Улаанбаатар хотод 35 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолбор барих зураг төслийн уралдааныг энэ сарын 22-ноос гуравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд зарлажээ.
Мэргэжлийн сургуулийн оюутнууд болон сургуулиа төгсөөд тав хүртэлх жил болсон залуу архитекторуудад зориулсан уг уралдааныг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын захиалгаар зарлаж буй юм.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Спортын төв ордныг шинэчилж, олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, өвлийн спортын ордон барих” заалт тусгасан байдаг. Мөн олон улсын спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах боломжтой цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор манайд байхгүй.
Үндэсний Их баяр наадам наадмын үйл ажиллагаанууд өөр өөр байршилд явагддаг нь дотоод, гадаадын наадам сонирхогч, жуулчид, иргэдэд хүндрэл учруулдаг зэрэг нөхцөл байдлаас үүдэн том цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолбор байгуулах шийдвэрийг хотын удирдлагууд гаргасан байна.
Уралдаанд оролцогч нь хэчнээн ч бүтээл илгээж болох бөгөөд эхний гурван байрын бүтээлийг шалгаруулж 1-3 сая төгрөгөөр шагнах юм байна.