Түлэгдсэн, хөлдсөн, осолд орсон, унасан, татсан, амиа хорлохыг завдсан, зодуулсан гээд өвчин, зовлондоо шаналсан олон хүнийг хүлээн авдаг ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн сувилагчийн нэг өдрийн ажлыг сурвалжиллаа. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, сувилагчдыг төрөөс дэмжихийг шаардаж буй энэ өдрүүдэд тэдний ажил, мэргэжлийн онцлог, ачаалал, бодит байдлыг харуулахыг зорьсон билээ.
08.30 цаг. Энэ үед тэдний ажил ид бужигнадаг аж. Харин өнөөдөр буюу тавдугаар сарын 11-нд Олон улсын сувилагчдын баярын өмнөх өдөр тохиосон учир тус эмнэлгийн дарга болон эмч нар хурлын танхимд бүх сувилагчдаа хүндэтгэн, баяр хүргэв. Цагаан нөмрөгөөрөө гангарсан тэд улаан сарнай барин инээмсэглэн зогсох нь жавхаалаг, сайхан харагдана. Ээлж солилцохоос эхлээд, өвчтөнөө хүлээн авах, бичиг цаасаа цэгцлэх гээд ундарсан их ажил хүлээж буй тул баярын арга хэмжээ тэгсхийгээд өндөрлөв.
Тархины мэс засалд орсон өвчтөнд их эмч Ө.Бямбаринчингийн хамт төвийн венийн гуурс тавьж байгаа нь
Үүний дараа Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Н.Оюунчимэгтэй уулзаж, сурвалжлагын гол баатартайгаа танилцлаа. Түүнийг Г.Отгонсүрэн гэдэг, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг 2005 онд төгссөнөөс хойш энэ тасагтаа тасралтгүй ажиллаж буй. Баярын өдрөөрөө тэрбээр сургуулийнхаа нэрэмжит шагнал хүртсэн юм. Өнгөрсөн онд Эрүүл мэндийн яамны жуух, “Сувилахуйн амьдрал” төвийн тэргүүн сувилагчаар өргөмжлөгджээ.
09.00 цаг. “Өчигдөр шөнө ачаалалтай хонолоо. 06.30 цаг хүртэл таван хагалгаанд орсон. 11 хүн байснаас нэг нь нас барж, нэг нь өөр тасаг руу шилжин, хоёр хүн шинээр ирлээ” гэж Г.Отгонсүрэнд ээлжээ хүлээлгэн өгч буй сувилагч Ш.Буянжаргал танилцуулав. Хэвтэж буй хүмүүсийн биеийн байдлыг нэг бүрчлэн лавлан хүлээн авдаг юм байна. Дорноговь аймагт авто осолд орж, ухаангүй ирсэн Ц-ийн бие овоо сайжирсан тул Хавсарсан гэмтлийн тасаг руу шилжүүлэхээр болжээ.
Тархины хавдар нь дотроо задарсан гэсэн оноштой, энэ тасагт хэвтэж буй хамгийн өндөр настан 85-тай Л-ийн биеийн байдал хэвийн хоножээ. Харин машинд дайруулж, маш хүнд гэмтэн ухаангүй хэвтэж буй эмэгтэйг харахаас нүд халтирам. Тэрбээр хоёр хоногийн өмнө Эрчимт эмчилгээний тасагт 103-ын машинаар хүргүүлж ирсэн бөгөөд өчигдрөөс нэр, хаяг нь тодорхой болсон гэнэ. Авто замаас хол явж байсан түүнийг болон өөр хоёр хүнийг согтуу жолооч дайрснаас нөгөөдүүл нь мэс засалд яаралтай орсон байна. “Нэр, хаяг нь тодорхойгүй хүн цөөнгүй ирдэг. Цагдаа нар овог нэрийг нь тодруулах, зарим тохиолдолд ар гэр нь хайж ирдэг юм.
Гэмтлийн зэргээс шалтгаалан хэдэн сараар ч ухаангүй байх нь бий” гэж сувилагч Г.Отгонсүрэн хэлэв. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархины хагалгаанд орж, 03.00 цагт ирсэн нэгэн залууд шинжилгээ хийлгэж, компьютерт томографикт харуулан, цээж, аарцагны зураг авахуулснаа Ш.Буянжаргал учирлав. Өвчтөн бүрийн уян зүү хэвийн байна уу, биеийн аль нэг хэсэгт холгож, цоорсон, эсэхийг нэгбүрчлэн шалгалаа.
