Тоос гэдэг нь агаарт удаан хугацаагаар чөлөөтэй хөвмөл байдлаар байх чадвартай, хатуу жижиг хэсгүүд юм. Тоос нь агаарт цацарсан, манан, утаа хэлбэрээр байж болно. Гарал үүслээр нь байгалийн гаралтай, хүний үйл ажиллагаатай холбоотой гэж авч үздэг.
Тоос үүсгэх эх үүсвэрүүд:
- Дулааны цахилгаан станцууд
- Халаалтын зуухнууд
- Мод, нүүрс түлэх
- Авто тээврийн хэрэгслүүд
- Хучилтгүй зам, сул хөрс шороо
- Ой хээрийн түймэр
- Баригдаж буй барилга, байгууламжууд
- Элс, хайрганы орд газрууд
- Тоосго, цемент, блокны үйлдвэрүүд
- Металлургийн үйлдвэр
Нүүрсний шаталтаас гарч байгаа хий дэх хагас дэгдэмхий элементүүд нь хүйтэн цагт гадаад орчны агаартай холилдон тоосонцор болдог ба ширхэглэг нь бүрэн шаталтын хэмжээ болон орчны нөхцлөөс шууд хамаардаг байна.
Тоосонцрын ширхгийн голч нь 2.5 микроноос бага хэмжээтэй байвал нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM2.5, 10 микрон түүнээс бага хэмжээтэй тоосыг том ширхэглэгт тоосонцор буюу PM10 гэж тус тус гэцгээдэг. Тоосны ширхэгийн ангиллыг ойлгохын тулд хэмжих нэгж, хэмжээнийнх нь талаар ярих нь зүйтэй. Тоосны ширхэгийн хэмжээг микрометр [мкм] нэгжээр хэмждэг. 1000 мкм нь 1 миллиметртэй тэнцдэг. Хүний үсний диаметр дунджаар 50-70 мкм, голын эрэгний элсний ширхэг 90 мкм орчим диаметртэй байдаг.
Улаанбаатар хотын агаар дах том ширхэглэгт тоосонцрын жилийн дундаж агууламж 2014 онд 189 мкг/м3-д байсан ба түүнийг 2010 оны үзүүлэлттэй харьцуулахад 35 мкг/м3-аар буюу 23%-иар их байсан бол 2011 оныхтой харьцуулахад 40 мкг/м3-аар буюу 17%-иар, 2012 онтой харьцуулахад 69 мкг-аар буюу 27 хувиар, 2013 онтой харьцуулахад 6 мкг-аар буюу 3 хувиар тус тус бага байна. 2010-2014 оны том ширхэглэгт тоосонцрын жилийн дундаж агууламжийг агаарын чанарын стандарт дах хүлцэх хэмжээтэй харьцуулахад 2010 онд 3.1, 2011 онд 4.6, 2012 онд 5.2, 2013 онд 3.9, 2014 онд 3.8 дахин тус тус их байна.
Нарийн ширхэглэгт тоосонцрын 2014 оны жилийн дундаж агууламжийг 2011 оныхтой харьцуулахад 68 мкг/м3-аар буюу 51%-иар, 2012 оныхтой харьцуулахад 42 мкг-аар буюу 40%-иар, 2013 оныхтой харьцуулахад 20 мкг-аар буюу 24%-иар тус тус бага байна. Нарийн ширхэглэгт тоосонцрын 2014 оны жилийн дундаж агууламж 64 мкг/м3-д хүрч агаарын чанарын стандарт дах хүлцэх хэмжээтэй харьцуулахад 2.6, 2011 онд 5.3, 2012 онд 4.2, 2013 онд 3.4 дахин их байна.
Тоосонцрын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө:
Хүний биед агаараас орсон тоос, мананцар, уур, давирхайлаг бодисын том ширхэгтэй нь эхлээд амьсгалын дээд замын эрхтэн хамар, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн үс, намираа хучуур эдэд баригдан дээрх эрхтэнүүд цэр, нустай хамт гадагш гаргадаг.
Харин нарийн ширхэглэгт тоосонцор механик хольцууд нь хамар, төвөнх, гуурсан нь хоолойн салбарласан бүдүүн хэсгээр дамжин орж, уушгины цулцан гуурсан хоолойн нарийн хэсгүүдэд гүнзгий нэвтрэн орж, цулцангийн дотоод гадаргууг бүрхэн гэмтээж, уушги тоосжих өвчнийг үүсгэж уушгины дотоод гадаргуугийн талбайг багасгадаг.
