-Ходоодоо хоёр жилд нэг удаа заавал дурандуулаарай-
Хоол тэжээлийг хүний эрхтэнтэй холбож өгдөг гүүр бол ходоод. Хоол боловсруулах энэ эрхтний гол үүрэг нь хүчил ялгаруулах. Ингэснээр хоолны найрлага дахь уургийн бодис, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүнийг задалж, боловсруулдаг гэдгийг хүн бүр мэднэ. Хэрэв бидний ходоод ярьдаг байсан бол “Хэт халуун хоол, шингэн зүйлс битгий идэж, уугаач, хеликобактериа эмчлүүлээч, ходоодоо дурандуулаач” гэж аминчлан гуйх байсан болов уу.
Урьдчилан сэргийлэх арга нь тодорхой, илрүүлэх боломжтой, хорт хавдартай байлаа ч эрт үедээ бол эдгэрдэг байтал бидний олонх хожимдсон хойноо эмчид хандаж, энэ өвчнөөр олноороо эндсээр байгаа нь харамсалтай.
Манай улс Азийн бүсийн орнуудын дотор ходоодны хорт хавдрын өвчлөлөөр хоёрдугаарт орж байна. Аюулын харанга дэлдээд буй хорт хавдрын удаах байранд ходоод орж буй нь хаана хаанаа анхаарах цаг болсныг илтгэнэ. Улсын хэмжээнд бүх төрлийн хавдрын эмчилгээ хийдэг ХСҮТ-өөр үйлчлүүлж буй хүмүүсийн 89 хувь нь хожуу үедээ оношлогдож байгаа юм. Энэ хэрээр эмчлэгдэх боломж буурна гэсэн үг.
Бусад хөгжилтэй улсад эрт үеийн илрүүлэг 80-90 хувьтай байхад манайд эсрэгээрээ байгаа нь энэ өвчнийг хүндрүүлэх гол шалтгаан болж буйг эмч нар учирладаг. Тиймээс бүх хүнийг ялангуяа, 40 нас хүрсэн бол заавал ходоодоо дурандуулахыг зөвлөж байна. Ингэснээр ходоодны шарх, үрэвсэл, ургацаг цаашлаад хорт хавдар болохоос өмнө мэдэх, эрт үед нь эмчлүүлэх боломж бүрдэх юм.
Харин иргэдийн олонх нь “Ходоод дурандуулах муу”, эсвэл “Дотор муухайраад хэцүү” гэсэн ялихгүй шалтгаанаар энэ аюулт өвчнийг даамжруулж байна. Аймаг, дүүргийн нэгдсэн болон III шатлалын эмнэлгүүдэд Дурангийн кабинет гэж бий. Мөн хувийн эмнэлэгт ч дурандуулах боломжтой учраас эрүүл мэнддээ цаг гаргах нь хорт хавдраар хорвоог орхихоос сэргийлж чадахыг эмч нар хэлж байна. Ходоод дурандуулах нь ямар ч аюулгүй гэдгийг онцолсон.
Ходоодны хорт хавдрын үед мэс засал хийхээс өөр эмчилгээ байхгүй учраас хэрэв ийм онош тодорч, тэр нь баталгаажиж, эмч “хагалгаа хийнэ” гэсэн л бол цаг алдахгүй байх хэрэгтэй юм байна. Гэтэл манайхан мэс засалд орохоос эмээж, өөр элдэв арга чарга хайн, бөө, ламд хандаж, энерги, тан, эм тариа гэж явсаар байгаад ходоод нь цоорч, цус алдсан үедээ “Амь авраач” хэмээн ирдэг гэж ХСҮТ-ийн эмч ярьсан.