Дорноговь аймагт авто осолд орж, ухаангүй ирсэн Ц-ийн бие овоо сайжирсан тул Хавсарсан гэмтлийн тасаг руу шилжүүлэв
Хөдөлгөөнгүй удаан хэвтсэнээс арьс нь цоордог учир өвчтөний байрлалыг 2-3 цаг тутам сольж эргүүлдэг юм байна. Амьсгалын аппаратаар амь зогоож буй тэдний дунд таван настай хүү өөрийн эрхгүй зүрх шимшрүүлнэ. Авто осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авсан хөөрхий хүү энэ тасагт долоо хонож буй аж. Тэрбээр өглөө, оройдоо шингэн зүйл ууж байгаа бөгөөд халуураагүй хоножээ. Түүний цаана хэвтэж буй О-гийн бие дажгүй болсон тул энгийн тасаг руу шилжүүлэх гэнэ.
“Эмч ээ, сувилагч аа” гэж чанга орилох залуу мотоциклоос унаж, хүнд гэмтэн тус эмнэлэгт иржээ. Тэрбээр Төв аймгаас ирсэн бөгөөд 05.00 цагаас хойш л “Эмч ээ” гэж орилсоор байгааг сувилагч хэлэв. Энд хэвтэж буй хүний олонх нь зам, тээврийн осолд орсон бөгөөд явган явж байгаад золгүй явдалд өртсөн нь цөөнгүй. Хурд хэтрүүлж, дүрэм зөрчин ганцаараа яваа мэт авирладаг хэн нэгний буруугаас олон хүний амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Өөрийн болон өрөөлийн амийг атгаж яваагаа жолооч бүр санахад илүүдэхгүй биз.
10.35 цаг. Баярын арга хэмжээ гээд ээлж солилцох хугацаа бага зэрэг оройтсон ч Г.Отгонсүрэн шуурхай ажиллаж, өвчтөн бүрээ хүлээн авсны дараа хатуу хяналтад хадгалж, түгээдэг сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах эм, бодисын зарцуулсан тоо ширхгийг нь шалгаж, гарын үсэг зурав. Эмчийн бичсэн зааврын дагуу өвчтөн тус бүрийн эмчилгээг эхэллээ. Нэг ээлж хоёр эмч, гурван сувилагчийн бүрэлдэхүүнтэй. Энэ удаа эмч О.Гантогтох, Ө.Бямбаринчин сувилагч Г.Отгонсүрэн, П.Бямбацэрэн, Б.Золжаргал нар нэг баг болов.
Г.Отгонсүрэн сувилагчдаа ахалж, бүх эмчилгээ, сувилгааг нь гардан хийлээ. Өвчтөний эмчлэгч эмч өдөр бүр солигдохгүй бөгөөд анх үзсэн эмч өөр тасаг руу шилжтэл хариуцдаг гэнэ. Гол баатар маань хяналтын хуудсанд бичсэн эмчилгээг өвчтөнд хийсний дараа улаан өнгөөр тэмдэглэж, даралт, зүрхний цохилт зэрэг амин үзүүлэлтийг бүгдийг нь бичив. Үүний зэрэгцээ асаргаа, сувилгааны ажлаа ч амжууллаа. Туслах хоёр сувилагч нь 24 цагаар ажиллаж буй учир өдрийн ээлжинд ирж чадахгүй байгаа аж. Тиймээс
Г.Отгонсүрэн асрагчийнхаа хамт өвчтөний өтгөн, шингэнийг цэвэрлэхээс гадна хооллож, ундлах, зураг авахуулах, компьютерт томографикт харуулах зэргээр нэг хором ч амсхийх чөлөөгүй ажиллана. Байсхийгээд л “эмч ээ” гэж дуудах залууд тариураар соруулан шингэн юм уулгаж байтал эвгүй үнэр хамар цоргиов. Нэг өвчтөн нь хүндэрсэн тул асрагчаа дуудан хоёул живхийг нь сольж, биеийг нь нойтон сальфеткаар цэвэрлэн, бүлээн усаар угаалаа.
Дараа нь түүнийг байршлыг сольж, хажуу тийш нь харуулаад хоёр өвдөгнийх нь хооронд холгохоос сэргийлэн шар будаатай дэр хавчуулав. Үүний дараа өөр нэг өвчтөнийг компьютерт томографикт харуулахаар авч явсан юм. Хэвтэж буй зориулалтын ор нь цахилгаан шатаар багтахгүй учир өөр жижиг ор руу шилжүүлдэг юм байна. Ингэхэд нэг бус хүний туслалцаа хэрэгтэй тул бүгд л өвчтөнийг тал талаас нь өргөж туслав.
