Хог хаягдлын хураамж гэж та өмнө нь сонсож байсан уу. Бас танай гэр бүл хог хаягдлын хураамжаа цагт нь төлдөг үү. Хог хаягдлын тухай хуульд хог хаягдлын үйлчилгээний хураамж гэж хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх, булшлахад шаардагдах зардлын хувь хэмжээг харгалзан тогтоосон татвар хэмээн заажээ. Мөн энэ хуулиар хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тариф буюу хураамжийг тухайн орон нутгийн ИТХ-аар шийдвэрлэхээр зохицуулсан. Зарцуулалтыг нь ч орон нутгийн удирдлага шийднэ. Өнгөрсөн жилээс эхлээд хог тээвэрлэлтийг дүүргүүдэд хариуцуулаад буй юм.
Энэхүү хураамжийг эрчим хүч, хэрэглээний цэвэр, бохир ус, дулаан, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөртэй хамтатган хураах замаар төвлөрүүлж болно гэж дээрх хуульд тусгасан. Тиймээс гэр хорооллын айлуудынхыг цахилгааны, харин орон сууцын хороололд бол СӨХ-ны үйлчилгээний төлбөр дээр нь нэмж авдаг. Харин аж ахуйн нэгжүүд бол хог хаягдал цуглуулах, тээвэрлэх байгууллагатай гэрээ байгуулж хамтран ажилладаг байх нь. Эрх зүйн зохицуулалт талаасаа ийм энгийн систем ажиллаж буй мэт. Гэвч бодит байдалд орлого нь зарлагаа гүйцэхээ больжээ.
Жишээлбэл, Чингэлтэй дүүрэг хог тээвэрлэлтэд жилд 16 тэрбум төгрөг зарцуулдаг аж. Гэсэн ч аж ахуйн нэгжүүдээс хог хаягдлын хураамжид дөнгөж 1.6 тэрбум төгрөг төвлөрүүлдэг юм байна. Уг нь дүүргийн төв хэсгийн зургаан хороонд гэхэд 597 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэлтэй байжээ. Харин шинэчилсэн бүртгэлээр нийт 1200 гаруй болж нэмэгдээд байгааг тус дүүргийн Засаг дарга Н.Мандуул цахим хуудсандаа бичсэн байв. Мөн тэрбээр аж ахуйн нэгжүүд хог хаягдлын хураамж төлөхгүй байгааг онцолжээ. Иймд аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулж, тогтолцоог нь шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна. Чингэлтэй дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид сард 40-100 мянган төгрөг төлдөг. Хоолны үйлчилгээ эрхлэгчид талбайн хэмжээнээсээ хамаараад 60-250 мянган төгрөг төлдөг юм байна.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэгт ч нөхцөл байдал ялгаагүй. Тус дүүрэгт хог хаягдал цуглуулах, тээвэрлэхэд нийт 12 тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүнээс дөрвөн тэрбумыг нь хог хаягдлын хураамжаас төвлөрүүлдэг гэж дүүргийнх нь Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн хэлсэн юм. Ташрамд дуулгахад, эл дүүргийн хувьд хог хаягдлын тээвэрлэлтэд нийт 30 орчим тэрбум төгрөг төсөвлөж байж хангалттай хүрэлцэх гэнэ. Энэ нь хог хаягдлын үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдийнх нь хийсэн албан бус тооцоолол аж. Хан-Уул дүүрэгт хог хаягдлын гэрээ байгуулсан нийт 1600 аж ахуйн нэгж байдаг гэнэ. Эл дүүргийн өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийн мэдээллээс харахад дөрөвдүгээр сард гэхэд хог хаягдлын үйлчилгээнд 642 орчим сая төгрөг зарцуулжээ. 2024 оны хоёрдугаар сард нь 277, гуравдугаар сард нь 470 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Тэгэхээр дутсан мөнгөн дүнг хэрхэх вэ гэдэг асуулт урган гарна. Үүнийг өмнө нь ч, одоо ч улсын төсвөөс шийдсээр байна. Өөрөөр хэлбэл, хог хаягдлын хураамжаа төлдөггүй хэнэггүй өрх, аж ахуйн нэгжийн өмнөөс татвар төлөгчид ачааг нь үүрдэг гэхэд болно.
