Сүхбаатар аймгийн Уулбаян, Хэнтийн Дэлгэрхаан, Баян-Адрага, Хэрлэн, Норовлин, Баян-Овоо, Дорноговь аймгийн Иххэт, Дорнодын Баяндун гэсэн дөрвөн аймгийн найман суманд өдгөө шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр худалдан авч, эрсдэл бүхий таван аймаг, нийслэлийн 9.4 сая малыг тарилгад хамруулж буй бөгөөд уг ажил 85 хувьтай байгаа аж.
Гэвч зарим аймаг, сумын удирдлага болон малчид, малын эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж төрийн ажил цалгардаж, улсын мөнгийг үргүй зарцуулахад хүрч буйг саяхан газар дээр нь ажиллаад ирсэн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй албаныхан онцлов. Тухайлбал, Дорнод аймгийн Баяндун сумын малчин шүлхийгээр өвчилсөн малаа устгуулахгүй, дур мэдэн антибиотикийн эмчилгээ хийснээс болж шинээр халдварын голомт үүсчээ.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын удирдлага замаа хааж, голомтын бүсээс хужир татах ажлаа зогсоохгүй хорио цээрийн дэглэм зөрчсөний улмаас халдварт өвчнийг газар авахад хүргэсэн байна. Нэг сарын өмнө Түвшинширээ суманд шүлхий гарсан даруйд аймгийн ХХААГ-аас явуулсан вакциныг хугацаанд нь тарьж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулаагүйгээс Уулбаянд тус өвчин шинээр бүртгэгджээ.
Мөн шинжилгээгээр шүлхий өвчний халдвар тээгч мал илрэн, оношлогдсоор байтал сумын Засаг дарга нь хорио цээрийн дэглэм тогтоож, хяналтын пост гаргахгүй, устгалын арга хэмжээ ч авахгүй, холбогдох мэргэжилтнүүдээ машин техникээр хангадаггүй зэрэг ноцтой зөрчил илэрсэн тул орон нутгийн удирдлага, ард иргэд хариуцлагатай, ухамсартай хандахыг уриалав.