Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино (2019 он хүртэл), дунд (2021 он хүртэл), урт (2025 он хүртэл) хугацааны шийдлийн талаар Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаараа хэлэлцэх гэнэ. УИХ өнгөрөгч оны отгон нэгдсэн хуралдаанаа хийх үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Агаарын бохирдлын эсрэг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, МАН, АН, МАХН гэлтгүй нэгдмэл бодлого, зорилго, үйл ажиллагаа шаардлагатай. Утааны асуудлыг УИХ тусгайлан хэлэлцэх нь зүйтэй” хэмээн ажлын хэсэг байгуулах санал гаргаж, улмаар УИХ-ын даргын зөвлөлийг яаралтай хуралдуулсан юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ
Энэ нь мөн өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлын улмаас онц байдал зарлан тэмцэх талаар УИХ-ын даргад санал хүргүүлсэнтэй холбоотой. Төрийн тэргүүн албан бичигтээ “ҮАБЗ 2017 оны нэгдүгээр сарын 10-нд өргөтгөсөн хуралдаан хийж, Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай зөвлөмж гаргасан.
Үүгээр “Агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн захиргааны байгууллагууд, их, дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох, иргэд, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах” хэмээн УИХ-д зөвлөжээ.
Харин Засгийн газарт дээр дурдсан асуудлын хүрээнд 2017 оны хоёрдугаар сарын 20-ны дотор хууль, шийдвэр, хөтөлбөрийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барих, агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртөө түүний заалт бүрийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэрийг нэг бүрчлэн нарийн заасан төлөвлөгөөний хамт өргөн барихыг зөвлөсөн байна.
Хүн амын тал орчим хувь нь оршин сууж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрхээ эдэлж чадахгүй хордож, хохирч буй явдлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзсэн нь сайн хэрэг боловч төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаад онцгой анхаарч, шийдвэрлэх зүй ёсны шаардлага тулгарч буй. 2016 оны мөн үетэй харьцуулахад Багануур, Багахангайгаас бусад дүүрэгт агаарын бохирдол нэмэгдэж, нэн аюултай түвшинд хүрч байна. Агаарын бохирдлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзсэнээс хойших нэг жилийн хугацаанд зөвлөмжид заасан бодлогын чанартай ажлууд огт хийгдээгүй байна.
Ийм байдлаар агаарын бохирдолтой тэмцэж, утаагүй зуух, түлш мэтийн аар саархан асуудлаар ажил хийсэн нэр зүүж, зууралдсаар байх нь үр дүнгүй гэдгийг бид бүхэн бүрэн мэдэрлээ” хэмээн онцолжээ. Тэрбээр Үндсэн хуулийн 25.2.1 буюу “улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” зэрэг нөхцөлд УИХ онц байдал зарлана” гэж заасныг үндэслэн, Багануур, Багахангай дүүргээс бусдыг нь гамшгийн бүсээр тогтоож, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төрийн тэргүүн энэ тухайгаа сэтгүүлчдэд тусгайлан танилцуулж, тайлбарласан бөгөөд агаарын бохирдлоос ангижирсан Малайз, Казахстан, БНСУ, Туркийн томоохон хотын жишгээр зарим яам, их, дээд сургууль, дотуур байр, музей, зарим урлагийн байгууллагыг хотын гадна ажиллуулах, орон сууцжуулах шийдвэрийг нэн даруй гаргаж, ирэх хавар гэхэд ажил хэрэг болгох санал дэвшүүлж буй аж. Түүний хэлснээр энэ талаар Засгийн газрын гишүүдтэй үндсэндээ зөвшилцөж, санал нэгджээ.
УИХ
Ерөнхийлөгчийн хүсэж байгаачлан УИХ түүний саналыг өнөө маргаашгүй хэлэлцэн, онц байдал зарлах, эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Лав л энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад үүний талаар тусгасан тодорхой зүйл алга. Юутай ч УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас “УИХ, байнгын болон дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” гэх урт тодотголтой ажлын хэсэг байгуулсан нь тэр өдрөө анхны хуралдаанаа хийсэн.
Уг ажлын хэсгийг гишүүн Ё.Баатарбилэг ахалж, бүрэлдэхүүнд нь гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Н.Цэрэнбат, Ө.Энхтүвшин, Л.Элдэв-Очир нар ажиллана. Ингэснээр ажлын хэсэгт бүх байнгын хорооны төлөөллийг оролцуулж буй юм. Анхны хуралдаанаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цаасан дээр байгаа арга хэмжээг бодит амьдралд буулгах тодорхой шийдлийг шаардагдах хөрөнгө, санхүүгийн тооцооллын хамт боловсруулж, онц байдал зарлах талаар судалгаа, дүгнэлт хийж, УИХ-д яаралтай танилцуулахыг Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд үүрэг болголоо.
Үндсэн хуульд зааснаар УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц байдал зарлах эрх Ерөнхийлөгчид бий. Гэхдээ түүний онц байдал зарласан зарлигийг батлах, эсэхийг УИХ шийднэ. Өөрөөр хэлбэл, УИХ шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болох юм. Нэгэнт Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг бус, санал гаргасан тул Үндсэн хууль болон Онц байдлын тухай зэрэг холбогдох хуульд хэлэлцэх хугацааг нь заасан ямар нэг хязгаарт баригдах зүйл алга.
Түүнчлэн Засгийн газар, эсхүл УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүйн санаачилгаар онц байдал зарлах, эсэх талаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой. Цаашлаад нэгэнт онц байдал тогтоовол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэхийг хориглодгийг энд зориуд тэмдэглэе. Өөрөөр хэлбэл, утааны улмаас онц байдал зарлах, эсэхийг шийдвэрлэхэд шууд болон шууд бус утгаар нөлөөлөх олон шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Сануулахад, хамгийн сүүлд буюу 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа “Долдугаар сарын 1”-ний гэх хэрэг, явдалтай холбоотойгоор УИХ онц байдал зарлаж байсан юм.