэж үздэг. Манай улсад энэ эмгэгийн талаар үндэсний хэмжээнд гурван удаа судалгаа хийсэн. 1980-аад оны судалгаагаар 1500 амьд төрөлтөд нэг, 2000-аад оны эхээр 1300-д нэг, 2012 оны судалгаагаар 1072 амьд төрөлтөд нэг тохиолдож байна гэсэн тооцоо гарсан.
Үүнээс харахад уг эмгэгийг тохиолдлын тоо нэмэгдэж байна.
-Шалтгаан нь тодорхойгүй юм уу? -Уруул, тагнайн эмгэгийн шалтгааны талаар олон таамаг бий ч нарийвчлан тогтоогоогүй. ДЭМБ-ын судалгаагаар хүний бие, эрхтэнд илэрч болох 2000 орчим төрлийн төрөлхийн гаж хөгжил бий гэж үздэг. Уруул, тагнайн сэтэрхийн гаж хөгжлийг зайлшгүй эмчлэх шаардлагатай. Бүрэн төгс эмчлэгддэг гаж хөгжилд ордог.
Тухайн хүүхдэд шаардлагатай хэл, гажиг заслын эмчилгээг үе шаттай, хугацаа алдалгүй хийвэл бүрэн төгс эмчлэгдэнэ. 2013 онд дэлхийн эрдэмтэд Вьетнамын нийслэлд цугларч, Ханойн тунхаглал гаргасан. Тасгийн эмч нартайгаа очиж, гарын үсэг зурж, тус тунхагт нэгдсэн юм. “Уруул, тагнайн сэтэрхийн эмгэгтэй гэж оношлогдсон ургийг эхийн хэвлийд байхад нь устгахгүй, төрүүлээд эмчилье” гэсэн зорилготой.
Үүнд Монгол Улс нэгдсэн. Бид ийм эмгэгтэй хүүхдийн эмчилгээг дэлхийн түвшинд хийж байна. Ингэж нэгдсэнээр “Ийм эмгэгтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд бүү санаа зов” гэсэн нэг төрлийн амлалт юм.
-Эл эмчилгээг дэлхийн түвшинд хийж буй нэг баталгаа нь та болон танай тасгийн эмч нар хөгжил буурай улсад очиж, энэ төрлийн мэс засал хийж байгаа явдал. Хэчнээн улсад очиж, хүмүүнлэгийн үйлст нэгдсэн бол?
-Уруул тагнайн сэтэрхийн эмчилгээ сайн хөгжөөгүй, эсвэл эмч, мэргэжилтэн дутагдалтай оронд хүмүүнлэгийн ажил хийдэг. Мьянмар, Филиппин, Индонез, Хятад зэрэг улсад очиж хагалгаа хийсэн.
Олон орны эмч, мэрэгжилтэн нийлсэн 20-30 хүний бүрэлдэхүүнтэй баг явдаг. Мэс заслын дөрвөн эмч нэгэн зэрэг хагалгаа хийнэ шүү дээ.
-Улаанбаатар хотод ирж эмчлүүлэх боломжгүй орон нутгийн багачуудад мэс засал хийж өгдөг байх аа?
-Тийм. Орон нутагт ажиллаад 20 дахь жилтэйгээ золголоо. Анх 1998 онд Архангай аймагт ажилласан. 1999 оноос хойш жилд доод тал нь дөрвөн аймагт ажиллаж байгаа. Энэ хугацаанд орон нутагт 80 удаа очиж, мэс засал хийжээ. Тухайн аймаг, сумын эмч нар зараа байрлуулж, хүнээ бэлтгэн, шинжилгээ болон бусад хэрэгтэй зүйлийг бэлдэж, бидэнд хамгийн их тусалдаг.
Бид эхэндээ мэс засал л хийж байсан бол 2008 оноос эмч, сувилагчдад энэ эмгэгийн талаар сургалт явуулах болсон. Мөн хэл яриа, гажиг засал, бөөр, чих, хамар, хоолойн эмч нартайгаа хамтран мэс заслын хоёр баг явдаг болсон.