11.30 цаг. Сэхээн амьдруулах тасгийн эмч нар сувилагчдаа хуйцаагаар дайлсан юм. Тэд хоолоо нэг нэгээрээ ээлжлэн идсэн бөгөөд Г.Отгонсүрэн нэлээн хожуу орж ундлав. Ажил ихтэй үед идэж, уух, бие засахаа ч мартаж орхидог гэнэ. Гэрээсээ хоол хийж ирэхгүй бол эмнэлгийн цайны газар руу орж хооллох цаг байхгүй аж. Амьдрал нь хормоор хэмжигдэж буй өвчтөнөө орхиод явах зүрх зориг, сэтгэл тэдэнд үгүй. Тиймээс ганц нэгээрээ ээлжлэн хооллосон болдог гэнэ. Ухаангүй, хүнд өвчтэй хүмүүсийн дунд ажиллана гэдэг хүсэх зүйл биш.
Гэвч тэд өргөсөн тангарагтаа үнэнч, ажилдаа хайртай учраас л тэсдэг бололтой. Удаан байвал сэтгэл хямрах учраас ч тэр үү эмч, сувилагчид нь аль болох хөгжилтэй, тайван байхыг хичээдэг юм билээ. Тасгийн зөвлөх эмч Ж.Батмагнай “Нийт гэмтлийн 90 хувь нь авто ослоос болж байна. Энд амь тэнссэн үеийн эрчимт эмчилгээ хийдэг тул маш хүнд хүмүүс ирдэг. Сувилагчийн орон тоо дутуу, 2-3 хоногоор дараалан ажиллах нь ч бий. Тэдний ахуй хангамжийг сайжруулах, цалин хөлсийг нь нэмэх зайлшгүй шаардлагатай. Францад хоёр өвчтөний дунд нэг сувилагч ногддог бол манайд 10 гаруй өвчтөний дунд гурван сувилагч ажилладаг. 24 цагийн турш тасралтгүй эмчилгээ хийж, биеийг нь угаахаас эхлээд бүх л асаргаа сувилгааг хийж байна” гэв.
13.00 цаг. Сувилагч П.Бямбацэрэнгийн Эм зүйн албанаас авчирсан эм, тариаг Г.Отгонсүрэн хүлээн авлаа. Баярын өдөр гээд дөрвөн хоногийн эм, тарианы нөөцөө урьдчилаад авсан учир дутуу ганц хоёр тариагаа авч байгаа нь энэ аж. Тасгийн хоёрхон эрэгтэй сувилагчийн нэг П.Бямбацэрэн багаасаа л эмнэлгийн хүн болохыг мөрөөддөг байсан гэнэ. Тэрбээр хүч шаардсан бүх л ажилд ханцуй шамлан ордог юм билээ. Тасгаас хоёр том хүн, таван настай хүүг Хавсарсан гэмтлийн тасаг руу шилжүүлэхэд түүний тус хамгийн их байв. Нэг сайхан мэдээ дуулгахад, тус эмнэлэг 2015 онд хүчилтөрөгчийн үйлдвэртэй болжээ.
Франц улсын тусламжаар уг үйлдвэрийг барьсан бөгөөд бүх л тоног төхөөрөмж, зориулалтын орыг нь шинэчилж өгсөн гэнэ. Ийм үйлдвэргүй байхдаа цахилгаан станцаас хүчилтөрөгч худалдан авдаг байжээ. 20-иод баллон хүчилтөрөгч авахад өдөртөө хүрэхгүй тохиолдол ч гардаг байсан аж. Өмнө нь аппаратны хүчилтөрөгч дуусахаар цахилгаанчид ирж, баллоныг солих зуур гар аргаар ажиллуулдаг байжээ. Тэр ч бүү хэл, тусгай гуурсаар өвчтөний шүлс, цэрийг соруулдаг болжээ.
Урьд нь гар шахуурга хэрэглэдэг байсан гэнэ. Ухаангүй, согтуу ирсэн өвчтөн хуруундаа зүүсэн хүчилтөрөгчийн аппаратыг эвдчихдэг гэмтэйг ч дуулгав. Аппаратны сэлбэг нь Монголд байхгүй учир асуудал гардаг гэнэ. Энэ цагт болон өглөө, орой ар гэрийн эргэлт оруулдаг юм байна. Цэнхэр нөмрөгтэй олон хүний хөлд дарагдсан учир зурагчныхаа хамт өрөөнөөс нь түр гарлаа.
