Цоохор ирвэс малчдын гэр, хотонд халдах тохиолдол сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ирвэс хамгаалах сан хамтран Булган, Ханхонгор, Хүрмэн сумын малчдын дунд уулзалт, хэлэлцүүлэг үе шаттай зохион байгуулж байна. Өвөлжөө, хаваржаа, бэлчээр нутаг, гэр, хотонд ойр газарт ирвэс ирсэн тохиолдолд үргээж цочоохгүй, анхаарлыг нь татахгүй, машин, мотоциклоор элдэж хөөхгүй байхыг байгаль орчны мэргэжилтнүүд малчдад зөвлөлөө.
Мөн энэ амьтныг гэмтээх, хөнөөхийг урьтал болгохгүй байхыг анхааруулав. Зэрлэг амьтадтай зэрэгцэн амьдрах, дасан зохицох нь чухал гэдгийг орон нутгийн иргэдэд ойлгуулахыг зорьжээ. Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан 2008 оноос хойш нийт 37 ирвэст сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг нь тандаж буйгаа энэ үеэр мэдээлсэн байна.
Н.МИШЭЭЛ