Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ) гэхээр ажил хийгээгүй атал мөнгө хураадаг хэсэг бүлэг хүн гэсэн тодорхойлолт олон хүний толгойд буух биз. Гэхдээ энэ удаа бид мууг нь дурдах гэсэнгүй. СӨХ-ныхон иргэдийн амьдрах орчныг сайжруулахын төлөө бүхнээ зориулж ажиллаж болдгийг харуулахыг зорилоо.
Өнгө будаг нь алагласан, хэн ч харсан шинэхэн барилга гэж таамаглах таван давхар орон сууцны “Тэнгэр” СӨХ гэсэн хаягтай хаалгаар ороход ажилчид бужигнасан томоохон албан тасалгаа угтав. “Шинэ барилга байх” гэж таамагласан байрыг 2004 онд ашиглалтад оруулсан гэнэ. 2009 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн, Баянгол дүүргийн VI хороонд орших тус СӨХ өдгөө 14 байр, 36 орцны тохижилтыг хариуцаж буй.
“Бидэнд муу ажиллах эрх байхгүй” хэмээн захирал М.Хүрэлчулуун ярилаа. Тус СӨХ-нд харьяалагдах байрны жижүүрүүд орцны хонгилд амьдардаггүй. Ажилтнуудыхаа ажиллах орчин, нөхцөлд дээд зэргээр анхаардаг тул тусдаа байр барьж өгсөн, эсвэл байрны “0” тоотод суулгадаг юм. Оршин суугчдаас мөнгө хурааж энэ ажлыг хэрэгжүүлэх боломжгүй учраас СӨХ-нд нэгдэх хүсэлтээ өгсөн компаниудад жижүүрийн байр барьж өгөх шаардлага тавьдаг аж.
“Орц, хонгилд бие засах, хогоо хаях, ханан дээр “Хайр дурлал мандтугай” гэх зэргээр “сийлбэл” өөрийн чинь халааснаас мөнгө гарна гэдгийг оршин суугчид ойлгодоггүй. Хүн бүр үүнийг ухамсарлавал “сийлбэртэй” ханыг дахин дахин будаж мөнгө, цаг зарлагадах шаардлагагүй” гэж тус СӨХ-ныхон хэлсэн.
Монголын СӨХ-ны дээд зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг түвшин тогтоох үзлэгээр тус СӨХ 2013 онд нэгдүгээр байр эзэлж, “Буянт өргөө”-өөр өргөмжлөгдөж, 2014 онд нийслэлийн ИТХ-аас хүндэт өргөмжлөл хүртсэн, Дүүргийн Цагдаагийн хэлтсийн “СӨХ-ны хяналтын камер” уралдаанд тэргүүлсэн гээд авсан шагнал урамшуулал нь өрөөний ханаар дүүрэн байв. 14 байрандаа нийт 66 камер суурилуулж, өнгөрсөн онд 58 гэмт үйлдлийг илрүүлжээ. Камер суулгаснаар гэмт үйлдэл багасахаас гадна иргэдийн ухамсрыг ч дээшлүүлдгийг тэд онцоллоо.
Ажлаа хийж явсан үйлчлэгч хувинтай усаа түр орхиод, эргээд ирэх хооронд байрны оршин суугч усыг нь асгаж, хувинг машиндаа хийгээд явж буй нь камерт бичигджээ. Оршин суугчдын СӨХ-тойгоо байнга харилцдаг цахим хуудсанд машиных нь дугаарыг бичиж, “Андуурч авч явсан бол авчирч өгнө үү” гэсэн “зар” тавихад машины эзэн уучлалт гуйж ирсэн гэнэ. Мөн орцонд бие засах, хог хаях зэрэг үйлдэл ч багассан байна. СӨХ-ныхон мөнгө хураахад ихэнх оршин суугч таагүй ханддаг. Харин тус СӨХ-нд харьяалагддаг байрны оршин суугчид баяртайгаар мөнгөө төлдөг аж. Будаг нь халцарч, өнгө үзэмж нь муудсан байрыг засах санаачилга СӨХ-ноос өнгөрсөн онд гаргажээ.
Уг ажилд оршин суугчид ч идэвхтэй оролцож засвар хийх компанийг сонгосон байна. Ингээд айл бүр 100 мянган төгрөг өгч, үлдсэн дөрвөн сая гаруй төгрөгийг СӨХ-ноос гаргаснаар “шинэхэн” мэт байртай болжээ. Зассан барилгыг шинэ гэж андуурсан хүн ганц биш гэнэ. Оршин суугчдын зочид ч “Энэ байр биш байна” гэж төөрөлдсөн тохиолдол олон байсныг тэд ам уралдан ярьсан юм. Мөн нүүж явсан айл, очсон байрандаа “Тэнгэр” СӨХ-г ажиллах санал тавьдаг нь тэдний хийсэн бүтээсэн ажил иргэдэд үнэлэгдэж буйн жишээ болов уу. Бид цахилгаанаа хэмнэж, зардлаа багасгахыг дор бүртээ хичээдэг.
Харин тэд 14 байрны зардлыг хэмнэх ажлыг эрэлхийлдэг гэнэ. Орцны гэрэлтүүлэг, цахилгаан шатны хэвийн ажиллагааны төлбөрт сүүлийн гурван жилд таван сая төгрөг хэмнэжээ. 2015 онд цахилгааны төлбөрт 16 сая төгрөг төлдөг байсан бол 2017 онд 11 сая болж буурсан нь лед, мэдрэгчтэй гэрэлтэй болсны ач тус гэнэ. “Миний гэр биш, надад хамаагүй” гэх бус, оршин суугчдад юу хэрэгтэйг ойлгож, ийн сэтгэлээсээ ажиллаж буй нь бусад олон СӨХ-нд үлгэр жишээ болдог аж. Тэдний туршлагаас суралцах гэж бусад дүүрэг, бүр 21 аймгаас ч хүмүүс ирдэг. Удахгүй Орхон аймгийнхан ирэх сурагтай гэнэ.
“Хүн ажиллуулах хөлсөө төлөөгүй байж ажил хийсэнгүй гэж бухимдах хүн цөөнгүй. Зөвхөн бид бус, иргэд ч хичээж сэтгэл гаргаж байвал СӨХ-ны ажил урагшилдаг” гэж захирал М.Хүрэлчулуун ярив.