Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Нийтлэг үйлчилгээний газрын нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр салбарыг татан буулгаж, үйл ажиллагааг нь хувийн хэвшилд шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан байдаг. Ингэснээр хог ачих, тээвэрлэх үйлчилгээг төрийн байгууллага бус, хувийн компани хариуцахаар болсон. Тус дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр “Баянзүрх дүүргийн хэмжээнд хог ачих 58 машин бий. Жилд 38 мянган удаагийн давтамжтайгаар 103 мянга орчим тонн хогийг ачиж, тээвэрлэдэг. Хог ачигч, жолооч нийт 185 байна. 58 машины 28 нь шаардлага хангахгүй ч үйл ажиллагаагаа зогсолтгүй үргэлжлүүлсээр байгаа. Иргэд хог ачихтай холбоотой санал, гомдол өдөр бүр л ирүүлдэг. Тиймээс ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Нийтлэг үйлчилгээний газрыг татан буулгаж, хувийн хэвшилд шилжүүлэхээр боллоо. Ингэснээр төр хувийн хэвшилтэй хамтарч дүүрэг, орон нутагт тулгамдсан хогны асуудлыг шийдвэрлэх боломжтой. Мөн хог тээврийн үйл ажиллагаанд өрсөлдөөн бий болно. Цаашлаад Улаанбаатар хот хогноосоо салж чадна” гэх амлалт өгч байв. Жил орчмын хугацааны дараа нөхцөл байдлыг харвал, дээрх даргын үг бүгд худал гэдэг нь тодорхой болж байна. Уг нь бүх дүүргийн хог ачих үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлээд буй ч ахиц дэвшил тун ховор аж. Товчхондоо, иргэд хогонд умбасан нийслэлдээ аж төрсөөр л байгаа юм.
“Хог ачих машин хэзээ ирэх вэ” гэдэг нь иргэдийн дунд асуудал болсоор олон жил өнгөрчээ. Энд тэнд овоолсон хог өмхийрч, тааламжгүй үнэр тархах үзэгдэл ялангуяа захын хороодын нийтлэг төрх. Уг нь хог тээврийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлснээр төрд ирэх ачаалал багасаж, иргэд ч илүү чанартай үйлчилгээ авна гэж албаныхан ярьж байв.
Хан-Уул дүүргийн Соёлын ордон буюу олны хэлж заншсанаар 19-ийн үйлчилгээний төвийн хойно байрладаг орон сууцын таван байрны дундах хогийн сав дүүрч, хальжээ. Улмаар тухайн орчин өмхий үнэрт автчихаж. Сүүлийн хэдэн сар хог огт ачаагүй юм уу гэмээр. Үнэр нь бараг л хамар сэтлэх шахна. Эл үнэрээс зугтсан хүмүүс хажуугаар нь өнгөрөхөөс ч зайлсхийж, нэлээд холуур тойрч явах аж. Тэндхийн оршин суугч Л.Амгаланбат “Миний ажигласнаар сүүлийн нэг сар хог ачсангүй. Өмхий нь ойр орчмын айлуудад ч үнэртдэг” гэсэн юм.
Тус дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн хог хаягдлын менежмент, байгаль орчин хариуцсан мэргэжилтнээс тодруулахад “Бид тухайн хэсэг дэх аж ахуйн нэгж, айл өрхийн хогны хэмжээнээс хамааран долоо хоногт 2-3 удаа ачиж байна. Харин гэр хороололд сард хоёр удаа хог ачдаг юм. Манай дүүргийн тухайд “Хан-Уул агро”, “Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв”, “Эко хотын тээвэр”, “Хан-Уул эко тээвэр” ОНӨААТҮГ-ынхантай хамтарч ажиллаж байгаа. Бид төв, зүүн, баруун гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагдан ажилладаг. Хог тээврийн үнэ нэг сарын 2000 төгрөгийн төлбөртэй. Уг нь 19-ийн үйлчилгээний төв орчмын хогийг 14 хоногийн өмнө хог ачсан. Саяхан хог ачих машин очсон юм. Гэтэл хогны машин ордог хэсгийг хаагаад нэгэн иргэн машинаа байрлуулчихсан. Тиймээс л бид орж чадахгүй байна. Бид дугаар луу нь хэд хэдэн удаа залгаж холдуулах гэж оролдсон. Эзэн нь хөдөө явсан, ирэх болоогүй гэдэг” гэв.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ийм дүр зурагтай угтсан бол Чингэлтэйнх харин эсрэгээрээ байв. Эл дүүргийн газар нутгийн ихэнх нь хотын төв хэсэгт хамаардаг. Тиймээс хороо бүрд нь хог ачих машин өдөр болгон ирдэг гэнэ. Тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцуудын зарим нь орцондоо хогийн бункертэй аж. Орцондоо хогийн бункергүй байрны оршин суугчид ойр байрлах саванд хогоо гаргаж хаядаг гэнэ. Тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр буюу олны хэлж заншсанаар Улсын их дэлгүүрийн зүүн талын орон сууцуудын хогийг ачихтай таарлаа. Оройн 20.00 цаг болсон учир тэд үүрэгт ажлаа гүйцэтгэчхээд чимээгүйхэн буцна. Бас хог ачдаг автомат машинтай болсон учраас ажилтнуудынх ачаалал харьцангуй багассан гэв.