Тэрбээр “Ямар ч бариа засал, энерги эмчилгээ хорт хавдрыг эмчлэхгүй. Иргэдийг ингэж мунхруулж буй хүмүүс гэмт хэрэг үйлдсэнээс ялгаагүй” хэмээн хатуухан хэлнэ лээ. Өнгөрсөн онд хорт хавдрын хэмжээ нь 1.5 см байсан хүн мэс засалд оролгүй, арга саам хайж явсаар эцсийн шатанд орсон хойноо ирсэн гэнэ. Энэ мэт жишээ олон байдаг учраас ходоодоо “аврагдах” боломжгүй болохоос нь өмнө, өөрөөр хэлбэл, ямар нэгэн зовиур илрээгүй байсан ч дурандуулж занших хэрэгтэй юм байна.
Бид нүдэнд ил харагдах шархаа тэр даруй эмчилдэг хэрнээ хамгийн чухал үүрэгтэй дотор эрхтнүүдээ зөнд нь орхидог гэмтэй. Дүлий эрхтэн гэгддэг элэг, ходоод зэрэгт ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илрэхийг хүлээх бус, “Эрүүл байна уу” гэдгээ л шалгаж байх нь эрсдэлээс сэргийлэх алхам юм.
Дээхнэ үед шохой ууж, рентгенд харуулж, ходоодоо эрүүл, эсэхийг мэддэг байж. Энэ нь ямар нэгэн дүрсний сүүдэр төдийг гаднаас нь хараад л тодорхойлж, хэлбэр, хэмжээг нь хэлдэг учир төдийлөн найдвартай биш гэнэ. Харин ходоодны дуран нүдээр харж байгаа юм шиг бүхнийг ил гаргаж чаддагаараа давуу талтай. Хэрэв ходоод үрэвссэн бол тэр хэсгээс нь эд авч хавдар мөн, бишийг нь тодруулдаг юм байна.
Хэт мэдрэг хүмүүсийг унтуулаад дурангаар хардаг болсон учир үүнээс түвэгшээх, дараа нь гэж цаг алдах хэрэггүй гэнэ. Элэгний хавдрыг хагалгаа хийхгүйгээр түлэх, шарах, тарих гээд эмчилгээний олон арга байдаг бол нэг хагалсан ходоод үсэрхийлбэл дахин мэс засал хийхэд хүндрэл гардгийг ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, анагаах ухааны доктор, зөвлөх эмч Я.Эрдэнэ-Очир хэлсэн.
Нүүр царай бол ходоодны толь гэж ярьдаг. Энэ нь идэж, ууж буй хоол хүнстэй салшгүй холбоотой. Гэхдээ хүн бүр өөрийн боломж бололцооны хэрээр аминдэм, хэрэгцээт тэжээлээ авдаг учир хоол хүнсэндээ анхаарахаас илүү хеликобактериа эмчлүүлэх, урьдчилан сэргийлж дурандуулах нь чухал аж. Давсны хэрэглээ ихтэй газар ходоодны өвчлөл түгээмэл тохиолддог байна.
Тухайлбал, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийнхан 40 биш, 30 наснаас эхлэн ходоодоо дурандуулахыг ХСҮТ-ийнхөн хэлж буй. Тус төвд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 80-90 хувь нь баруун аймгийнх байдаг аж. Давсны хэрэглээгээ хянасны дараа хеликобактериа устгахад “санаа тавих” хэрэгтэй. Амны шүлс, салтсаар дамжин халдварладаг, ходоодны гол дайсан болох хеликобактери мушгиа хэлбэрийн сахлаараа ходоодны салст бүрхүүлийг өрөмдөн, дотор ханыг үрэвсүүлж, шархлаа үүсгэдэг.
Энэ бактери нь эргэж халдварладаг учраас хэрэв эмчилгээ хийлгэсэн бол ариун цэврээ сайн сахиж, аяга, халбагаа бусадтай солихгүй байх нь чухал. Гэр бүлийн нэг гишүүн нь ийм бактеритай бол бусдадаа халдаадаг. Нэг тогооноос хооллож буй хүмүүс бүгд л эрүүл байж, энэ өвчнөөс сэргийлж чадах юм. Мөн эцэг, эхийн аль нэг нь ходоодны хавдраар өвчилж байсан бол эрт эмчид хандах нь зөв гэнэ. Хоруу чанар ихтэй энэ хавдар хожуу үедээ илэрвэл таван жил амьд явах магадлал ердөө 15 хувь гэсэн сэтгэл сэртхийлгэм тоо бий.
