Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооноос допинг хэрэглэсэн тамирчдын нэрийг зарласан. Үүнтэй холбоотойгоор шинжилгээний хариуг зөвшөөрөхгүй байгаагаа Гавьяат тамирчин Б.Сугарсүрэн өчигдөр мэдээлэв. Өнгөрсөн долоодугаар сард зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хариу саяхан гарчээ. Шинжилгээгээр Гавьяат тамирчин Б.Сугарсүрэн, М.Алтайбаатар, Г.Ууганчимэг, Э.Эрхэмбилэг нараас допинг илэрсэн хэмээн дээрх холбооноос өнгөрсөн амралтын өдөр мэдээлсэн юм. Харин Гавьяат тамирчин Б.Сугарсүрэн “Намайг допингийн шинжилгээнд бүдэрлээ гэж холбооноос мэдээлсэн. Хүний нэр төрийг унагаах гэж энэ мэдээллийг тэд түгээж байна. Допингийн шинжилгээг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр авсан. Үүнээс хойш хариу гарахгүй удсан тул холбооныхноос нэлээд хэдэн удаа тодруулсан юм. Гэсэн ч допингийн шинжилгээний газраас надад мэдэгдэл ирээгүй. Холбооноос энэ талаар тамирчдадаа өмнө нь хэлээгүй байсан. Тухайн тамирчинд эхлээд танилцуулаагүй атлаа олон нийтэд мэдээлсэнд гомдолтой байна. Надаас илэрсэн гээд байгаа бодисыг би хэрэглээгүй ээ. Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гээд жингээ хасаж байж, масс нэмэх бүтээгдэхүүн хэрэглэхгүй шүү дээ. Холбоо маш олон асуудалтайг би цахим хуудсаараа дамжуулан илчилсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй байх гэж холбооны удирдлагууд олон арга сэдсэн. Мөн улсын төсвийн хөрөнгөөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Санхүүжилтээ тамирчдадаа танилцуулдаггүй учраас аудитын шалгалт хийлгэмээр байна” гэв.
А.Үүл