“Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл” ТББ-аас ЕБС-ийн сурагчдад эмийн туршилт хийж байгаа талаар гурав хоногийн өмнө олон нийтэд мэдээлсэн. Тухайлбал, тус зөвлөлийн тэргүүн Б.Алтанжолоо энэ талаар “2015 онд ЭМЯ, БСШУСЯ-ныхан “Эрүүл мэндийн үүсгэл” гэх компанид зөвшөөрөл олгож, туршилтын аминдэмийг долоо хоног тутамд нэг тун уулгаж байна. Хаана ажилладаг, хэн болох нь тодорхойгүй хүмүүс сургуулиудад очиж, хүүхдүүдийг хяналтдаа авч, аминдэм уулгаж байна. Гурван жил үргэлжлэх эл хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд эхнээсээ уушгины өвчин тусах болсон" хэмээсэн. Тэгвэл уг мэдээлэлд залруулга хийхээр “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Уянга тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Харвардын их сургуулийн албан ёсны эрдэм шинжилгээний нэгж байгууллага буюу MHI нь ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн далд халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө судалгааг ЭМЯ-ны Ес зүйн хяналтын хороо, АШУҮИС-ийн эрдмийн зөвлөл, Харвардын их сургуулийн Ес зүйн хорооны зөвшөөрөлтэйгөөр хийж байгаа аж. Судалгаанд 6-13 насны 9814 хүүхэд хамрагдсанаас 946 нь далд халдвартай гарчээ. Иймд нарийн шинжилгээ хийхэд 129 хүүхэд нь идэвхитэй сүрьеэ хэмээн оношлогдож, зарим нь ХӨСҮТ-д, зарим нь дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин үлдсэн 700 гаруй хүүхэд эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд долоо хоног бүр үзлэг шинжилгээнд хамруулдаг болохыг энэ үеэр мэдээлэв.
Энэ талаар “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Уянга "Судалгаанд оролцогч хүүхдүүдийн уусан Д аминдэмийг туршсан хэрэг огт биш. Үүгээрээ Д аминдэмийг Монгол хүүхдүүд ямар тун, хэмжээгээр уувал сүрьеэгээс сэргийлэх боломжтойг судалж байгаа. Амьдрах орчин, бохирдлоос шалтгаалан хүүхдүүдийн арьсаараа дамжуулан тус аминдэмийг нарнаас авах боломж нь хангагдахгүй байгаа учир олон улсын стандартад нийцсэн, хадгалах, тээвэрлэх горимыг ёсчлон биелүүлсэн чанарын сертификат бүхий Д аминдэмээр хангахыг зорилго болгон ажиллаж байна. Судалгаанд ашиглаж буй аминдэмийг АНУ-ын Тишкон корпорац үйлдвэрлэсэн бөгөөд аминдэмийн идэвхт бодисын тун байх ёстой хэм хэмжээндээ тохирсон, хоёр жилийн баталгаат хугацаатай гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Харин судалгааны талаар ташаа мэдээлэл тараасан байгууллагыг зохих хууль ёсны байгууллагад хандан шалгуулна" хэмээн мэдэгдэв. Мөн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн биеийн байдал сайн, ямар нэгэн өвчин туссан гэх гомдол мэдээлэл ирүүлээгүй болохыг мэдэгдсэн юм.