Мэдсээр байж ямар нэг алхам хийхгүй явсаар амьд явах хоногийн тоогоо цөөлөх нь хамгийн ухаангүй үйлдэл биз ээ. “Энэ өвчнөөс сэргийлэх талаар хэчнээн жил яриад ямар ч өөрчлөлт алга. 30 жилийн өмнө хожуу үедээ оношлогдох байдал 90 орчим хувьтай байсан одоо ч мөн ялгаагүй. Төр, засаг нь иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавихгүй, иргэд нь өөрийн амь насаа гаргуунд нь гаргачихсан. Хэлээд байхад зөрсөөр байгаад цус алдсан хойно эмнэлэгт ирж байна” гэж 30 орчим жил ходоодны хорт хавдрын мэс засал хийсэн, ХСҮТ-ийн зөвлөх эмч Я.Эрдэнэ-Очир халагласан. Хүн хэлэхээс наашгүй гэдэг. Халдварт бус өвчнөөс сэргийлэх боломж бидний гарт бий.
Энэ өвчний талаар түүнээс дараах тодруулгыг авлаа.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Я.ЭРДЭНЭ-ОЧИР: Ходоодны хорт хавдрын үед мэс засал хийхээс өөр аргагүй
-Ходоодны хорт хавдрын дийлэнх нь хожуу үедээ илэрдэг. Яагаад ингэж хожуу үедээ эмчид хандаж байна. Шинж тэмдэг бага илэрдэг учраас мэдэхгүй явсаар хүндрүүлээд байна уу?
-Манай улсад анагаахын шинжлэх ухаан хожуу хөгжсөн ч бид араас нь хөөх биш, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй. Дэлхий нийтэд ходоодны хорт хавдрын 70-80 хувь нь хожуу үедээ оношлогдож байсан бол одоо эсрэгээрээ болсон. Гэтэл манай улсад 90 орчим хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дээшлээгүй.
Эмч “Хавдартай байна” гээд эсийн шинжилгээгээр баталгаажуулаад өгөхөд тоохгүй явсаар хүндрүүлж, цус алдсан хойноо эмнэлэгт ханддаг. Ходоодны хавдартай хүнд мэс засал хийхээс өөр арга байхгүй. Эмчилгээний ийм л арга бий. Үүнийг хүн төрөлхтөн ойлгоод, эрт үедээ эмчид хандаж байхад манайхан лам хуварга, бариа засал, эм тан гэж явсаар эцсийн шатанд орсны дараа “Мэс засал хийлгэе” гээд ирдэг.
Хэдий оройтож эмчид хандана тэр хэрээр л эмчилгээ үр дүнгүй болно. Ийм байдлаар бид олон жил явлаа.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон жил ярьсан ч үр дүн гарахгүй, иргэд эрт үедээ эмнэлэгт хандах тохиолдол нэмэгдэхгүй байна гэж та нэлээд бухимдангуй байсан даа.
-Ходоодны хорт хавдартай хүн өнгөрсөн онд 100 илэрлээ гэж бодоход 90 хувь нь ХСҮТ-д хандсан байдаг. Энд ирсэн 90 хувийн бүгдийг нь би зөвлөх эмчийн хувьд үздэг. Тэгээд өөрт нь болон ар гэрийнхэнд нь өвчний онош, явц, эмчилгээний талаар тайлбарлаж хэлээд байхад элдэв арга чарга хайж явсаар бүр хэцүүдсэн хойноо ирж байгаа юм.
Мэс засал хийлгэх ёстой хүмүүсийн 50 орчим хувь нь л цаг алдалгүй хагалгаанд ордог.
-Ходоод өвдөөд байна гээд өвчин намдаах эм эмийн сангаас аваад уучихдаг. Өөрөө өөрийгөө ингэж оношлох нь өвчнийг хүндрүүлэхэд нөлөөлж байна уу?