Албаныхны “оношилгоо”
Дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхний үзэж байгаагаар дараах шалтгаануудаас үүдэлтэй байж болох гэнэ. Уг нь тэд таамаглаад суух бус асуудлыг шийдэх ёстой. Юутай ч нэгдүгээрт, иргэдийн хайнга хандлага буюу хураамжаа тухай бүрд нь төлөхгүй байгаатай холбоотой гэв. Хоёрдугаарт, хураамжийг иргэд бүрэн төллөө ч энэ нь нийт зардалд хүрэлцдэггүй гэнэ. Орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр ихэнх хэсэгт өрхийн тоогоор буюу нэг айлаас 8000 төгрөг хураадаг. Өөрөөр хэлбэл, нийт өрхийн тоог хүн амд харьцуулж үзээд нэг өрхөд 3-4 гишүүн амьдардаг гэж тооцсон гэсэн үг л дээ. Гэтэл айлуудын ам бүлийн тоо харилцан адилгүй. 10 гаруй гишүүнтэй гэр бүл цөөн хүнтэй өрхийнхтэй адил хураамж төлж байна. Уг нь Хог хаягдлын тухай хуулийн 41.5 дахь заалтад “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг үүсгэж байгаа хог хаягдлын хэмжээнээс хамааруулан тооцно” гэж тусгасан ч хэрэгжүүлдэггүй аж. Мөн тус хуулийн 41.6 дахь заалтад “Айл өрхийн хэрэглээнээс үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэг иргэнээр тооцно” гэсэн ч биелүүлдэггүй.
Зарим аж ахуйн нэгж улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг буюу өвлийн, эсвэл зуны улиралд л ажилладаг учраас хог хаягдлын хураамжаа сар сараар нь төлөөд байдаггүй гэнэ. Харин зарим нь “хог хаягдлын хураамжийн төлбөрөө удахгүй төлнө” гээд хойш суудаг гэх. Тиймээс “Төлбөрөө төл” гэдэг шаардлагыг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн тавьдаг. Хэдийгээр төлбөрөө төлөөгүй байсан ч нэгэнт л хаягдлын үйлчилгээний гэрээ байгуулсан тул хог тээврийн ажил нь тасалдалгүй явдаг гэж Баянгол дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн тайлбарлав. Удаа дараа шаардлага тавиад биелүүлээгүй байгууллагууд олон. Тиймээс Үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлөө сунгуулахад нь хог хаягдлын хураамжаа заавал төл” гэж шаарддаг аж.
Уг нь дээрх хуульд аймаг, сум, дүүргийн ИТХ, Засаг дарга нар дараах эрхийг эдэлнэ гэж тусгасан. Тухайлбал, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах гэсэн заалт Хог хаягдлын тухай хуулийн 9.1.4-т бий. Уг нь олон улсын жишгээр бол айл өрхийн сарын орлогын 0.15 хувьд тэнцүүлж хог хаягдлын хураамжийг ногдуулдаг юм билээ. Ингэснээр тухайн айлын төсөвт ч дарамт учруулахгүй бөгөөд татварын хувь хэмжээ нь зардлыг нөхөхөд хангалттай гэж үздэг аж.
Иргэд хэдэн төгрөг өгдгөө ч мэддэггүй
Манай улсын хуульд иргэдийн төлсөн мөнгийг хог хаягдлын үйлчилгээний хураамжийг цуглуулах, тээвэрлэхэд болон хогийг булшлахад зарцуулна гэж заасан. Гэхдээ хог хаягдлын үйлчилгээнд төсөвлөсөн мөнгөнд ачих автомашиных нь засвар, шатахууны зардал, ажилчдын цалин, хэрэгсэл зэрэг ч багтдаг юм билээ.
