Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэлийн ИТХ-аар “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоолыг баталсан. Үүний хүрээнд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 000 байхаар тогтоосон юм. Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн ч авто тээврийн хэрэгслийн тоо буурах нь бүү хэл, 804 000 болж нэмэгджээ. Энэ талаар нийслэлийн Авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэвээс тодруулахад “Тээврийн хэрэгсэлд дугаар шинээр олгох үйл ажиллагааг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-наас зогсоосон. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч, Улаанбаатарт бүртгэлтэй, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4”, эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш, сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн байх гэх мэт шалгуурыг хангасан иргэдэд улсын дугаар олгохоор зохицуулсан. Одоогоор 1500 иргэн шинээр улсын дугаар авах хүсэлтээ цахимаар бүртгүүлсэн байна. Гэвч шинээр авто машины дугаар огт олгоогүй. Ашиглалтын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүдийг бүртгэлээс хассанаар дараагийн хүнд боломж нээгдэх юм. Гэхдээ авто машины тоо тогтоосон дээд хязгаараас давсан. Тиймээс дээд хязгаар тогтоосон тоо, аргачлалыг өөрчлөх шаардлага үүсээд байна” гэв.
Автомашины дугаар шинээр олгохгүй байгаатай холбоотойгоор хуучин дугаарын үнэ тэнгэрт хандаж, энэ төрлийн наймаа цэцэглэж буй. Өөрөөр хэлбэл, цахим орчинд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг 1-2 сая төгрөгөөр худалдаж авна, зарна гэсэн зар хаа сайгүй. Бүр зарим томоохон компани олноор нь худалдаж аваад “дардаг” бололтой. Тухайлбал, “Таванбогд” группийнхэн “Улаанбаатар хотын улсын дугаарыг 1.2-1.3 сая төгрөгөөр байнга худалдаж авна, дугаарлалт болон тоо ширхэг хамаарахгүй” хэмээн цахимд байршуулжээ. Автомашин худалдаж авахад улсын дугаартай, дугааргүйгээс нь шалтгаалан үнэ хаялцах болж. Хотын дарга ченжүүдийг дэмжиж, автомашины дугаарыг тараагаад өгчихсөн юм биш үү гэх хардлага иргэдийн дунд байна.
Ч.Болор