Хөшигийн хөндийд байрладаг, хотын төвөөс 52 км-ийн зайтай “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явуулсангүй гэсэн шүүмжлэл өнгөрсөн жил байсхийгээд л гардаг байв. Олон нийтийн санал, шүүмжлэлийн дагуу нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас “Чингис хаан” нисэх буудлын чиглэлд хэд хэдэн автобус явуулахаар өнгөрсөн оны хавар шийдвэрлэж байсан билээ. Гэтэл Х:19 дугаарын “Чингис хаан” олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбайн төв зогсоол, Х:20 дугаартай “Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлийн автобуснуудыг зогсоож буйгаа дээрх газраас өчигдөр мэдэгдэв. Гол шалтгаан нь нисэх буудлын чиглэлд зорчигч цөөн, ашиггүй ажиллаж буйтай холбоотой гэнэ. Харин жуулчны улирал эхлэхээр дээрх чиглэлүүдийг сэргээхээр төлөвлөсөн аж.
Үүнээс гадна Х:22 дугаарын Офицеруудын ордон-Налайх-Тэрэлж чиглэлийн автобусны үйлчилгээг өчигдрөөс зогсоожээ. Уг чиглэлд зорчдог хүний тоо цөөн, мөн Х:4 дугаарын автобусны үйлчилгээтэй давхцаж байгаа учир зогсоосон талаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлэв.
М.Оч