Нийслэлчүүдийн зовлон мундахгүй юм. Утааны улирал арайхийн шувтрахтай зэрэгцэн гэр хорооллын гудамж, талбайн угаадас, шингэн хог хаягдал гэсэж, орон сууцуудын булан тохойгоос хүртэл ялгадас ханхлан, энд тэнд хаясан нус, цэр зэрэг нь хөрсний бохирдлыг дээд цэгт нь хүргэдэг. Ийм бохир орчин биднийг өвлөөс хаварт жилийн жилд л “угтдаг”. Үүний дээр орчны чимээ шуугиан утгаа алдаж, улаанбаатарчуудын уур бухимдлыг бүр ч барах боллоо. Тэр дундаа залуус нэмэлт яндан, тоноглолтой мотоцикл, машинуудаа “орилуулан” хотын гудамж, байр сууцуудын дундуур өдөр, шөнийн алинд ч хээвнэг “хаазлах” нь олон нийтийн бухимдлыг хамгийн их төрүүлсээр ирэв. Нялх нярай хүүхэдтэй, өндөр настай, өвчтэй зовлонтой хү¬мүүст залуусын энэ мэт бүдүүлэг авир нь нэрмээс болж, эрүүл мэнд, сэтгэл зүйд нь ч нөлөөлдгийг ДЭМБ-аас судалж, тогтоосон байдаг.
Чопперчид, мөн мото спортынхон хотын тө¬вөөр, зуслангийн бүсүүдэд гэхчлэн өвлөөс бусад улиралд хаа сайгүй байнгын хэл ам таталдаг. Нэмээд автомашинуудын дуут дохио, худалдаа, үйлчилгээний төвүүдийн зарлалын самбарууд, чанга яригчаар өдрийн турш “гонгинох” сурталчилгаанууд гээд их хотын иргэдийг стресстүүлэх чимээ шуугиан тасрахгүй. Энэ бүхнийг олон улсад дуу чи-мээнийбохирдол гэж нэрлэдэг. Харин бид энэ талаар төдийлөн мэддэггүй. Дуу чимээний бохирдлыг мод бут, зүлэг ногоо 25-50 хүртэлх хувиар бууруулдаг гэсэн судалгаа бий. Даанч Улаанбаатар хот “нүцгэн” шахуу учраас орчны дуу чимээг улам өрддөг гэж хэлж болно. ДЭМБ-ын өнгөрсөн жилийн судал¬гаагаар Улаанбаатар хотын дуу чимээний бохи¬р¬дол тус байгууллагын зөвшөөрсөн хэмжээнээс 3-4 дахин хэтэрчээ. Тодруулбал, орчны дуу чимээ өдрийн цагт 60 децибел (дБ)-ээс бага, шөнийн цагт 45 дБ-ээс хэтрэхгүй байвал бохирдолгүй гэж үздэг байна. Харин нийслэлд
ганцхан авто замынх нь л гэхэд өдөрт 75 дБ-ээс эхэлж байх жишээтэй. ДЭМБ-аас зөвлөснөөр орчны дуу чимээ унтлагын өрөөнд 20-30 дБ байвал унтаж амрахад, анги танхимд 35 дБ-ээс бага байж гэ-мээ¬нэ хүүхдүүд суралцахад тохиромжтой гэж үздэг. Тэгвэл гадаах орчны шөнийн дуу чимээ нь жилд дунджаар 40 дБ-ээс бага байх ёстой аж. Манайд орчны чимээ шуугианыг зохицуулсан хуулийн заалт, эрх зүйн орчин дутмаг учраас дээр дурдсанчлан хэн дуртай нь автомашиныхаа дуут дохиог чарлуулж, мотоциклчид ч дураар аашилсаар байгаа юм. Тиймдээ ч ажиллаж, амьдардаг орчиндоо мод тарих, шаардлагатай биш л бол машиныхаа дуут дохиог дуугаргахгүй байх, чимээтэй орчинд ажилладаг бол чихэвч, дуу намсгагч хэрэглэхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөхөөс хэтрэхгүй байна. Албаныхан энэ асуудлыг анхаарч, тусгайлсан дүрэм журмаар зохицуулдаг болмоорсон. Аз жаргалтай нийслэл амар тайван амьдрахаас эхлэх учиртай.
О.Оргилох