Ханс Кристиан Андерсены мэндэлсэн дөрөвдүгээр сарын 2-ныг “Дэлхийн хүүхдийн номын өдөр” болгон жил бүр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Хүүхдийг багаас нь “номд хорхойтой” нэгэн болгож өсгөн хүмүүжүүлэх үүднээс энэ өдөр дэлхий даяар төрөл бүрийн номын үзэсгэлэн, хямдралтай худалдаа, жүжигчилсэн тоглолт, уншигч-зохиолчийн уулзалт, уншлагын арга хэмжээ зохион байгуулдаг бол манайд тэгсэнгүй.
“Интер ном”, “Азхур” зэрэг тогтсон соёл, маркетингтай номын дэлгүүрүүд харин өөр өөрсдийн хүрээнд арга хэмжээ зохиосон байна лээ. Нийтийн номын сангууд бүр ажин түжин. Монгол Улсын Үндэсний номын сангийн тэр олон давхар байшингийн хаа нэгтээ Хүүхдийн номын өдөрт зориулсан ганц арга хэмжээ болоогүй нь гунигтай. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сангийнхан адаглаад их зохиолчийнхоо хүүхэд, залууст зориулсан олон сайхан бүтээл туурвилаас дээжилсэн уншлага, жүжигчилсэн тоглолт, бүтээлийн үзэсгэлэн гээд юу эсийг зохиож болох билээ. Тэгсэнгүй. Хүүхдийн номын ордон гэж байгууллага дүлий дүмбэ оргиод таг. Горькийн нэрэмжит номын сангийнхан ядаж энэ өдрийн тухай постер оруулж, уншигч хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлжээ.
Уг нь өдийд сурагчдын “Бие даалтын долоо хоног” үргэлжилж буй тул цаг завтай үе билээ. Хэрэв манай номын сангууд жаахан идэвх санаачилгатай байсан бол ерөнхий боловсролын сургуулиуд, анги хамт олонтой эртнээс ярьж төлөвлөөд Хүүхдийн номын өдрөөр олон талт арга хэмжээ зохион байгуулж болох байв. Хүүхдийг номд дуртай болгох, сурагчдад унших Номын өдрөөр номын сангууд эзгүй НИЙГЭМ чадвар эзэмшүүлэх гэдэг бол төрөл бүрийн үйл ажиллагааг тогтмол, бүх талын оролцоотойгоор хийдэг цогц ажил. Ялангуяа энэ мэт сэдэлжүүлэх чухал өдрийг мартаж санах учиргүй юм. Хоёрхон жилийн өмнө PISA-гийн олон улсын тандалтын үнэлгээгээр 15 настай монгол хүүхдүүдийн 64 хувь нь “Унших чадвар эзэмшээгүй” гэсэн үнэлгээ авч, олныг гайхшируулсан.
Манай хүүхдүүд уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх, эргэцүүлж бичих, дүгнэлт хийх ур чадварын тал дээр олон улсын дунджаас тав, ази сурагчдаас 2.5 жилээр хоцорч яваа тухай мэдээ чих халууцуулаад өнгөрснөөс бус хаана хаанаа анхаарах ёстой сэрэмж, сургамж болж үлдээгүй бололтой. Уншиж ойлгох, эргэцүүлэн дүгнэх чадвараар гурван хүүхэд тутмын хоёр нь суурь түвшиндээ ч хүрэхгүй байгаа гэдэг чинь зөв¬хөн багш, сурагчдын буруу гэсэн үг биш шүү дээ.
Манай эцэг эхчүүд өөрсдөө, ерөөс нийт нийгмээрээ уншиж, ойлгож, эргэцүүлж, тунгааж дадаагүйн хар гай. Тиймээс монгол хүүхдүүдийг унших чадвар эзэмшүүлэх нь ном, зохиол, бичиг соёл, боловсрол, соён гэгээрэл, хэвлэн нийтлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг бүх шатны төрийн байгууллагаас гадна бүхий л албан газар, айл өрх, хувь хүнээс шалтгаалах үйл хэрэг юм. Нийтийн номын сангууд ялангуяа энэ тал дээр илүү шинэлэг, бүтээлч хандаж, орчин үеийн чиг хандагад тулгуурласан соргог шийдэл, санал санаачилгуудыг эрэлхийлж хэрэгжүүлэх ёстой. “Энэ үеийн хүүхдүүд угаасаа номд дургүй юм чинь” гээд орхиж хэрхэвч болохгүй.
Багш, эцэг эхчүүд нь ч ном шагайдаггүй “нойлын ногоон” ирээдүйгээ хүлээн зөвшөөрөөд “Аа, яадаг юм. Манай хүүхэд номтой, номгүй болно” хэмээн өөгшүүлбэл бид орших уу, эс орших уу л болно.
Л.Аргамжин