Хий тээвэрлэж явсан машин дэлбэрсний улмаас галд өртсөн 207 дугаар байрыг буулгах тендерийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас зарлажээ. Уг ажлыг 2.5 орчим тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэх бөгөөд төсвийг нь нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар төлөвлөсөн байна. Тендерийг ирэх сарын 14-ний 09.30 цагт нээх аж. Тухайн орон сууцыг нураах талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өмнө нь “207 дугаар байрыг нураах тендер зарлаж, ажлын 21 хоногт багтаан сонгон шалгаруулалт явуулна. Төсөвт өртөг нь 2.4 тэрбум төгрөг гэж Барилгын хөгжлийн төвөөс магадалсан. Таны орон сууц ипотекийн зээлтэй бол бид банканд энэ барилгыг 2025 он гэхэд шинээр барьж, айлуудад хүлээлгэж өгнө гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлнэ. Байрыг нураахдаа эргэн тойрны бусад барилгад сөрөг нөлөө үзүүлэхгүй. Дээд хэсгээс нь эхлүүлээд давхар бүрээр нь нураах шийдлийг гаргаж, тендерийн баримт бичгийг боловсруулсан” гэж өнгөрсөн есдүгээр сард буюу орон нутгийн ээлжит сонгуулийн өмнөхөн мэдээлж байсан билээ.
Тэгвэл өчигдөр тэрбээр “Байрыг нураах ажил нэлээд төвөгтэй. Хоёр байрны дунд барьсан учир том техникүүд авчирч, тэсэлгээний аргаар нураах боломжгүй. Тиймээс гар аргаар нураах шийдвэр гарсан. Ирэх хаврын улиралд багтаан байрыг нураана. Үүний дараа яг тухайн барилгын зураг, хэмжээгээр нь шинээр барьж, айл өрхүүдийг оруулна. Гэм буруутай нь тогтоогдсон аж ахуйн нэгжээс орон сууц нураасан, барьсан зардлуудаа нэхэмжилж, хохирлоо барагдуулна” гэж ярьжээ.
Эргэн сануулахад, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд хий тээвэрлэж явсан автомашин шатаж дэлбэрсэн осол өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Ослын улмаас 207 дугаар байр галд өртөж, 63 өрхийн 218 оршин суугч амьдрах газаргүй болсон юм. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбат “207 дугаар байр нь барилгын чанар, аюулгүй байдалд нийцэхгүй, дахин ашиглагдах боломжгүй гэсэн дүгнэлтийг барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч өнгөрсөн аравдугаар сарын 10-нд гаргасан. Үүний дараа барилгыг ашиглахыг хориглосон шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна. Дэлбэрэлтээс үүдэлтэйгээр зарим давхрын бетоны хэв гажсан. Зарим хэсэг нь галын улмаас бат бэх шинж чанараа алдсаныг тогтоолоо. Үүнтэй холбоотойгоор тухайн байранд оршин суугчдаас санал авахад 91.3 хувь нь буулгахыг дэмжсэн” гэж мэдээлж байв.
М.Оч