Монгол улсад 2018 оны 4 дүгээр сарын 6-ны байдлаар өмнөх оны мөн үеэс төрөлт нэмэгдсэн хэдий ч эх эндсээр байна. Эхийн эндэгдлийн олонх эх барихын бус шалтгаантай байгаатай холбогдуулан ЭХЭМҮТ-өөс 2018 оны 4-р сарын 9-нд “Жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхийн жирэмслэлт, төрөлтийн явцыг хянах, удирдах” сэдвээр аймаг, хотын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурлыг зохион байгуулав.
Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдан, ЭХЭМҮТ-ийн зүрх судасны эмч, АУ-ны магистр, клиникийн профессор Г.Сэлэнгэ “Зүрхний өвчин ба жирэмсэн”, дотор, зүрх судасны эмч Ж.Сугир “Бөөр шээсний замын халдвар ба жирэмсэн” сэдвээр мэдээлэл хийлээ.
Цахим хуралд эмч мэргэжилтэн бүхий 168 хүн оролцлоо. Уг сургалт нэн хэрэгцээтэй байгааг дурьдаад, хичээлийг давтан авч байхыг санал болголоо. Иймд уг хичээлийг эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлж, төвийн сайтад байршуулахаар болжээ.
Эх сурвалж: ЭМЯ