Харин одоо бид зарцуулалтаас илүү хураамжийг цуглуулж буй үйл явцад анхаарах хэрэгтэй бололтой. Өмнө дурдсанчлан, орон сууцын айл бол СӨХ, гэр хорооллын өрхүүд цахилгааныхаа төлбөр дээр нэмж тушаадаг. Хэд хэдэн хүнээс СӨХ-ны мөнгөнд ямар хураамж багтдаг, үүнийг холбооныхон нь тайлбарладаг, эсэхийг тодруулахад “Энэ сар нийт тэдэн төгрөг өгөх ёстой шүү” гэж л хэлдэг” хэмээв. Бүр хог хаягдлын хураамж гэж чухам юуг хэлдгийг мэдэхгүй нэгэн ч байна. Хэд хэдэн СӨХ-ныхонтой холбогдоход “Хуучин байрнууд бол цахилгаан, цэвэр, бохир ус ашигласныхаа төлбөр дээр нэмж тушаадаг. Харин саяхан ашиглалтад оруулсан байрнуудын хувьд СӨХ нь хураадаг” гэж тайлбарлав. Уг нь Хан-Уул дүүрэгт нэг өрх сард 8000 төгрөг тушаах зохицуулалттай. Гэтэл зарим орон сууцын хороололд нэг айл 2000 төгрөг төлдөг байх жишээтэй. Үүнийгээ тэд харин ч нэмэгдээд энэ хэмээн тайлбарлаж байх юм. Харин дүүргийнх нь Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн бол нэгдсэн байдлаар айл бүр 8000 төгрөг төлдөг гэж хариулж байв.
Мөн Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2024 оны арваннэгдүгээр сарын шийдвэрээр хог хаягдлын хураамжийг өрх бүр сард 8000 төгрөг төлж байхаар гэж шийдвэрлэсэн. Гэтэл тус дүүргийн зарим өрхөд цахилгааны төлбөр дээр нь нэмээд хог хаягдлын хураамж гэх тодотголтой 2500 төгрөг авдаг аж.
Зохицуулалт хэрэгтэй байна
Хураамж бол татварын нэг хэлбэр. Тиймээс дээр дурдсан асуудлууд нь дүүргүүдийн татварын албатай холбогдоно. Дүүрэг бүрд хог хаягдлын татвар хариуцсан мэргэжилтэн байдаг. Тэд СӨХ, аж ахуйн нэгжүүдтэй холбогдох гэрээ байгуулсны үндсэн дээр хамтарч ажилладаг. СӨХ-ны хувьд тухайн орон сууцын хороололд нийт хэдэн айл амьдарч байгаатай хураамжийн төлбөрийг тулгадаг гэнэ. Мөн хог хаягдлын хураамжаа төлдөггүй айлуудад ч анхаарал хандуулдаг хэмээлээ. Харин гэр хорооллын айл өрхүүдийн төлбөр цахилгааны, хог хаягдлын гэдэг ангиллаараа дүүргийн Татварын хэлтэст цугладаг гэнэ.
Зарлага нь ийнхүү орлогоосоо даваад буй нь тогтолцоондоо анхаарах цаг болсныг илтгэх мэт. Уг нь хог хаягдлын хэмжээнээсээ хамаараад айл өрх бүр өөр өөр хэмжээний төлбөр төлөх ёстой ч үүнд нь анхаарал хандуулах хүн алга. Тухайн айл өрхийн хог хаягдлынх нь хэмжээг тооцох аргачлал ч байдаггүй гэнэ. Ингэхээр хураамжийг нь хэрхэн зохицуулж ногдуулах билээ. Тиймээс юуны түрүүнд хог хаягдлын хураамжийг яаж тооцох вэ гэдэг шийдэлд хүрэх нь чухал байна.
А.Тэмүүлэн