Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ардчилсан намын ҮЗХ-ны эргэн тойронд юу болоод байна вэ

Өнгөрсөн УИХ-ын сонгуульд Ардчилсан намынхан элгээрээ хэвтэж, намын дарга нь элэг доог болсон гэхэд хилсдэхгүй. Ер нь эл намынхны цаашдын хувь заяа үхэх, сэхэх дээрээ тулсан гэхэд болно. Араас нь золгосон орон нутгийн сонгуульд АН арай олон суудал “зулгааж” чадсан ч том зураглалаараа бас л ялагдсан. Энэ утгаараа өвгөдийнхөө үлдээсэн балаг дороос Ардчилсан намын залуу гишүүд соёлж чадахгүй нь бололтой хэмээн урам нь ихэд хугарсан гэдэг. Тэгвэл арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн АН-ын ҮЗХ-ын хурлаар хэлэлцсэн, хөндсөн асуудал нь дээрх нам, намын гишүүд амьд гэдгийг харуулах шиг боллоо. Аахар шаахар хэрүүл хийж, хөлөө жийлцэн МАН-ын хурлын хажууд сошиалын базалт шиг харагддаг асан хурлыг тус намын залуус өнөө жил арай өөр хэв маягаар зохион байгуулав. 

Тэд дүрэмдээ өөрчлөлт оруулж, УИХ-д дэвших эмэгтэйчүүдийн квотыг 50 байхаар хэлэлцэж эхлэв. Уг хэлэлцүүлэг дээр АН-ын бүх эмэгтэй гишүүд эвсэн нэгдсэн нь ч сайн жишиг тогтоов бололтой. Н.Ундрах, Д.Болорсүрэн нар нэлээн толгойлох үүрэгтэй оролцож, бусдыгаа нэгтгэж чадаж буйг олон хүн тодотгож, бас сайшааж байна. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн квотын саналыг дандаа эмэгтэйчүүд санаачилж эрчүүдтэйгээ дайсагналцдаг уламжлалыг энэ хурлаар эвдэж чадав. Тодорхой хэлбэл, квоттой холбоотой дээрх саналыг Блүүмбергийн Э.Долгион гаргасан гэнэ. Анх 40 хувийн квотыг санал болгоход хүмүүс “гэрээ хэлэлцээрийн” үр дүнд багасгах байх гэдэг хүлээлттэй байсан ч эсрэгээрээ нэмж 50 гэж дуугарсан байна. Хуралд оролцогчид квотыг МАН-ынхны тогтоосон 30 хувиас дээгүүр баталж чадна хэмээж байгаа нь Э.Долгион, Т.Отгончулуун нарын манлайлсан эрэгтэй гишүүдийн дэмжлэгтэй мөн холбоотой болов уу.  Нуулгүй хэлэхэд, АН-ынхны дунд энэ саналыг эсэргүүцэх зарим нэг гишүүн бий. 

Тэдгээрийн хамгийн тод төлөөл нь О.Магнай. Тэрбээр эмэгтэйчүүд гэж тусдаа бодлого явуулахгүй л байвал квот 50-аас ч илүү хувь ч байж болно гэх утга бүхий үг чулууджээ. Гэхдээ үеийн үед эрчүүдийн тоглоом болох улс төрд “хор найруулж” нэр дэвших эрхээ төвөггүй олж ирсэн уг гишүүн эмэгтэйчүүдтэй ижил тэнцүү квот олгох эхлэл тавигдсаныг хар зөнгөөрөө мэдэрсэн ч өөрийн байр суурийг алдахыг хүсэхгүй байгаа бололтой. МАН-ын эмэгтэй гишүүдийг нэр дэвшүүлэх бодлогыг “гуяа дагаад хүзүү” зарчим гэж шүүмжилдэг хүн цөөнгүй. Гэхдээ энэ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн бодлого. Эрчүүд зөвхөн тоглоомын дүрмийг нь зохиож, архи уунгаа хэнийг дэвшүүлэхээ шийдэж ирсэн өнөөгийн улс төрд эмэгтэйчүүдийн квотыг тогтоож өгснөөр ард иргэдийн сонголтыг хүндэтгэж бас нэмэгдүүлж буй хэрэг. Тэгэхгүй бол бид Магнайтайгаа л АН-ыг булшлах нь байна. Ардчилсан үзэл бодол, эмэгтэйчүүдийн эрхийг хангах зэрэг дэвшилтэт үзэл бодлыг баримталж ажиллах учиртай эл нам нэрээс цаашгүй болсон энэ үед эрэгтэй гишүүд нь дээрх саналыг гаргасан нь яахын аргагүй энэ намын бяцхан ч гэсэн ялалт, найдвар юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.