-Орон нутагт ийм эмгэгтэй хүүхэд хэр олон байдаг бол. Ийм судалгаа бий юү?
-Уруул, тагнайн эмгэгтэй хүүхдийг тухайн орон нутгийн эрүү, нүүрний мэс заслын эмч хянах ёстой. Гэвч 15 аймагт л ийм эмч ажиллаж байна. Тэгэхээр хяналт ямар байгаа нь тодорхой.
-Уруул, тагнай нь сэтэрхий насанд хүрсэн хүн цөөнгүй таардаг. Ийм хүнд хагалгаа хийх боломжтой юу. Заавал бага насанд нь хийдэг үү?
-Эхээс төрөхдөө л эд эрхтний ямар нэг гаж хөгжилтэй байхыг төрөлхийн гажиг гэж нэрлэдэг. Ийм гажгийг хүүхэд байхад нь л засах хэрэгтэй. Насанд хүртлээ ямар нэг эмгэгтэй явах ёсгүй. Гэтэл орон нутагт уруул, тагнай нь сэтэрхий хүн мэс засалд ороогүй байх тохиолдол цөөнгүй. Тэдэнд энэ эмгэгийн талаар мэдээлэл сайн хүрээгүй, амьжиргааны түвшин тааруу нь ч нөлөөлсөн байж болох.
Манайх Хүүхдийн эмнэлэг учир насанд хүрэгчдийг хэвтүүлж эмчлэх боломжгүй. Тиймээс УНТЭ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эмч нартай хамтран ажиллаж байна. Тэд ийм эмгэгтэй хүнийг хагалгаанд бэлтгэсний дараа бид очиж мэс засал хийдэг. Энэ чиглэлээр тэндхийн эмч, мэргэжилтнүүдийг дадлагажуулж байна.
-Ийм төрлийн мэс засал нь гоо сайхантай салшгүй холбоотой. Ганц удаагийн мэс заслаар үр дүн гарах уу?
-Уруулын нэг болон хоёр тал сэтэрхий, хавсарсан зэрэг олон хэлбэрээр тохиолддог. Бүх эмчилгээ тогтсон стандарттай. Ямар эмчилгээг хэзээ хийх вэ гэж бодох зүйлгүй, стандартын дагуу тохирох насанд нь мэс засалд оруулна. Гэхдээ хугацаа алдсан ч мэс засал хийлгэх ёстой. Мэс заслын үр дүн, эмгэгийн хүнд, хөнгөнөөс шалтгаалж дахин хагалгаа хийх, эсэхээ шийддэг.
Анхдагч мэс заслыг сайн хийсэн тохиолдолд давтан хийлгэх, үгүй нь тухайн хүний сонголт. Өөрөөр хэлбэл, хоёр дахь шатанд гоо сайхны мэс засал хийнэ гэсэн үг. Уруулын анхдагч мэс заслыг гурван сар хүрсэн хүүхдэд, тагнайн анхдагч мэс заслыг 1-1.6 нас хүрсэн үед нь хийх нь зөв юм.
-Дээр хэлсэнчлэн ганц шүд цоорсноос болж аминд нь аюул учирна гэдэг үнэхээр харамсалтай. Та эцэг, эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Хүүхдүүдийн дунд шүдний гаралтай өвчлөл их байгаа нь маш харамсалтай. Эцэг, эхчүүд ядаж сард нэг удаа хүүхдийнхээ амыг ангайлгаад цоорсон шүд байгаа, эсэхийг л үзчих. Хэрэв цоорсон бол эмчлүүлэх хэрэгтэй. Энэ нь цаашид өвчин даамжирч, мэс засалд орж, аминд нь аюул учрах эрсдлээс хамгаална.
Эцэг, эхээс “Хүүхдийнхээ шүдийг яагаад арчлаагүй юм бэ” гэж асуухаар “Ажил ихтэй байсан” гэж хэлдэг. Энэ үнэхээр ойлгомжгүй хариулт.