“Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тохионо. Хөрсөнд нянгийн бохирдлыг үүсгэгч 144 992 нүхэн жорлон, оршуулгын 28 газар, төвлөрсөн хогийн зургаан цэг байгаа бол хүнд металлын бохирдлын эх үүсвэр болох арьс шир боловсруулах үйлдвэр 34, авто засвар үйлчилгээний 589 газар, зах худалдааны 203 төв байна.
Арьс шир боловсруулах үйлдвэр, авто засвар үйлчилгээ нь үйл ажиллагааныхаа явцад химийн болон хүнд металлын агууламжтай тос масло-г хөрсөнд нэвчүүлснээр л, зах худалдааны төвүүд аюултай хог хаягдлыг энгийн хог хаягдалтай нийлүүлэн хаяж хүнд металлын бохирдлыг үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг аж.
2023 онд Нийслэлийн Байгаль орчны газраас 407 цэгт хийлгэсэн хөрсний судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 17.6 хувь нь их бохирдолтой, 30.1 хувь нь дунд бохирдолтой, 32.8 хувь нь бага бохирдолтой, 19.5 хувь нь бохирдолгүй нь тогтоогдсон. Дээжлэлт авсан дээрх цэгүүдийн 78.1 хувьд нь нянгийн бохирдол илэрсэн бөгөөд нүхэн жорлон, оршуулгын газар, төвлөрсөн болон үүсмэл хогийн цэгүүдэд үзүүлэлт нь өндөр байна.
Нянгийн бохирдол ихээр илэрсэн цэгүүдийг дурдвал: Чингэлтэй дүүрэг дэх 70 давхрын оршуулгын газар, БГД-ийн Гандан орчим, СХД-ийн Нарангийн энгэрийн хогийн цэг, Хилчин хотхон, Ханын материал орчим, БЗД-ийн Алтан-Өлгийн оршуулгын газар, Амгалан дулааны станд, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн орчим, ХУД-ийн Төв цэвэрлэх байгууламжийн орчим юм.
2024 онд 10 га талбайд нянгийн бохирдлыг бууруулах, ногоон бүсийн ариун цэврийн 2000 байгууламжийг ариутгах ажлууд төлөвлөгдсөн. Хөрсний бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд “Улаанбаатар хотын хөрсний чанарыг сайжруулах бүс тогтоож, дагаж мөрдөх журам”-ыг Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн А/615 дугаар тушаалаар батлуулсан. Энэ журмаар хориглох, хязгаарлах, солих гэсэн 3 бүсэд хуваасан. Хориглох бүсэд Хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад болон хөрсний чанарт сөргөөр нөлөөлөх бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх, нүхэн жорлон, ариун цэврийн байгууламж барихыг хоригложээ.
Нүхэн жорлонгийн ойр орчмын 10-12м-ийн радиуст бохирдол хамгийн их тархдаг. Иймээс гэр хорооллын айлуудын нүхэн жорлон, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар солих шаардлагатай. Дашрамд дурдахад, 2020-2023 онд улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 13 032 нүхэн жорлонг шинэчилжээ. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2022 оны 22/12 дугаар тогтоолоор гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх, бага оврын цэвэрлэх байгууламж барихад зээлийн бүтээгдэхүүний жилийн хүүгийн хувь хэмжээ гурван хувь байсныг хоёр хувь болгож бууруулсан байна.
Хүнд металлын бохирдол нийслэлийн нутаг дэвсгэрийн 55 хувьд илэрсэн бөгөөд голлох эх үүсвэр нь арьс шир боловсруулах үйлдвэр (ХУД-ийн 20-р хороо), Харгиа цэвэрлэх байгууламж, авто засварын газруудын гадна талбай, авто зам дагуу, зах худалдааны төвүүдийн ойр орчимд аж. 2023 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүнд металлаар бохирдсон 10 га талбайд ургамлын аргаар саармагжуулах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үр дүн нь "Харгиа" цэвэрлэх байгууламжид хром- 93.5, хүнцэл 42.3, Шувуун фабрик орчимд хүнцэл- 70, бор 80.7, Биокомбинат 326-р цэргийн анги орчимд хүнцэл-48.7, бор 80.7, ванади 69.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/367 захирамжаар хяналт шалгалтыг хийхэд зөрчлийн тоон мэдээ, шалгалтын үр дүнгээр орчны эрүүл ахуй, хөрс бохирдуулж, хур хогийн цэг үүсгэсэн нийт 140 иргэн аж ахуйн нэгж байгаагаас зөвлөмж, мэдэгдлийг 68 иргэн, аж ахуйн нэгжид өгч, 72 зөрчлийг газар дээр нь арилгуулав.
Эх сурвалж. НБОГ