Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахдаа буудаж устгахыг хориглосон. Мөн харгис хэрцгий арга хэрэглэхгүй байх, үржил хязгаарлах аргыг нэн тэргүүнд эрхэмлэх, олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, хүн амын суурьшлын бүсэд устгахгүй зэргийг ч дээрх хуульд тусгасан юм. Гэтэл Баянзүрх дүүрэгт “Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах эрчимжүүлсэн үйл ажиллагаа” нэрийн доор буудан устгах арга хэмжээг эхлүүлжээ. Үүнийг өнгөрсөн даваа гаргаас эхэлсэн бөгөөд энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм билээ. Үүнтэй холбоотойгоор айлуудыг нохой, муураа хашаанаасаа гаргахгүй байхыг сануулжээ. Нохой устгалд оролцож байгаа нэгэн “Дүүргээс сумны, бас шатахууны мөнгө өгсөн. Ийм байхад бид устгахгүй яах юм. Дүүргийн урд хэсгээс эхлээд хойш чиглэлтэйгээр “шүүрдэх” маягаар ажиллаж байна” гэлээ. Өнгөрсөн жил ч дүүргүүд ингэж ажилласан.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхнээс тодруулахад “Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмыг баримтлан ажиллаж байна. Уг журамд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 12.4 дэх хэсгийг буюу буудаж устгахгүй гэсэн заалтыг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дараа дагаж мөрдөхөөр тусгасан. Одоогоор эзэнгүй нохой, муурын тоо хэт олон учраас буудан устгаж байна. Цаашдаа хүнлэг, энэрэнгүй зарчмыг баримтална. Иргэд ч бас хариуцлагатай хандах ёстой. Нийслэлийн Мал эмнэлгийн газарт хандаад нохой, мууртаа үржил хязгаарлах мэс засал хийлгэх боломжтой шүү дээ” гэж тайлбарлав.
А.Тэмүүлэн