Нийслэлийн засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцлээ.
Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал хэлэхдээ " Олгосон агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд хяналт тавих ажил хийгдэж байна" гэж Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн 1, 2 дугаар бүсэд хамаарч байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгаанд 5270 агаар цэвэршүүлэгч худалдан авах гэрээг хийж, бүрэн нийлүүлж дууссан гэлээ. Түүнчлэн зөвхөн дээрхи бүс гэлтгүй нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-өөс 908 ширхэг агаар цэвэршүүлэгчийг сургууль, цэцэрлэгт нийлүүлжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ ”Сар тутам агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа Засаг даргын зөвлөлийн хуралд холбогдох байгууллагууд танилцуулж, мэдээлэх үүрэг өгсөн. Улирал бүр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанд мэдээлж, сургалт сурталчилгааг хийж байх шаардлагатайг онцоллоо. Агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангагдаж дууссан ч гэлээ зөв хэрэглэх, хэрэглээнд нь хяналт тавих ажлыг мөн хийх хэрэгтэй гэдгийг тодотгожээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.