“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Мишээл экспо” төвд боллоо.
Хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд 40-65 насны зорилтот насны иргэдийг хамруулах “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нэгдүгээр шатны үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж нийт 535,000 хүн хамрагджээ.
Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийн эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэн Монгол Улсын Засгийн газраас олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаа ч иргэдийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдалтын идэвхи хангалтгүй түвшинд байна.
Тиймээс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны нээлтийг 15-39 насны хүн амыг хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар болсон байна. Уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн В, С вирүсийн халдварын талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхэнийгээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээлтийн үеэр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатанд 15-39 насны болон 65-аас дээш насны 1.3 сая хүнийг хамруулах урьдчилсан тооцоо гараад байна. Мөн уг хөтөлбөрийн нэгдүгээр шатанд илрүүлэг, шинжилгээнд хамрагдаж амжаагүй 40-65 насны иргэдээ ч үргэлжлүүлэн хамруулна. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 10.2 тэрбум, хепатитийн С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4.9 тэрбум, С вирүсийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөнд 18.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тооцож төсвийг баталлаа. “Элэг бүтэн Монгол” гоё нэртэй хөтөлбөр төдий бус элэгний өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтаас ард иргэдээ хамгаалсан маш чухал хөтөлбөр юм. Тиймээс хоёр дахь үе шат хэрэгжсэнээр хүн амын дунд хепатитийн В, С вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитийн вирүсээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилго тавьж ажиллах юм. Түүнчлэн хепатитийн С вирүсийн идэвхжилтэй иргэдийнхээ эмчилгээнд шаардлагатай эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 60-100 хувь хүртэл хөнгөлөх болно. Энэ дашрамд дуулгахад, ирэх зургаадугаар сарын 01-нээс хепатитийн В вирүсийн идэвхжил тодорхойлж, иргэдээ эмчилгээнд хамруулахаар зорьж байна. ХСҮТ-ийн статистик мэдээллээр, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралт нь нийт нас баралтын эхний байрт орж байна" гэв.
Нийслэлийн хэмжээнд 15-39 насны нийт 590,919 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар зорьж байна. Мөн өмнөх илрүүлэг, шинжилгээнд хамрагдаж амжаагүй 40-65 насны иргэдээ ч энэ удаад хамруулахыг зорьжээ.
Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд Л..Бямбасүрэн, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон юм.