Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнгөрсөн баасан гарагт Харбин хотноо уулзаж, “Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэ нь манай улсын Засгийн газрын тэргүүний өмнөд хөршид хийж буй ажлын айлчлалын гол зорилго байсан бөгөөд уг хэлэлцээрийг баталгаажуулснаар 2008 оноос яригдсан хил дамнасан төмөр замын холболтын ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэх нөхцөл бүрдэв.
Хоёр орны Ерөнхий сайд нарын уулзалт тав дахь удаагийнх байлаа. Хамгийн сүүлд тэд 2024 оны арваннэгдүгээр сард Шанхай хотод уулзаж, худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, мега төслүүд хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр, санамж бичиг, протокол зэрэгт гарын үсэг зурсан юм. Тэгвэл үүнээс хойш Монгол, Хятад орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, тодорхой ололт амжилт, дэвшил гаргасныг талууд уулзалтын үеэр онцлов. Энэ удаагийн хэлэлцээр ч хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг дурдсан юм.
Талууд цаашид өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, байгаль орчин, аялал жуулчлал, эрчим хүч, ногоон болон цахим эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов. Ташрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд “Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадмын хаалтын ёслолд оролцлоо.