-Эмийн замбараагүй хэрэглээнд төр, засаг хараа хяналт тавьж чадахгүй байна. Гадаадын ихэнх улсын эмийн сан хуруу лент, ариун цэврийн хэрэглэл, бэлгэвч зэргийг үнэгүй, харин эмийг зөвхөн жороор олгодог. Гэтэл манайд ходоод нь цоорсон хүн зүгээр л явж байдаг. Эмийн сангаас өвчин намдаах эм аваад л уучихдаг. Хэрэв зөвхөн жороор эм олгоод эхэлбэл хүссэн, хүсээгүй эмчид үзүүлнэ биз дээ.
Мөн элдэв хавдрыг эмчилнэ гэсэн зар хаа сайгүй. Хавдрыг энергиэр эмчилнэ гэж байхгүй. Ийм эмчилгээ хийнэ гээд байгаа нөхөр өөрөө хавдартай болбол хамгийн түрүүнд “Хагалгаа хийгээд өгөөч” гээд манай эмнэлэгт хандана. Эмчилгээний явцыг нь рентгенд харж, дурандаж, үнэхээр хавдрын хэмжээг багасгаж, цаашлаад эрүүл болгож чадвал бид алга ташихаас өөр яах билээ.
Гэтэл тийм зүйл нэг ч байхгүй. Хавдрыг үнэхээр эмчилж байгаа бол бид өрөө гаргаад өгье. Хэрэв эмчилж чадахгүй, иргэдийг мунхруулж ашиг олж байгаа бол гэмт хэрэг. Үүнд төр, засаг хяналт тавьж, иргэдийг төөрөгдүүлж буй хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ.
-Гэхдээ хорт хавдар биш юм аа гэхэд шарх, үрэвсэлтэй үедээ эм тан уугаад эдгэрдэг юм биш үү?
-Магадгүй.
-Ер нь ходоод өвдөхөд ямар шинж илэрдэг юм бэ?
-Ямар ч шинж илрэхгүй байж болно. Хүн бүрийн биеийн онцлог өөр учраас ижил шинж тэмдэг илрэх албагүй. Ямар ч өвчин зовиур мэдэгдээгүй байхад хавдар үүссэн байж болно. Тиймээс шинж тэмдгийн араас хөөцөлдөх биш, 40 нас хүрсэн бол ходоодоо дурандуулах хэрэгтэй. Үүнээс эрт ч дурандуулж болно.
Гэхдээ ходоодны хавдрын урьтал 40 наснаас эхэлдэг нь тоон мэдээлэл, олон улсын жишгээс харагдаж байгаа юм. Ходоодны хорт хавдартай хүмүүсийн тоо нэмэгдэж буй учраас бид “Элэг бүтэн Монгол” шиг хөтөлбөр боловсруулсан. Олон улсын туршлагаас харахад илрүүлэг шинжилгээнд нас зааж хамруулдаг юм билээ.
Шинжилгээ өгөх нас нь болохоор тухайн хүний гар утсанд мессеж ирдэг. Тиймээс зовиур, шаналгаа мэдэгдэхгүй байсан ч ходоодоо дурандуулахад гэмгүй.
-Жирэмсэн үедээ ходоодоо дурандуулж болох уу?
-Болно. Харин ч жирэмсэн байх тусмаа дурандуулах ёстой. Шинэ хүн бүрэлдүүлэхийн тулд эхийн биед дааврын өөрчлөлт их явагддаг. Хэрэв тухайн ээж хавдартай бол түүний хэмжээ ихсэж, үйл явц нь түргэсэх аюултай. Ийм байдалд орсон эмэгтэйчүүд манайд цөөнгүй ханддаг. Хавдартай бол амиа алдах эрсдэлтэй тул жирэмслэлтийг зогсоож, эмчлэх ёстой. Жирэмсэн эмэгтэй бүрийг ходоодоо дурандуулахыг хяналтын эмч шаардах нь чухал байна.