Нийслэлийн хөрс хамгаалах өдөр маргааш тохионо. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ныг хөрс хамгаалах өдөр болгон зарласан. 2017 оноос хойш уг өдрийг тохиолдуулан хөрс хамгаалахтай холбоотой арга хэмжээ, үйл ажиллагаа явуулж ирсэн уламжлалтай. Энэ удаа БОАЖЯ болон холбогдох газрынхан нь өсвөр насны хүүхэд, багачуудад хөрсний бохирдлоос сэргийлэх дадал, хэвшлийг бий болгох, эрүүл хөрсний ач холбогдол, бохирдол, доройтол болон түүний нөлөөллийн талаарх мэдлэгийг сайжруулахад анхаарч ажиллах юм байна. Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулахад олон нийт, хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгуулж, ерөнхий боловсролын 45 сургуулийн сурагчдыг хүнд металлыг өөртөө хуримтлуулагч ургамал тарьж хөрсний бохирдлыг бууруулах, органик бус бохирдлыг ургамлаар саармагжуулах арга технологид сургах аж. Мөн сурагчдын дунд мод тарьж ургуулах уралдаан зарлах гэнэ.
Ташрамд дуулгахад, өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотын хөрсний 88 хувь бохирдсон байсан бөгөөд гэр хороолол орчимд нян, хөгц, мөөгөнцөр ихээр илэрсэн юм.