14.30 цаг. Эрчимт эмчилгээний тасгийн сувилагчид бүгд мэдээгүйжүүлэлт хийж сурчээ. Тиймээс тэдний зарим нь мэс засал хийхэд тусалдаг юм байна. Г.Отгонсүрэнг хагалгаанд оролцуулахаар болсон ч тасгийн өвчтөнүүддээ санаа тавих хэрэгтэй тул өөр сувилагч томилов. Энэ үеэр ШШҮХ-гийн эмч ирж нэр, хаяг нь тодорхойгүй ирсэн эмэгтэйн биеийн байдлын талаар бичиж тэмдэглэв. Хэргийн хохирогч, гэмт этгээд аль аль нь энд хэвтдэг учир цагдаагийн байгууллагын хүсэлтийн дагуу шинжээч эмч нар ирж ажилладаг юм байна. Тус эмнэлгийн хонгилд шүүх эмнэлэг байрладаг бөгөөд талийгаачдыг тэнд задлан шинжилдэг гэнэ.
15.00 цаг. Дусал залгах, өтгөн, шингэн цэвэрлэх, өвчтөнөө зөөх, бичиг баримт цэгцлэх гээд суух завгүй сувилагч бүсгүйн хөлд чирэгдэх шахсанаа нуух юун. Түүнийг ажлаас нь хүчээр шахуу холдуулж, хэдэн асуултад хариулт авлаа. “Амсхийх завгүй байх юм. Хөл чинь өвдөж байна уу” гэхэд “Хөл өвдөхийг тоохоо больсоон. Харин ухаангүй өвчтөн нааш цааш зөөх, нэгээс нөгөө ор руу өргөсөөр байгаад эмч, сувилагчгүй нурууны өвчтэй боллоо. Миний нуруу байнга өвддөг. Хагалгаанд орсон ч зовиуртай л байна” гэв.
Тэрбээр Төв аймгийн Борнуур сумын харьяат. Аавынхаа 52, ээжийнхээ 40 гаруй насанд төрсөн айлын хэнз охин. Өндөр настай аав нь охиноо сувилагч болгоно хэмээн гараас нь хөтлөн Сувилахуйн сургуульд оруулсан түүхтэй. Түүнийг хоёрдугаар курст байхад аав нь өөд болжээ. Цус харвасан аавыгаа асарч тойлж, алган дээрээ бөөцийлж байгаад буцаасан тухайгаа яриад нулимс нь бүрхээд ирэв. Сургуулиа дөнгөж төгсөж, сувилагч болсныхоо хэргийг гаргадаг дээр ээж нь элэгний хавдрын улмаас хорвоог орхисон гэнэ. Энэ хүнд хэцүү үеүдэд тасгийнх нь хамт олон түүнд маш их тусалж, дэмжиж байсан учир талархаж явдгаа хэлсэн. “Эмчлүүлж байсан хүн өнгөрөхөд хамгийн хэцүү, эдгэрээд энгийн тасагт шилжихэд сайхан даа. Энд тэнд явахад мэндлээд “Танд баярлаж явдаг шүү” гэж хэлэхэд нь ажлаараа омогшдог юм” гэж ярих өр нимгэн сувилагч бүсгүйгээр бахархсан.
“Анх ажилд ороод хүн өнгөрөхөөр их уйлдаг байж. “Ар гэрийнх нь дэргэд уйлж болохгүй” гэж эмч, туршлагатай сувилагч нартаа зэмлүүлж, хүнгүй газар очиж сэтгэлээ онгойлгодог байлаа. “Өглөө нь эрүүл саруул инээгээд гарсан хүн гэнэт осолд ороод ухаангүй болчихоор ар гэрийнх нь ямар байх билээ. Болохоосоо болохгүйг хүртэл бүх арга хэмжээ авсан ч биеийнх байдал нь сайжрахгүй байсаар нүд анихад сэтгэлээ барьж чаддаггүй байв. Бид амьсгалыг нь аппаратаар удирдаж байгаа ч зүрхийг нь зохиомлоор цохилуулж чадахгүй шүү дээ. Ажилд ороод удаагүй байсан юм. Хүнд өвчтэй хүн ирж, шөнөжингөө “ноцолдсон” ч аварч чадаагүй.
