Мөсөн шагайн харвааны нийслэлийн аварга шалгаруулах сургалт-тэмцээнийг сонирхогчдын дунд өнөөдрөөс энэ сарын 22 хүртэл зохион байгуулахаар болжээ. Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл гэдэг утгаар нь эл тэмцээнийг явуулахаар шийдвэрлэснээ нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Тэмцээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 189 хорооны баг оролцох аж. Баг бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх тул нийт 378 оролцогч өрсөлдөх гэнэ. Энэхүү сургалт-тэмцээн нь мөсөн шагайн харвааг олон нийтэд таниулан сурталчлах гол зорилготой юм байна.
Тэмцээнийг дөрвөн байршилд буюу Туул, Дунд, Сэлбэ, Улиастайн голын мөсөн дээр зохион байгуулахаар болжээ. Эхний шатанд дүүрэг бүрээс хамгийн өндөр оноотой таван багийг шалгаруулна. Шилдгээр шалгарсан багууд энэ сарын 22-нд болох эцсийн шатанд өрсөлдсөнөөр нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аваргууд тодрох нь.
М.Оч