Харин Сонгинохайрхан дүүрэгт хогны машин ирэх давтамж нь харьцангуй цөөн юм байна. Нийслэлийн төв хэсэг биш болохоор ч тэр юм уу, долоо хоногт ихдээ нэг удаа л хогоо ачуулдгийг иргэд онцолсон. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо буюу 32 дугаар байрны урдах хогийн сав хэдийн хогийн цэг болжээ. Учир нь энэ хавийн хогийг долоо хоногийн даваа гарагт л ачдаг гэнэ. Үлдсэн өдрүүдэд нь иргэдийн гаргаж тавьсан хогийг байрны үйлчилгээний ажилтнууд цуглуулж, эл цэгт авчирдаг аж. Тус байрны оршин суугчид “Зургаан байр дундаа ганцхан том хогийн савтай. Уг нь ангилж хаях заавартай хогийн сав бий. Гэхдээ хүмүүс тэр бүр ангилахгүй. Тэр битгий хэл, хогийн саванд хийх бус, хажуугаар нь чулуудчихдаг. Гадуурх хаягдлыг нь золбин нохой, муур идэж байгаа харагддаг. Улмаар хур хог үүсэж, ачилтын машин ирэх хүртэл илжирдэг гэнэ. Дулааны улиралд бүр хэцүү, ойр хавийн айлууд цонхоо онгойлгох ч аргагүй болдог. Одоо хүйтний улирал эхэлсэн болохоор харьцангуй гайгүй байна” гэсэн юм.
Нийслэлийн Хот тохижилтын газрынхнаас энэ талаар лавлахад “Хог тээврийн үйлчилгээ хэвийн байгаа. Дүүрэг бүр өөр өөрийн гаргасан хуваариар хогоо ачих асуудлаа зохицуулдаг. Мөн хороодод ч гэсэн өөр өөр хуваариар хог ачдаг. Тухайн дүүрэг, хорооны хүн амын тооноос шалтгаалан өөр өөр байж болно шүү дээ. Одоогоор есөн дүүргийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагын 118 машинд автоматаар ачих төхөөрөмж суурилуулсан. Ингэхдээ зориулалтын 450 литрийн багтаамжтай, 1650 ширхэг хогийн савыг өдөр тутам хог хаягдал үүсдэг орон сууц, гэр хорооллын дундах гудамж талбайд байршуулж буй. Нийслэлийн иргэд хоногт дунджаар 100 гаруй тонн хог хаягдал гаргадаг. Энэ хогийг дүүрэг бүрийн хот тохижилт хариуцсан байгууллагууд 200 гаруй машинаар ачдаг” гэх хариулт өглөө.
Үүний дараа Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Элизабет” хотхоны хог хаях цэгт очив. Орон сууцын барилгаасаа холгүйхэн, ойролцоогоор 150 орчим метрийн цаана хог хаях цэг бий болгожээ. Хуучирч муудсан чингэлгийн ханыг цоолон, хоёр жижигхэн нүх гаргасан байв. Эл нүхээр уг нь оршин суугчид хогоо хаях ёстой. Гэтэл урт нь 40, өргөн нь 30 орчим сантиметрийн хэмжээтэй ийм жижигхэн нүхээр хэн ч хогоо “чихдэггүй” юм байна. Залхуурсан хүмүүс зүглүүлээд л хогоо шидчих нь элбэг аж. Гэтэл энэ хэсэгт хогийн машин маш цөөн ирдэг. Тиймээс ихэнхдээ хог нь өмхийрч, таагүй үнэр тархдагийг оршин суугчид нь хэлсэн.
Баянзүрх дүүргийн “Сэргэлэн” СӨХ-ныхон цахим хуудсандаа “Хог тээвэрлэдэг компани энэ удаа бас л дутуу ачсан. Тэд хогоо аччихаад савных нь хаалтыг хаадаггүй, задгай орхичихдог. Манай СӨХ хогны 2000 төгрөгөөс огт авдаггүй хэрнээ нэмэлт зардал их гаргадаг. Янзалж бэлтгэсэн хашааг ухарч орж ирэхдээ машинаараа мөргөөд эвдэлчихдэг. СӨХ-ны төлбөртэй хамт хогны мөнгө хураадаг учраас тал хувь нь мөнгөө өгдөггүй. Тиймээс хуримтлалаасаа 300 000 төгрөг нэмж төлж ачуулдаг. Энэ удаад ч бас нэхэл дагуул болж байж ачууллаа. Үүнийг хаана хаанаа л анхаармаар байна” хэмээн бухимдлаа илэрхийлжээ. Энэ талаар тус байгууллагынхнаас тодруулахад “Энэ хэсэгт 210 орчим айл оршин суудаг. Байрнуудын дундах хогийн цэг амархан дүүрчихдэг. Уг нь сард 16 удаа ачих ёстой. Гэтэл гуйлгаж, дуудуулж байж л тоотой хэдхэн удаа ачдаг. Өнгөрсөн бямба гарагт ачих ёстой байсан. Гэвч дахиад л ирээгүй. Ер хог тээврийн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлснээс хойш бүр л назгайрах болсон. Тохижилт үйлчилгээг улсын байгууллага хариуцаж байхад арай ч ийм дээ тулж байсангүй” гэлээ.
У.Цэцэгсүрэн