Нярай хүүхдүүдэд зүрхний төрөлхийн гажиг түгээмэл тохиолддог. Үүнийг төрсөн даруйд нь оношлох нярайн пульс оксиметрийг ЭХЭМҮТ болон нийслэлийн амаржих газруудад иргэн С.Отгонням хандивласан юм.
Тэрбээр “Аав минь зургаан жилийн өмнө зүрхний шигдээс өвчнөөр нас барсан. Охин минь төрснөөс 2-3 сарын дараа зүрхний гажигтай гэж оношлогдсон. Зүрх, судасны өвчин хүнийг гэнэтийн үхэлд хүргэдэг. Хүүхдийг төрөнгүүт нь зүрхний гажигтай, эсэхийг оношлох боломжтой ч орчин үеийн, хүүхдийн хөдөлгөөнд мэдрэг биш аппарат хэрэгсэл манай улсад байдаггүй юм билээ. Тиймээс хүүхэд бүр эрт оношлогдож, эрүүл саруул байж, элэг бүтэн амьдраасай гэсэндээ эдгээр аппаратыг хандивлаж байна” гэв.
Уг аппарат нь хүүхдийн хөдөлгөөнтэй үед хэрэглэж болдгоороо давуу талтай аж. Амаржих газруудад ийм төрлийн аппарат байдаггүйн улмаас нярай зүрхний гажигтай, эсэхийг тэр даруйд нь илрүүлж чаддаггүй байж.
Харин одоо эрт илрүүлэх боломжтой болсондоо төрөх эмнэлгийн эмч нар баяртай байв. “Өргөө” амаржих газрын зөвлөх, Хүний гавьяат эмч З.Гэрэлмаа “Ямар нэг эмнэл зүйн шинж илэрдэггүй учраас зүрхний гажгийг эрт оношлох нь чухал. Өөрөөр хэлбэл хүүхэд төрснөөс 24-36 цагийн дотор оношилж, ямар нэг гажиг байгаа, эсэхийг илрүүлдэг жишиг дэлхийн олон улсад бий. Энэ аппарат нь хүүхдийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, зүрхний цохилтын тоог мэдээлдэг.
Өмнө нь хэрэглэж байсан төхөөрөмжөөр оношлоход хүүхэд хөдлөхөд цусны хүчилтөрөгчийн хэмжээ буурах, зүрхний цохилт ихсэх зэрэг өөрчлөлт гардаг байсан. Харин энэ аппарат нь хөдөлгөөнд хамаарахгүйгээр бодит хэмжээ гаргах юм. Манай улсад төрж буй хүүхдийн зүрхний гажгийн тархалтыг тогтоосон судалгаа байхгүй. Гэхдээ хүүхдэд тохиолддог төрөлхийн гажгийн нэгдүгээрт зүрхний гажиг ордог” гэлээ.