Цас, мөс хайлж, шар ус, уруйн үер бууж эхлэх бараа сургаар нийслэлийн авто замууд зуслангийн бүсээсээ урсаж, эвдэрч, байгалийн хийгээд чанарын шалгалтад бүдрэх болов. Жишээлбэл, өнгөрсөн оны намар зассан Өвөр Гүнтийн авто зам уулын ам, гуу жалга дагаж орж ирсэн багахан усанд эвдэрч, урсаж эхэлснийг иргэд дүрс бичлэгээр баримтжуулан нийгмийн сүлжээнд байршуулсан юм. Харин нийслэлийнхэн өөрсдийгөө өмөөрч “Тэр чинь угаасаа эвдэрхий зам, бид өнгөрсөн жил засаагүй” хэмээн хариу мэдэгдэл хийлээ. Цас, борооны ая даадаггүй, чанаргүй зам тавьдаг явдлыг иргэд шүүмжилж, цахим орчинд нийтэлсэн Өвөр Гүнттэй холбоотой мэдээлэл олны анхаарал татаад эхэлмэгц нийслэлийнхэн сандралдаж, Авто замын хөгжлийн газрын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатарыг ам нээлгэв. Тэрбээр өчигдөр “Өнгөрсөн онд зассан замуудаас эвдэрч, урссан тохиолдол байхгүй. Өвөр Гүнтийн замыг шинэчлэхээр их засварын ажлын тендер гурван удаа зарласан ч аж ахуйн нэгжүүд оролцоогүй. Үүний улмаас өнөөдрийг хүртэл гүй¬цэтгэгчийг нь шалгаруулж чадаагүй.
Иргэд тухайн хэсэгт зөвшөөрөлгүй орц, гарц бий болгож үерийн шуудууг тагладгаас зам нь усанд автаж, байнга эвдэрдэг. Тиймээс нүхэн эвдрэлийг засах, шуудуу сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ тавих ажлыг жил бүр хийж ирсэн. Энэ жил мөн ийм ажил хийхээр дөрөв дэх удаагаа тендер зарлаад байна” гэв. Түүний энэ барьцгүй яриа манай улсын авто замууд яагаад борооны ая даахааргүй богино настай, чанаргүй байдагт хариулт өгч байна. Авто замын засвар, арчлалт хариуцсан байгууллагынхан урсгал засвар хийх нэрээр нийслэлийн авто замуудын нүхэн эвдрэл, хагарлыг жил бүр нөхөж, бөглөдөг ч яг ийм нүд хуурсан ажил хийдэг. Тэгээд иргэд хариуцлага нэхэхээр “Их засвар хийгээгүй удсан юм чинь аргагүй” гэх утгатай тайлбараар ам тагладаг.
Угтаа үер, усанд байнга эвдэрдэг, хар цэг болсон замуудыг тэд хугацаа алдалгүй засаж, иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах ёстой юм. “Их засвар хийхээр тендер зарлаад ч гүйцэтгэгч олдохгүй байна” гэж хээвнэг шалтаг, зовлон тоочиж суугаа дээрх албан тушаалтнаас нийслэлчүүд, ялангуяа зуслангийн чиглэлд зорчигч иргэд хариуцлага нэхэж, эвдэрхий замаас үүдэлтэй хохирол, алдсан боломжуудаа нэхэмжлэх нь зүйн хэрэг мэт. Хийх хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олддог гэдэг л энэ болов уу. Уг нь хаврын шар усны үер, халиа, тошин нь гол, мөрний тэжээл болж, хүн, малын унд усны эх үүсвэрийг тэтгэдэг ач холбогдолтой гэлцдэг. Харин зам, барилгаа дорвитойхон чанартай барьж, засаж чаддаггүй манай улсад энэ нь гамшиг осол, эвдрэл сүйдэл дагуулагч болж хувирчхаад байна. Хаврын үерээр ингэж “яйрч унаж” байгаа замууд зуны борооноор яах бол доо. Үерийн сургаар ийнхүү бажга алдан сандралдаж буй нийслэлийнхэн борооны улиралд яаж тэвдэцгээх бол.
Н.Мишээл