Ар гэрийнхэн нь ирээд “Та нар алуурчин. Та нар алаад хаячихлаа” гэж орилон нэг сувилагчийг маань цохиод авахад их цочирдсон. Гэвч хайртай хүнээ алдсан хүмүүс шүү дээ гээд аль болох ойлгож, тайван хандахыг хичээдэг болсон. Заримдаа өвчтөнөө зүүдэлж сэрнэ. “Яаж хоносон бол” гээд бодож ирдэг юм” гэв. Г.Отгонсүрэн дөрөв, найман настай хоёр хүүхдийн ээж. Нөхөр болон хадам аав, ээж нь ар гэрийг нь авч явдаг аж. “Бэр минь хүнд ажил хийдэг” хэмээн хадмууд нь ихэд санаа тавьдаг гэнэ. Тэрбээр цалингийн зээлтэй бөгөөд гэр хороололд амьдардаг аж. Сувилагчдын олонх нь гэр хороолол, түрээсийн байранд амьдардаг гэсэн. Ажлын нөхцөл хүнд хэмээн бусад сувилагчаас илүү нэмэгдэл авдаг ч сарын цалин нь хаанаа ч хүрэлцдэггүй гэлээ.
16.30 цаг. Осолд орж ухаангүй хэвтэж буй эмэгтэй 40 хэмээс дээш халуурч байсан тул цээжин биеийг спиртээр арчиж, толгой дээр нь хүйтэн жин тавив. Мөн мотоциклын осолд орсон залуугийн шархыг цэвэрлэн метиллийн спиртээр арчиж өглөө. Тус эмнэлгийн Хүлээн авах тасгаар өдөрт 250-300 хүн үйлчлүүлдэг бөгөөд баяр ёслолын өдрөөр 400 давдаг гэнэ. Сургууль, цэцэрлэг амрахаар багачууд хараа хяналтгүй болж, түлэгдэх, зам, тээврийн осолд өртөх нь эрс ихэсдэг учраас эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулахыг сониноор дамжуулан тэрбээр хүссэн юм.
Тоглож, наадах насандаа толгойндоо хүнд гэмтэл авч ухаангүй хэвтэж буй таван настай хүү шиг хүүхэд энд олон битгий ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүснэм. Тархи нь үхэжсэн ч бусад эрхтэн нь хэвийн ажиллаж буй хүмүүсийг клиник үхэлд орсон гэх. Ийм хүн энд хэд байв. Гэвч эндхийн эмч, сувилагчид тэднийг ухаан оруулахын төлөө шантралгүй зүтгэнэ. Эмчилгээ, сувилгааны үр дүн гарч, ухаан орсон нэгнээ харж, урамших нь тэдний ажлын юутай ч зүйрлэшгүй аз жаргал гэлтэй.
17.30 цаг. Энэ үед шөнийн ээлжнийхэн ажил хүлээлцэхээр ирэв. Харин Г.Отгонсүрэн сувилагч хонож ажиллах юм. Хэдийгээр ээлж буух байсан ч нэгнийхээ оронд ажиллахаар болжээ. Мөн өдрийн ээлжийн хоёр эмч дээр нэмэгдэн их эмч Оюунчимэг, Пүрэвдорж нар ирсэн бол асрагч Эрдэнэчимэг, сувилагч Хажидсүрэн, Нандиндулам, туслах сувилагч Дуламсүрэн ажиллах юм. Баасан, бямба гаригийн орой шоудсан нөхөд асуудал тарьж, Гэмтлийн эмнэлгийн ачааллыг эрс нэмдэг.
Харин энэ баасан гаригийн орой ачаалал харьцангуй гайгүй байсан бөгөөд авто осолд орсон нэг хүн нэмэгдэж ирсэн тухай Г.Отгонсүрэнгээс утсаар мэдээлэл авав. Тэрбээр бямба гаригийг өглөө буусан ч өчигдөр мөн ажиллаж байлаа. Ээлжийн амралт эхлэхээр сувилагч хүрэлцдэггүй учир ингэж ажиллах нь хэвийн үзэгдэл гэнэ. Төрсөн үр хүүхэд нь ч настай эцэг, эхээ асран халамжлахгүй, зөнд нь орхих явдал цөөнгүй. Харь элгийн нэгний төлөө нулимс унаган, хоёргүй сэтгэлээр зүтгэх сувилагч Таны ажил үйлс гэгээн байг ээ.