Мөн нарийн ширхэглэгт тоосонцрууд нь гуурсан хоолойн нарийн сүвүүдийг бөглөж, цулцанд орох хүчилтөрөгч бүхий цэвэр агаарыг саатуулж, уушги мөгөөрсөн хоолойн үрэвсэлт (уушгины хатгалгаа, бронхит гэх мэт) өвчнийг үүсгэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
Агаар мандалд буй хийн болон шингэн төлвийн тоосонцрын диаметрээс хамаарч тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл харилцан адилгүй байдаг.
РМ2.5 мкм буюу нарийн ширхэглэгт тоосонцор нь уушгин дах цусны эргэлтийн агаар солилцдог гүн хэсэгт тогтох аюултай байдаг ба 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.
Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчин, титэм судас, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд тоосонцорт илүү мэдрэмтгий байдаг. Нүд үрэвсэх, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, ханиалгах, амьсгал давчдах зэрэг нь тоосны нөлөөнд өртсөний нэг шинж тэмдэг юм.
Сэргийлэх арга:
Манай “Ойн тухай” хуулинд Монгол улсын иргэн бүр жил бүр 1 мод, аж ахуйн нэгж бүр 5 мод тарьж байхаар, “Газрын тухай хууль”-ийн 56.6-д зааснаар хот тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрынхаа 10%-иас доошгүйг ногоон байгууламжтай байлгахаар заажээ. Хөгжилтэй орнуудын жишгээс харахад хот суурины эдэлбэр газрын 20-иос доошгүй хувь нь ногоон байгууламж байдаг бол манай оронд энэ үзүүлэлт 2-3 дахин бага байна. Нэг га талбайд мод сөөг, зүлэг тарихад 18 сая м3 агаар дах утаа тортгийн 35.5 %-ийг шингээж, агаарт дэгдсэн тоос, шорооны 64.5%-ийг намжаах, дуу, шуугианы 26%-ийг замхруулж, нарны хурц төөнөлтийн 10-15 дахин багасгаж, аагим халуун, цочир хүйтрэлийг 2-3 градусаар бууруулах нөлөөтэйг тогтоожээ.
Мөн нарны эрчим хүч ашиглах, гялгар уут, машины дугуй, гутал, хувцас зэргийг түлэхгүй шатаахгүй байх (Ахуйн хог болон резин, машины дугуй зэрэг хорт нэгдэл агуулсан хаягдал бүтээгдэхүүнийг шатаах нь таны болон танай гэр бүлийхний амьсгалах агаарыг хорт бодисоор бохирдуулж олон төрлийн өвчлөлийг үүсгэх аюултай), ахуйн хэрэглээнээс гарсан хог хаягдлаа ангилан, ялгаж хуваарийн дагуу хот тохижилтын машинд ачуулж хэвших, стандартын 00, бохирын цооногтой болох, гудамжаар явахдаа хогоо ил хаяхгүй байх, хогийн саванд хийж хэвших, ойрхон газар алхаж явах, дугуй унаж хэвших, нийтийн тээврээр зорчих, тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрөө цаг тухайд нь төлж байх хэрэгтэй.
Бусад улс орнуудын туршлагаас дурдахад:
Түүхий нүүрсний хэрэглээг зогсоон хийн түлшийг өргөнөөр хэрэглэдэг болсон ба бохирдуулагч бодис гаргаж буй эх үүсвэр бүрийг хяналтанд оруулдаг ажээ. Мөн тээврийн хэрэгсэлд хяналт тавихын тулд тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч, ашиглагч, түлшний чанар, хяналт, байцаагчийн талаар нарийн журам тогтоож өгсөн байна. Хотын тоосжилтонд тавих хяналтыг сайжруулах, тоосыг бууруулахын тулд ойжуулалт, нэг хүнд ноогдох бүсийн талбайг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэнээр амжилтанд хүрсэн байгаа юм. Бид ч гэсэн өвөл зуны алинд нь тоосжилт болон бохирдлыг багасгахын тулд иргэн бүр хичээх хэрэгтэй.