Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг энэ сарын 1-нээс 1000 төгрөг болгон нэмэгдүүлээд буй. Автобусаар зорчих төлбөрийг 2014 оноос хойш нэмээгүй учраас гэж албаныхан шалтгааныг нь тайлбарласан. Гэхдээ 1000 төгрөгөөр тухайн өдөр иргэд автобусаар дөрвөн удаа зорчино хэмээн мэдээлж байв. Тэгвэл уг амлалт амьдрал дээр хэрэгжихгүй байгааг иргэд шүүмжилж байна. Зарим автобусны буудал карт цэнэглэгч төхөөрөмжгүй, ихэнх автобусны буух карт уншигч нь ажиллахгүй байгааг хэлсэн.
Зорчигчид буух хэсгийн төхөөрөмжид картаа уншуулахгүй л бол дараагийн автобусанд дамжин суух боломжгүй болдог. Энэ нь ажиллахгүйгээс иргэд 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих нь битгий хэл, автобусанд суух бүрдээ мөнгө төлөх болсонд бухимдалтай байгаа юм. Харин Нийтийн тээврийн бодлогын газрынхан ирэх сарын 1-нээс хугацаатай картын үйлчилгээг зогсоож буйтай холбогдуулан иргэдийг гар утсандаа “UB card” аппликэйшн татаж, эсвэл худалдан авч нийтийн тээврээр үйлчлүүлэхийг зөвлөж буй. Уг аппликэйшний тусламжтайгаар иргэд автобусанд суухдаа урд талын төхөөрөмжид виртуал картаа уншуулснаар гурван удаа дамжин суух нөхцөл бүрдэнэ. Ингэснээр буухдаа картаа дахин уншуулах шаардлагүй болно гэсэн юм.
Ташрамд дурдахад, энэ сарын 1-нээс хойш иргэдээс автобусны буух төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол ирүүлсэн бөгөөд “Улаанбаатар смарт карт” ХХК-иас зөрчлийг арилгасан гэв. Цаашид ийм тохиолдол гарвал зорчигчдыг 7004-4040, 7015-1289 дугаарын утсанд мэдэгдэхийг зөвлөлөө.
М.Гэгээ